Хуучирсан мэдээ: 2013.05.15-нд нийтлэгдсэн

Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотын өв соёлын том фестивалийн үеэр болсон хачирхалтай явдал одоо ч дуулиантай хэвээр байна. Энэ явдал өнгөрсөн сарын сүүлээр болсон бөгөөд тус улсын шашны цагдаа нар Омар Боркан аль Гала гэгч жүжигчин, яруу найрагч эрийг хэтэрхий царайлгаас нь болж  “аюултай этгээд” хэмээн тус улсаас хөөсөн юм. Шалтгаан нь лалын шашны хатуу хууль цаазтай тус улсын цагдаа нар жүжигчин эрийн галтай нүд, зургаан толгойт булчин хүүхнүүдийн толгойг эргүүлж, эмх замбараагүй байдал үүсгэнэ гэж үзсэнтэй холбоотой гэнэ.

Саудын Араб нь гэр бүлээс гадуурх харилцааг хатуу хориглосон хууль цаазтай орон. Ёс зүй, Сахилга батын комисс хэмээх байгууллага үүнд хяналт тавьдаг байна. Фестивалийн үеэр Омар Боркан аль Галагаас гадна өөр хоёр этгээд хэтэрхий царайлгаасаа болж тус улсаас хөөгджээ.

Арабын “Elaph” сонинд энэ явдлын талаар “Ёс зүй, сахилга батын комисс гурван эмират эрийг тус улсаас хөөсөн бөгөөд фестивальд оролцогч эмэгтэйчүүдийн толгойг эргүүлж, дэг журам зөрчиж улмаар нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэж  болзошгүй гэж үзсэн талаар фестивалийн зохион байгуулагч мэдээллээ” гэжээ. Дээрх сонинд мэдээлснээр гурван аюултай этгээдийг Эмират руу нь буцаасан аж.

Харин энэ явдлын дараа Омар Боркан аль Гала өөрийн Фэйсбүүк хуудсанд дээрх мэдээллийн линкийг тавьсан байна. Тэрбээр мөн өөрийн хуудсандаа “Эмэгтэй хүний гоо сайхныг нүднээс нь харж болно. Хүний нүд бол зүрхэнд нь нэвтрэх үүд” хэмээн бичжээ.

Арабын Нэгдсэн Эмират энэ явдлын дараа албан ёсны мэдэгдэл гаргаж, “Өв соёлын фестивалийн үеэр хөтөлбөрт нэр нь огт байхгүй, үл таних бүжигчин эмэгтэйчүүд асар дээр гарч ирж сандаргасан тул дээрх арга хэмжээг авсан” гэжээ.

Гэвч энэ явдал Омар Боркан аль Галагийн хувьд сохорсон биш завшив гэгч болсон бөгөөд тэрбээр Филиппинийн нэгэн телевизэд өгсөн ярилцлагадаа  "Эхний өдөр замд таарсан хоёр хятад хүн намайг хараад надтай хамт зургаа татуулахыг хүссэн. Надад сайхан санагдсан. Түүнээс хойш гудамж, дэлгүүр, олон нийтийн газраар явж байхад олон хүмүүс намайг таньж, миний тухай ярилцаж байгааг би анзаарах болсон. Олон хүн надтай зургаа авахуулахыг хүсдэг. Үнэнийг хэлэхэд надад энэ бүхэн таалагдаж байна” хэмээн тэрбээр ярьсан байна.

25 настай, царайлаг залуу хувийн амьдралынхаа талаар яриагүй ч өөрийгөө ганц бие гэж ам алдсан аж.

Тэрбээр  "Намайг хайрладагт нь бүх бүх хүнийг хайрладаг. Надад хайртай хүмүүст би бас хайртай гэж хэлмээр байна. Би амьдралд аливаа зүйлийг тайвнаар хүлээн авдаг. Харин муу муухай зүйлийг зөвшөөрөхгүй. Би үргэлж сайхан харагдахыг хичээнэ. Үргэлж инээмсэглэж явах болно. Инээмсэглэл хэнийг ч гомдоохгүй шүү дээ” гэсэн юм.

Харин хэдхэн хоногийн өмнө Омар Боркан аль Гала 790 мянган шүтэн бишрэгчтэй албан ёсны фэйсбүүк хуудас нь хачирхалтайгаар устсан гэж мэдээлж дахин шуугиан тарьсан юм. Шүтэн бишрэгчид нь ч түүний галтай нүдээр цоо ширтсэн, сэтгэл татам зургуудыг үзэх гээд албан ёсны хуудсыг нь хайгаад олохгүй сандарцгаасан аж. Гэвч Фэйсбүүк түүний албан ёсны хуудсыг өнгөрсөн пүрэв гаригт өөрийнх нь хүсэлтээр сэргээж эхэлсэн бөгөөд баасан гаригаас царайлаг залуу маань фэйсбүүкт эргэн ирсэн байна. Омар пүрэв гаригт өөрийн хуудсанд “Фэйсбүүк миний хуудсыг сэргээхээр ажиллаж байна. Та бүхний дэмжлэгт талархлаа илэрхийлмээр байна. Асуудал удахгүй шийдэгдэнэ гэж найдаж байна” гэжээ. Түүний 2008 онд нээсэн албан ёсны фэйсбүүк хуудас яагаад хаагдсан нь ойлгомжгүй байгаа ч шүтэн бишрэгч бүсгүйчүүдэд түүнийг хайрлахад энэ нь огт саад болоогүй юм.

Омар Боркан аль Гала хэмээх албан ёсны хуудас баасан гаригт дахин нээгдэж, царайлаг эр инээмсэглэсэн зургаа нийтлэсэн даруйд 2000 гаруй коммент ирж, 53,000 гаруй хүн like дарсан байна. Энэ хугацаанд түүний албан ёсны хуудас 827 мянган like-тай болж амжжээ.

Н.ЭНХТУЯА
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №011

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж