Нүүрсний олборлолтоо сая 500 мянган тоннд хүргэнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Нүүрсний олборлолтоо сая 500 мянган тоннд хүргэнэ

Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсч, хөрөнгийн бирж байгуулагдсаны 20 жилийн ойгоор Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 336 хувьцаат компаниас “Шарын гол” ХК-ийн хамт олон “Мэдээллийн ил тод байдлыг эрхэмлэгч хувьцаат компани”-иар шалгарсан. Улмаар Хөрөнгийн биржээс арав дахь удаагаа зохион байгуулж буй “ТОП-10” аж ахуйн нэгжийн нэгээр ес дэх жилдээ шалгарсан тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Батмөнхтэй ярилцлаа.

Компанийхаа үйл ажил­лагааны талаар танил­цуу­лахгүй юу. Жилд хич­нээн тонн нүүрс олбор­лож байна вэ?

-Монгол Улсын хамгийн анхны нүүрсний ил уурхай. Манай компани 1965 оноос үйл ажиллагаа явуулж эхэл­сэн. Жилдээ хоёр сая тонн нүүрс олборлож, Улаанбаатар, тө­вийн районыг бүхэлд нь хан­гадаг байсан. Багануур ашиг­лалтад орсны дараахан Улаан­баатарт нийлүүлэх манай нүүрсний хэмжээ ба­гас­сан. Шивээ-Овоо нээгдсэ­нээс хойш манай компани Дар­хан, Эрдэнэт, Сэлэнгэ гээд зөвхөн хойд талынхаа бүсийг хангаж байна. 2003 онд төрийн мэдлийн хувьцаат компани болсноо олон улсын нээлттэй уралдаант шалга­руулалтаар зарласан. Одоо 900 гаруй хувьцаа эзэмшигч­тэй, томоохон багц эзэмшиж буй гадны санхүүгийн хөрөнгө оруулагч, мэргэжлийн чиглэ­лийн уул уурхайн компаниуд бий. Жилдээ 500 мянган тонн нүүрс олборлож байна.

-Тодорхой хувийг нь экспортод гаргана биз?

-Одоогоос 4, 5 жилийн өмнө нүүрс бага хэмжээгээр экспортлож байсан. Төмөр замын тээврийн ачааллаа даахгүй байгаагаас хамаарч нүүрс экспортлолоо зогсоосон гэж хэлэхэд болно.

-Манай улс нүүрс экс­порт­лолтоо нэмэгдүүл­нэ гэж ярьж байна. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Ерөнхийдөө говийн районд, хил давсан ордууд л нүүрс экспортлож байна. Угаа­саа Монголын төмөр замууд ачааллаа дийлэхгүй байгаа. Ялангуяа сүүлийн хоёр жилд Болд төмөр Ерөө голоос наа­шаагаа хүдэр явчихаар төмөр замын хүчин чадал муутай, тодорхой ши­нэч­лэл хийж чадаагүй, цөөхөн чингэлэгтэй учраас ачааллаа даахгүй бай­гаа юм. Манай хувьд 80 хувь нь төрийн өмч давам­гайл­сан тө­рийн мэд­лийн хувь­цаат ком­пани байж байгаад 2003 онд хувьч­лагдан, цэвэр ху­вийн компани болсон. Тэр ца­гаас хойш би ТУЗ-ийн ги­шүүн, ТУЗ-ийн дар­га хийж бай­на. Ер нь манайх хөрсний хоц­рог­долд орчих­сон. Далаад оны сүүл, 80-аад оны эхэн үед зөв­хөн манайх дангаараа нүүрс­ний хэрэглээ хангадаг, ул­сын уурхай байсан утгаа­раа хөрс хуулалт нь хоцрогд­сон.

-Хөрс хуулалтын хоцрогдол гэж юуг хэлээд байна вэ?

-Уурхайг энэ аяга шиг доош нь хонхойлоод ухаж байна л даа. (ши­рээн дээрх аягыг заав.сурв) Тодорхой хөрс хуулаад, нүүрсээ хагалж бутал­на. Өөрөөр хэлбэл, 5м3 хөрс хуулаад, 1м3 нүүрс аваад явбал уурхай дэлгэрсэн маягтай болно. Хөрсөө хуулахгүйгээр нүүрсээ ухаад байхаар энэ аяга шиг л болж байгаа байхгүй юу. Уг нь түүний оронд энэ үнсний сав шиг хөрс нь жигд явж байх ёстой. Тэгж байж хөрс, технологийн хүндрэлд орохгүй. Харамсалтай нь 70-аад оны сүүл, 80-аад оны эхээр улс гал алдах гээд байна гэдэг утгаар зөвхөн нүүрс рүүгээ дайрснаас ийм байдалд хүр­сэн. Одоо манайх 30-аад сая метр хөрс хуулалтын хоцрогдолтой.

-Уурхайн нийт талбайн хэмжээ хэд вэ?

-1800-гаад га.

-2003 он, тухайлбал Шарын го­лын нүүрсний уурхай хувьд шилжих үед хууль эрх зүйн орчин хэр хангалттай бүрдсэн байсан бэ?

-Хууль эрх зүйн орчны хувьд нэг их яриад байх юмгүй. Харин манай уурхайн хувьд гол ярьдаг асуудал нүүрсний үнийн асуудал байдаг. Цахилгаан эрчим хүчний үнийг тодорхой улс төрийн асуудлаас үүдэн хязгаарласнаас болоод нүүрсний уурхай, цахилгаан станц, дамжуулах сүлжээнүүд бүгд алдагдалтай ажил­лаж байгаа. Алдагдалтай ажилла­хаар тоног төхөөрөмжөө шинэчлэх, цалин хөлсөө нэмэх зэрэг маш олон асуу­дал хүндрэлд ордог. Ийм байд­лаар алдагдалтай ажиллаад байвал цаашид аль нь ч хаалгаа барихад хүрнэ. Нүүрсээр ч хангаж чадахгүй, уурхай нь ч ажиллаж чадахгүй болно. Аливаа аж ахуйн нэгж ашигтай, ядаж үйлдвэрлэл явуулах хэмжээний байж байж үйл ажиллагаагаа жигд явуул­даг. Уурхайн үйл ажиллагаа 2003 оноос өмнө доголдчихсон байсан.

-Энэ уурхайг өнөөдрийн төв­шинд хүргэхийн тулд та бүхэн чамгүй ажил хийж амжуулсан болов уу?

-Бид 2003 оноос хувьд авч, уурхай ямархуу байдалтай байна вэ, хэрхэн өөд татах вэ гэсэн олон төрлийн судал­гаа шинжилгээ, шийдлийн асуу­дал хийж ажиллаж ирсэн. Тэр байту­гай бид, гүнийн нэвтрэлт хийх туршил­тууд ч хийж байсан. Хоёрдугаарт, нүүрсээ илүү үнэтэй зарахын тулд чанаржуулах, хагас боловсруулсан бүтээгдэхүүн болгох чиглэлүүдээр  судалгааны ажлууд нилээд хийсэн. Сүүлийн гурван жилийн хугацаанд нилээн дорвитой арга хэмжээнүүд авч явууллаа. “Шарын гол”-ын уурхай Монгол Улсын уул уурхайн салбарын тэргүүлэх, нэр хүндтэй уурхайн нэг. Үндсэндээ уламжлалт маягийн уурхайг орчин үеийн уул уурхайн компани болгон хувиргах чиглэлийн ажлуудыг бид шат дараалалтай хийгээд явж байна.

-“Шарын гол” төрийн өмчит компанийг хувьчилж авахад байдал ямар байв?

-Манайх уламжлалт компанийн тод жишээ. Нүүрсээ нийлүүлнэ, дээр нь тоног төхөөрөмж, техник, хөрс хуулалтын хоцрогдолд орчихсон, ажилчдынхаа цалинг нэмж чадахаа больсон, дампуурах тийшээ хандсан компани байсныг улс орон даяар, салбарынхан бүгд мэдэж байгаа.

-Одоо техник шинэчлэлийн асуудалд хэр анхаарал хан­дуулж байна вэ?

-Бид эхний ээлжинд компаниа орчин үеийн болгох бизнес багц төлөвлөгөө боловсруулсан юм. Багц төлөвлөгөөнд нэгд, хэдий хэмжээний нөөцтэй вэ гэдэг асуудлыг тодорхой­лох орсон. Улсын компаниас үлдээсэн тайлан, тооцоо, нөөцийн үлдэгдэл гэж олон юм бий. Тэр тооцооноос харахад нөөц нэлээн бага юм шиг харагдаж байсан. Бидний нүдэн баримжаа, таамаглалаар арай их нөөцтэй юм шиг санагдаад. Тиймээс эхний ээл­жинд яг хэдэн тонны нөөц бидэнд бай­на вэ гэдгийг хайгуулын үйл ажилла­гаагаар гаргасан. Ингэхдээ бид олон улсын хөндлөнгийн эксперт “Micro­mine” “Triton coal” зэрэг зөвлөх ком­па­ниудыг аваад, Jorc стандартаар хай­гуул хийж, нийтдээ 17900 тууш метр өрөмдлөгийн ажлыг өөрийн тал­бай дээр явуулж, тайлангаа гаргасан.

-Хэчнээн тонны нөөцтэй гарсан бэ?

-Тайлангийн хүрээнд манай “Шарын гол” ХК-ийн эзэмшиж буй талбай дээр 376 сая тонн нүүрсний нөөц байна гэсэн тооцоо гарсан. Ингээд бид нөөцийн талаар баттай ойлголттой болсон. Хайгуулын эхний шатны үйл ажиллагаа 1958 онд эхэл­сэн учраас тэр үеийн хайгуулын тех­нологи, ашиглаж байсан өрөмдлөгийн машин техник нэлээн асуудалтай, алдаа оноо их байсан байх магад­лалтай. Хоёрдугаарт, бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Эрнест янг” гэж аудитын компаниар санхүү­гийнхээ бүх тайлагналыг хийлгэсэн. Хө­рөн­гийн биржийн компани тайлаг­налаа нэр хүндтэй, хүлээн зөвшөө­рөгдөхүйц компаниар хийлгэхгүй бол болохгүй.

-Яагаад?

-Нийт хувьцаа эзэмшигчийн эрх ашгийн асуудал учраас ийм чиглэ­лийн үйл ажиллагаа явуулсан. Мөн компанийн засаглалыг сайжруулах томоохон хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд компанийн удирдлага, төлөөлөн удирдах зөвлөл, менеж­мент болон шийдвэр гаргах түвшнүүд хоо­рондын хамтын ажиллагааг сайжруулж ажилласан. Дараагийн гол ажил бол, манайх хөрөнгийн бир­жийн, уул уурхайн компани учраас мэ­дээл­лийн ил тод байдлыг нээлттэй бол­гоё, энэ чиглэлээр дорвитой ажил хийе гэсэн зорилт тавиад, өдөр тутам, сар, жил, улирлын мэдээллүүд, тай­лан, тэнцэл ТУЗ, менежментийн хур­лууд зэрэгтэй холбоотой мэдээллийг ил тод, нээлттэй мэдээлж, бас шүүмжлэлтэй хандахаар томоохон өөрчлөлтүүдийг хийсэн.

-Үр дүн гарсан уу?

-Бид өнгөрсөн жил хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөний 20 жилийн ойгоор мэдээллийн ил тод байдлыг хангасан, ил тод байдлыг эрхэмлэгч байгуул­лага гэсэн шагнал авсан. Манай одоогийн байгаа ил уурхай технологи болон нүүрс олборлоход өндөр зардал гарахаар байдалд орчихсон байгаа. Бид нөөц дээрээ суурилаад, хөрсний тогтоцоос үүдэн шинээр ил уурхай байгуулахаар болсон. Түүний дагуу Уул уурхайн хүрээлэн, мэргэж­лийн байгууллагуудтай хамтраад манай захиалгын дагуу “Шарын гол”-ын уурхайд шинэ ил уурхай нээх техник, эдийн засгийн үндэслэл дээр ажиллаж байна. Бидний төсөөллөөр бүх ажил цаг хугацаандаа багтвал наймдугаар сард хөрсөө хуулаад намар нээх санаатай байгаа.

-Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Олборлолтын хэмжээгээ нэлээд нэмэгдүүлж, сая 500 мянган тоннд хүргэе гэсэн бодолтой байгаа. Үүний шалт­гаан нь нэгд, манай хойд хөр­шийн цахилгаан эрчим хүчний хэрэг­лээ, үйлдвэрлэл ойрын таван жилд хоёр дахин нэмэгдэх шинжтэй. Стан­цууд нь өргөтгөлөө хийгээд эхэлчих­сэн. Дээр нь Дархан, Эрдэнэт, бусад районы нүүрсний хэрэглээ нэлээн нэмэгдсэн учраас олборлолтоо нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Мөн тодорхой хэмжээгээр Хятад, Орос руу экспортлох төлөвлө­гөөтэй. Тиймээс бид нүүрсээ бая­жуулж, угааж экспортод гаргая гэсэн зо­рилт тавьж, түүнийхээ дагуу бая­жуу­лах, угаах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг мэргэж­лийн байгууллагаар хийлгэж байна.

-Ажилчдаа мэргэшүүлэх, дадлагажуулах асуудалд анхаарал хандуулж чадаж байна уу?

-Хөдөлмөр аюулгүй ажиллагаа, давтан сургах, давхар мэргэжил эзэмшүүлэх, мэргэжлийн зэргийг нь сайжруулах чиглэлээр нэлээн үйл ажиллагаа зохион байгуулж, ур чадвартай хамт олон бий болгох тал дээр анхаарч ажиллаж байна. Манайх угаасаа сайн “кадрууд”-тай уурхай л даа. Монгол Улсын анхны Ерөнхий­лөгч Д.Очирбат гуай хэлсэн байдаг. “Шарын гол”-ын уурхай Монгол Улсын уул уурхайн анхны боловсон хүчнүү­дийг бэлтгэсэн бааз суурь байсан” гэж. Одоо ч тийм хэвээр байгаа. 2013 оноос эрчим хүчний үнийг чөлөөлөх УИХ, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Засгийн газрын хамтарсан шийд­вэр гарсанд их баярлаж байна. Энэ нь төвийн эрчим хүчний  нүүрс нийлүүлж байгаа уурхайдын хувьд ач холбогдолтой алхам болно.

-Тухайлбал?

-Ганцхан манай л  нүүрсний үнийн асуудал үнэ хямд болоод байгаа юм биш. Багануур, Шивээ-Овоо гэсэн үндсэн гурван уурхай нилээн хүнд асуудалтай байна. Улсынх болохоор дараад чимээгүй байлгаад байдаг шиг байгаа юм. Манайх бол хувийн ком­пани, мэдээж юу гэж алдагдал хүлээгээд сууж байхыг хүсэх вэ дээ. Гэсэн хэдий ч бид өөрсдийн өмнөх нийгмийн хариуцлагыг ухамсарлаж өнгөрсөн 8 жилд алдагдалтай үнээр нүүрсээ станцуудад нийлүүлсээр ирсэн. Энэ талаар яам, Засгийн газар сайн мэдэж байгаа. Хэрвээ нийгмийн хариуцлагатай компани байна уу гэвэл манайх л байна гэж би боддог. Өнгөрсөн найман жилийн хугацаанд бид эрчим хүчний зохицуулагдсан үнээс болж маш их хэмжээний алдагдал хүлээсэн.

-Өнөөдөр “Шарын гол”-ын нүүрсний уурхайд хичнээн ажилтан ажиллаж байна вэ?

-Нийтдээ 530 хүний бүртгэлтэй. Манайх өвөлдөө бүтэн ээлжийн, зунд хагас ээлжийн ажиллагаатай.

-Аюулгүй байдлыг хангаж ажиллахад хэрхэн анхаарал хандуулав?

-Бид аюулгүй ажиллагааны та­лаар нэлээн хатуу бодлого баримтлан ажиллаж байна. Ялангуяа ил уурхайд осол эндэгдэл байж болохгүй гэдэг асуудлаар ханддаг. Үүнтэй холбог­дуулан хувцас хэрэглэлээр хангах, дав­тан сургалтууд хийхээс гадна хө­дөл­мөр хамгааллын алба байгуулж, хяналт тавих, өдөр тутмын сургал­туудаас авахуулаад аюулгүй ажилла­гааны хувьд сүүлийн хоёр жилийн турш нэлээн дэвшилд хүрсэн гэж дүгнэж байна.

-Төр засгийн зүгээс нүүрсний уурхайнуудын хувьд ямар асуу­далд анхаарал хандуулаа­сай гэж хүсч явдаг вэ? 

-Би зөвхөн өөрийн уурхайд зориулж ярьж байгаа юм биш. Ер нь эрчим хүчний үнийг чөлөөлөх нь зөв. Одоо тотацийн систем гэж ярьж байгаа. Тотациа хаана өгөх вэ гэдэг асуудлыг ярих хэрэгтэй. Эрчим хүчний систем өнөөдөр нэг худалдан авагчтай загвараар яваа. Тэгэхээр хаанаа тотациа өгөх вэ гэдгээ бодлогын хувьд сайн тодорхойлж явах ёстой гэж боддог. Уурхайн хувьд хэрвээ нүүрсний үнээ чөлөөлөхгүй бол бид хөдлөхгүй. Бидэнд тийм эрх бий. Гэхдээ бид улсын эдийн засгийн гол хоёр бүс Дархан, Эрдэнэтийн галыг таслаад суухыг хүсэхгүй. Дээр нь дотоодын уул уурхайн компаниу­даа татварын хувьд дэмжлэг үзүүлээд гэх нь хаашаа юм, ер нь илүү төвшинд авч үзэж, бодлогоор дэмжих хэрэгтэй.

-Ямар хэлбэрээр дэмжих вэ?

-Манай улсад үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын ихэнх гадны хөрөнгө оруулалттай байна шүү дээ. Тэдний гараа бидний­хээс өөр. Гадны хөрөнгө оруулалттай компани цалин мөнгө, мэргэжилтэй боловсон хүчин сайтай, ар нь их том байна. Бидний хувьд байгаа юм байгаагаараа. Ерөнхийдөө том хүн, хүүхэд хоёрыг уралдуулаад байгаа асуудал энэ салбар дээр харагдаж байна. Хөрөнгө оруулалтын орчин нөх­цөл нь хүндэрвэл гадны компа­ниуд гараад явчихна. Энэ улсад Монголын компаниуд л үлдэнэ. Мэ­дээж би гадны компани үйл ажилла­гаа явуулахыг хориглосон, хязгаарлах зүйл яриагүй. Аль болохоор харж үзэн, учиргүй мундаг ялгавартай биш юм гэхэд арай илүү төвшинд дэмжиж, томруулах, бэхжүүлэх чиглэлийн үйл ажиллагаа явуулж гэмээнэ дотоодын компаниуд үлдэж ажлаа хийнэ. Мон­гол хүн аливааг сурахдаа амархан. Ийм л юм хэлмээр санагддаг юм.

-Бодлогын төвшинд дэмжинэ гэхээр…

-Өөрөөр хэлбэл оочер байхад манайх түрүүлж ордог байх хэрэгтэй гэж боддог. Ийм л байх ёстой. Аль ч улсад үндэсний компаниудаа л дэмжинэ үү гэхээс биш гадны компа­ниудаа хөгжүүлдэг улс орон байхыг үзээгүй. Бүгд ашиг хөөж байгаа. Дотоодын компаниуд сайн, муу олон талтай ч уул уурхай дээр хязгаар­лалт­тай бодлого барихад буруудахааргүй болчихсон. “Энэ улс 6000 уурхайтай болох гээд байгаа юм уу” гэж Ерөн­хий­лөгчийн хэлсэн үнэн. Одоо бодло­готой, шахалттайгаар юуг нь ашиглаж, юуг нь хойш тавих вэ гэдэг асуудлыг бас бодлоготой авч үзэх ёстой гэж боддог.

-Таны ярианаас гадны компа­ниудад төдийлөн таатай бус ханддаг юм болов уу гэж бо­догдлоо?

-Гадны хөрөнгө оруулагчдыг би дэмждэг. Тэд хөрөнгө мөнгөтэйгээ ирдэг. Хоёрт, техник технологи авчир­даг. Гуравдугаарт, шинэ менежерүүд авчирдаг. Тодорхой хугацаанд олборлох салбар дээр гадаадын хөрөнгө оруулалт оруулах шаард­лага­тай. Тодорхой хугацаанд дотоо­дын компаниудаа өсгөж бойжуулж байгаад гадныхныг шахаж гаргах ёстой гэж боддог. Дээр нь гадныхан ма­найхныг бодвол аюулгүй ажилла­гаа дээр харьцангуй сайн анхаарал тавьдаг нь харагддаг. Манайхан энэ тал дээр дутуу дулимаг ханддаг. За яах вэ гээд орхидог. Уул уурхайд аюулгүй ажиллагаа хамгийн гол зүйл байх ёстой. Хөдөлмөр хамгаалал, эрүүл мэнд гэх мэтчилэн.

-Уул уурхайд ажиллагсад яваандаа мэргэжлийн өвчтэй болдог гэдэг. Энэ талаар юу хэлэх вэ?

-Энэ нь нэг талаасаа орчин нөхц­лөөс болдог боловч ажиллаж буй хү­нээсээ их хамаардаг. Энэ талаар арай өөр бодолтой байдаг гэсэн үг л дээ.

-Уул уурхайн эцсийн бүтээгдэ­хүүн гаргах талаархи таны бодлыг сонсъё!

-Боловсруулах үйлдвэр нэн чухал. Төрийн бодлогоор яаравчлан хийх ёстой асуудал. Дотоодын компани давамгайлсан байдлаар боловсруу­лах салбараа хамгаалж үлдэх ёстой. Тэгж байж уулынхаа баялгаас ашиг орлого хүртэнэ.

-Таны ярианд боловсон хүчний асуудал дурьдаад өнгөрсөн. Энэ салбарт мэргэжлийн болов­сон хүчин дутагдалтай санагддаг?

-Би хувьдаа энэ салбарт 5-10 мянган хүн дутагдаж байгаа гэж үздэг. Оюутолгой, одоо яригдаж байгаа уурхайнуудад хэдэн хүн хэрэгтэй билээ. Би өчигдөр Болд төмрийн завод дээр очоод ирлээ. Тэнд 1300 хүн ажиллаж байна. Миний бодлоор 1300 биш, арай цөөн чадвартай хүн ажиллах ёстой. Техник, техникум гээд хэлчихвэл буруудах байх. Хүмүүсийг энэ чиглэл рүү нэлээн сайн сургаж, мэргэжилтэй ажилтан бий болгох, хоёрдугаарт инженерийн чиглэлийн боловсролыг хүчтэй болгох хэрэгтэй. Улс оронд бүтээдэг багц нь том байхгүй бол зөвлөдөг, тооцоог нь боддог боловсон хүчин хангалттай. Дээр нь чадваргүй байна. Тиймээс инженерийн боловсролын чиглэлийг нэлээн дэмжих хэрэгтэй.

-Бүх компани энэ чиглэлээр дутагдалтай байдаг уу?

-Ямар ч том компани байсан ин­женер, ашиглалтын инженер, геологи хайсаар байдаг. Төгсөөд гарсан хүүхдүүд шаардлага хангаж чадахгүй тал бий. Бид тэднийг голоогүй, цааш хөгжүүлж ажиллуулна. Боловсруулах үйлдвэрийн боловсон хүчин гэвэл бараг байхгүйтэй адил. Одоо бид боловсруулах салбарынхаа гарааг тавьж байна. Тун удахгүй боловс­руулах үйлдвэрийн тухай бид биш юм гэхэд хөрөнгө оруулагч нар яриад эхэлнэ. Тэр үед бид боловсон хүчнээ хаанаас хангах юм бэ. Хятад, Филли­пинээс авчрах уу гэдгээ бодох хэрэг­тэй. Тэгэхээр засгаас тодорхой прог­рам­мтай дэмжих бодлого гаргаад энэ салбарт ажиллах хүчнийг цогцоор нь бэлдэж өгөхгүй бол хэцүүднэ. Үнэхээр бүх компани боловсон хүчний дутаг­далд орчихоод байна. 1000, 2000 долла­рын цалин өгье гээд ч хүн олдохгүй байна.

-Зарим нь өндөр цалин шаард­даг ч чадвар нь хүрдэггүй бай­дал ажиглагддаг?

-Тийм. Үнэхээр ажлаа хийж чаддаг бол тийм хэмжээний цалин өгөхөд компаниуд татгалзахгүй. Их өндөр цалин шаардсан улсууд ирдэг. Хэдэн сар ажиллаад өндөр цалин авах хэмжээний чадвар, мэргэжилтэй байна уу гэвэл 50 хувьд нь ч хүрэхгүй байх нь бий. Мөн инженерийн дунд шатны ажилчин бэлдэж сургах систем хэрэгтэй байна. Миний ойлгож бай­гаа­гаар барилгын салбарт хүч сэл­бэлт хийгдсэн. Бидэнд үнэхээр хоёр, гурав дахь шатны сайн боловсролтой боловсон хүчин хэрэгтэй байна. Та бүхэн харж байгаа. Австри, Амери­каас мундаг чадвартай хүн авч ирлээ гэхэд жилийн цалин доод тал нь 500 мянган доллар нэхэж байна. Улс одоо Тавантолгой дээр захирал хайгаад олохгүй байгаа биз дээ. Ирсэн нь 680 мян­ган доллар нэхдэг, тэр хүний хувьд бараг доод цалин л байгаа асуудал.

-Нүүрсний салбарт зориулагд­сан хууль, шийдвэрүүд бодит амьдрал дээрээ хэр уялддаг вэ?

-Зэсээсээ давсан нүүрсний эдийн засаг гарч ирж байна. Дараагийн хоёр жил төмөр, хүдэр давах байх. Сал­барын хувьд гарч буй бодлогуу­дын зарим нь жаахан эртэдчихсэн. Дөнгөж өндийж буй салбар дээр дарамт учруулах бодлогууд их гарч байна. Ядаж таргалуулж байгаад алж иддэг байгаа даа. Тэгэхэд дөнгөж хөл дээрээ тэнцэж байхад нь өшиглөөд унагах гэж байгаа юм шиг бодлогууд явагдаад байдаг. Мэдээж төсөв мөнгөний асуудал байгаа байх, гэхдээ энэ бүхэн сүүнийхээ үнээг алж иднэ гэдэгтэй адил юм болчихоод байна. Тэгэхээр энэ салбараа жаахан бэх­жүүлж, хөл дээр нь босгож байж тат­вар хураамжаа ноогдуулмаар юм. Угаа­саа манай улс тодорхой хуга­цаанд өндөр татвар хураамжтай орон болох байх гэж би боддог.

-Олон төрлийн татвар бий юү?

-Шууд болон шууд бус татвар их бий. Ялангуяа нүүрс гаргахтай холбоотой маш олон ядаргаатай асуудлууд бий л дээ. Энэ салбарыг хөл дээр нь босгож, монгол компа­ниудаа жаахан бядтай болгохгүй бол яагаа ч үгүй байхад нь дарамтлаад, хамгийг нь сорж аваад байх юм бол босч, үйлдвэрлэлээ үргэлжлүүлж, хүмүүсээ боловсруулж чадахгүй.

-Компаниуд хүмүүсээ сургах асуудалд бас ч анхаарал хандуулдаг болжээ?

-Анхаарч байна. Мөнгөтэй байж үйл ажиллагаа явуулна. Хүмүүсээ сур­гаж, чадваржуулах, компаниа сайж­руулах, технологи шинэчлэлд тодорхой хэмжээний мөнгө хэрэгтэй. Тэгэхээр санхүүгийн хувьд бололцоо­той болох нөхцлийг нь тодорхой хугацаанд бодлогоор бэлдэж өгөх ёстой гэж бодож байна. Одоо хүмүүс хөгжөөд байна гэж ярьдаг. Гарааны шатандаа л байгаа асуудал шүү дээ. Тогтсон, мундаг уул уурхайн компани цөө­хөн. Энэ үед нь бодлогоор дэм­жээд өгмөөр байгаа юм. Дэмждэггүй юмаа гэхэд хориг саад тавиад бай­мааргүй санагддаг. Тав, арван жи­лийн дараа компаниуд хөл дээрээ бо­соод, үндэсний компани болоод, ху­римт­лалаа бүрдүүлээд ирэх цагт бу­цаад боловсрол, эрүүл мэндийн сал­барт гэхчилэн шууд болон шууд бу­саар дэмжлэг үзүүлдэг болж хувирна шүү дээ.

-Таны ажилд амжилт хүсье.  

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж