Том мөрөөдөл том зорилгод хөтөлдөг

Хуучирсан мэдээ: 2013.05.15-нд нийтлэгдсэн

Том мөрөөдөл том зорилгод хөтөлдөг

Дайны дараахь үгүйрлээс дэлхийн эдийн засгийн хөгжилтэй орны нэг болтлоо дэвжиж чадсан БНСУ-д өнөөдөр 30 мянга орчим монгол иргэн ажиллаж, сурч байна. БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас өгч буй мэдээллээр 30 мянга орчим иргэний 5000 нь оюутнууд. Хайртай бүхнийхээ төлөө зориг, тэвчээр гаргаж сурахаар, хөдөлмөрлөхөөр ирсэн тэдэнд туйлын нэг мөрөөдөл бий, тэр нь зорилгоо биелүүлээд эх орондоо ирж халуун ам бүлээрээ амьдрах аж. Сэтгэлийнх нь гүн дэх энэхүү олон жилийнх нь мөрөөдөлд итгэл өгч Монголын төр гадаад дахь монголчуудаа мартаагүйг, тэр дундаа эх оронд нь бүтээн байгуулалтын оргил цаг ирж чадварлаг ажиллах хүчнийг урин дуудаж байгааг сануулсан чухал арга хэмжээ тавдугаар сарын 12-нд БНСУ-ын нийслэл Сөүл хотноо зохион байгуулагдлаа. Хөдөлмөрийн яамнаас санаачлан “Бид баялгийг бүтээнэ” уриан дор болсон дээрх арга хэмжээнд тус улсад ажиллаж, амьдарч байгаа 300 гаруй Монгол иргэд оролцож, Шинэчлэлийн Засгийн газраас гадаад дахь монголчуудаа эх орондоо ажиллаж, амьдрах таатай боломж олгохын тулд ямар бодлого хэрэгжүүлж ажиллах болсон талаарх мэдээллийг авсан юм. Гадаад дахь монголчуудын хувьд Жижиг, Дунд Үйлдвэрлэл эрхлэх бол хөнгөлөлттэй зээл авах таатай боломж бүрдсэн, мөн ЖДҮ эрхлэх зорилгоор БНСУ-аас энэ төрлийн тоног төхөөрөмж импортолбол Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлүүлэх бололцоог олгосныг таатайгаар хүлээн авч байна. Гол нь эх орондоо буцаж очоод ЖДҮ эрхлэхээр төсөл бичихэд хөнгөлөлттэй зээл нь олдох уу, бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцоход БНСУ-д ажиллаж байсан шигээ цалин авч чадах уу гэдэгт баталгаа шаардаж буй юм.

Хөдөлмөрийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн газрынхны мэдээллээр ЖДҮ-ийн зээлийг сум бүрт хүргэх зорилгоор 48 тэрбум төгрөг олгожээ. Хүн амынх нь тооноос хамаарч нэг суманд 25-50 хүртэлх сая төгрөг хуваарилагдсан байна. Харин Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймагт энэ оны гуравдугаар сард багтаан тус бүр 500 сая төгрөгийг олгосон. Ирэх зургадугаар сард аймаг, дүүргүүдэд дахин 30 тэрбум төгрөгийг ЖДҮ-ийн зээлийн эх үүсвэрт зориулж гаргахаар төлөвлөсөн бол бүс нутгийн чанартай ЖДҮ эрхлэхэд зориулж зээлийн эх үүсвэрийг шийдэх гарцыг хайж буй аж. Энэхүү санхүүжилт шийдэгдвэл ЖДҮ-ийн зээлийг олон иргэнд олгох бололцоо нэмэгдэх гэнэ. Гадаад оронд ажиллаж байгаа монгол иргэд эх орондоо ирээд ЖДҮ эрхэлье, өөрийн гэсэн бизнестэй болъё гэвэл ЖДҮ-ийн хөгжлийн газарт хандах бүрэн боломжтой юм байна.

Солонгос дахь монголчууд хоёр сая воннын цалинтай

Монгол Улсын Хөдөлмөрийн яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хооронд анх 2004 онд Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны хүрээнд харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулж байжээ. Үүнээс хойш тав дахь удаагаа шинэ агуулгаар баяжуулж хоёр улсын Хөдөлмөрийн яам хооронд харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглээд байна. Одоогийн байдлаар гэрээгээр 8000 орчим монгол иргэд БНСУ-д ажилладаг. Тэд барилга, авто замын салбарт ажиллахын зэрэгцээ хөнгөн үйлдвэрлэлийн салбарт мөн хөдөлмөрлөдөг. Амаргүй хүнд нөхцөлд хөдөлмөрлөдөг учраас сарынх нь цалин хоёр сая вонн. Монгол төгрөгт шилжүүлбэл хоёр сая гаруй төгрөг болно. Тодруулж хэлбэл, өдрийн 12 цагаар, амралтын өдрүүдэд ч амрах чөлөөгүйгээр ажиллаж байж дээрх хэмжээний цалин авдаг байна. Амралтын өдрүүдэд ажилладаг шалтгаанаа “Хурдан ахиу цалин авч эх орон руугаа буцахаар яардагтай” холбоотой хэмээн монгол иргэд тайлбарлав. Мөн ажлын нөхцөл нь хүнд, өдрийн турш зогсоогоороо химийн хортой нөхцөлд ажилладаг болохоо ч нуусангүй.

БНСУ-д ажиллаж байгаа залуучуудын багагүй хэсэг нь их, дээд сургуульд суралцаж төгссөн залуус байна. Мэргэжлээрээ эх орондоо ажиллахаар ажил хайхад Ажил олгогч нарын зүгээс “Мэргэжлээрээ гурав хүртэл жил ажилласан байх” шаардлага тавьдаг. Дээр нь хөдөлмөрийн хөлсний үнэлэмж бага. Үйлдвэрлэл эрхлэх санаа байвч гарааны мөнгө байдаггүй, дээр нь зөвшөөрөл хөөцөлдөх бол төрийн хүнд суртал их. Энэ бүхнээс нь халширч хурдан хугацаанд амьдрал ахуйгаа өөд татахын тулд БНСУ-д гэрээгээр ирж ажиллах, зарим тохиолдолд хууль бусаар хөдөлмөр эрхлэхэд хүрдэг юм байна. Гэхдээ энд нэг зүйлийг онцлоход, хамгийн хүнд хүчир ажлыг хийж байж сарынх нь цалин 2 сая воннд хүрдэг. Үүнээс бага цалинтай гэрээт ажилчид бас байдаг байна.

Хараар ажиллахын бэрхшээл

Албаныхны өгч байгаа мэдээллээр БНСУ-д 7000 орчим монгол иргэн хараар ажиллах болжээ. Гэрээнийх нь хугацаа дууссанаар харлах тохиолдол багагүй бий ч нэгэн үе Солонгост л очиж амьдрахгүй бол “Амьдралгүй юм шиг” санагдаж бусдаар зуучлуулан тус улсад хөл тавьж хар ажилчин болсон цөөнгүй сэхээтнүүд бас байх аж. Хэдийгээр нэг хэсэг сэхээтнүүд тус улсад ажиллах хугацаандаа өөрийн бизнесийг эхлүүлэх хөрөнгө хуримтлуулаад АНУ, Япон зэрэг хөгжилтэй орон руу сэлгэж явсан тохиолдол бий ч орон байраа барьцаалж банкнаас зээл авсан иргэдийн хувьд хоёр нарны хооронд борви бохисхийлгүй амьдарсаар 10 гаруй жилийг ардаа хийсэн жишээ ч байна. Хайртай бүхнийхээ төлөө залуу нас, хамаг бүхнээ золионд гаргаж ирсэн тэдний хувьд зарим үед Солонгос эзэд хэлсэн ярьсандаа цалингаа бүтнээр нь өгдөггүй, дутуу олгодог зэрэг зөрчил багагүй гаргадаг аж. Бүр цалинг нь өгөхгүй луу унжих тохиолдол бий. Ийм нөхцөлд тэд Хөдөлмөрийн яамны харьяа БНСУ дахь Нэг цэгийн үйлчилгээний төвийн мэргэжилтнүүдэд ханддаг. Тус төвийнхөн энэ тохиолдолд тухайн ажил олгогчид маргаан гаргаж цалинг нь бүтнээр нь олгохоос эхлүүлээд холбогдох арга хэмжээг авдаг юм байна. Хөдөлмөрийн хөлстэй холбоотой маргаан зөвхөн хараар ажиллаж буй монгол иргэдээр хязгаарлагдахгүй гэрээгээр хөдөлмөр эрхэлдэг иргэдийн хувьд ч тохиолддог. Энэ бүх тохиолдолд тус төвийнхөн ажилладаг болохоор БНСУ дахь Нэг цэгийн үйлчилгээний төвийнхөний хувьд ажил ихтэй аж. Орон тооны хувьд цомхон зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр дээрх маргааныг зохицуулахаас гадна гэрээгээр ирж ажиллах иргэдээ Ажил олгогч нартай нь холбохоос эхлээд олон ажлыг амжуулдаг юм байна.

Хууль бусаар ажилладаг иргэдийн хувьд хөдөлмөрийн хөлсөө бүтнээр нь авч чадахгүй болох бэрхшээл гардаг ч олон жил БНСУ-д амьдарсан зарим иргэн солонгос хүнийхээ итгэлийг олсон байдаг болохоор хамгийн өндөр цалинг авч ажилладаг тохиолдол ч бий гэнэ.

Ажлын байр бий юу?

Хүний нутагт хүнд нөхцөлд ажилладаг монгол иргэдийн хувьд эх орондоо буцаад очиход ажлын байр бэлэн байж чадах уу. БНСУ-д ажиллаж байсан шигээ цалин хөлсийг авч чадах уу гэдэг асуулт тавигдаж буй юм. Харин Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын зүгээс Монгол Улс нэг үеэ бодвол монгол хүнийхээ хөдөлмөрийг үнэлдэг болж байгаа. Тэр дундаа хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлээр суралцаж, түүндээ дадлагажиж мэргэшсэн мэргэжилтэй ажилтнуудын хувьд боломжийн цалинг олгох тогтолцоо нэг талаар бүрдэж эхэлснийг дуулгав. Мөн хүнд хэдий мөнгө чухал ч түүнээс үнэтэй зүйл бас байдгийг санууллаа. Сайд Я.Санжмятав энэ тухай “Хүн нэг газраа олон жил амьдраад ирэхээр дасдаг, нутаг орон руугаа буцаад очихоор амьдрал дутагдах гачигдах юм шиг санагддаг.  Нэг бол хоёр өрөө байраа гурав болгочихмоор санагдаж байж мэдэх юм. Мэдээжийн хэрэг хүнд амьдрах орон байр, унах машинаас эхлээд хэрэгтэй зүйл олон бий ч ар талд байгаа аав ээжүүд хүүгээ ирэхийг хүлээж цацлаа өргөж суугаа. Ажиллах хугацаа нь дуусч харлачихсан борлочихсон яваа нь эцэг, эхтэйгээ хурдан уулзахыг хичээгээрэй. Эхнээрээсээ, нөхрөөсөө хол байдаг залуучууд ч бас бий.  Залуу зандан байхад хайраас гадна харын үгийг ч хэлээд хэн, хэнээ гомдоох нь бий. Хар муур ч дундуур нь гүйчих гээд байдаг, ийм зүйлийг тэвчиж ирсэн, дутуу дулимаг зүйлүүдээ хурдан бүтэн болгоод халуун дулаан гэр бүлрүүгээ яараарай. Харьд харласан, борлосон нэртэй ч эх орондоо, эцэг, эхдээ, хань ижил, үр хүүхэддээ хамгийн үнэтэй эрдэнэ. Эх орон нь та бүхнийг хүлээж байгаа. Ажил яана даа олдохгүй болов уу гэж санаа битгий зов. Шинэчлэлийн Засгийн газар монгол иргэн бүрээ ажилтай, орлоготой болгох зорилго тавьж байгаа. Монгол Улс уул уурхайн баялгаас олж байгаа орлогоо баялаг бүтээх салбар руу шингээж бодит эдийн засгийг дэмжих бодлого барьж ажиллаж байна.Түүнийг дагаад төмөр зам, авто зам, барилгын салбарт ажиллах хүчин олноор шаардаж мэргэжилтэй ажилтны хэрэгцээ өсөн нэмэгдэх болсон. Хүний нутагт гэр бүлийнхнээсээ хол хүнд нөхцөлд ажиллах амаргүй. Эх орондоо буцаад очиход Монгол Улсын Хөдөлмөрийн яам та бүхнийг богино хугацааны сургалтад хамруулаад ажлын байртай нь холбоно. Та бүхний олон жилийн дадлага туршлага компани удирдаад явах, бусдыг ажлын байраар хангах хэмжээнд хүргэсэн ч байхыг үгүйсгэхгүй. Энэ бүхнийг бодолцож үзээд эх орон руугаа яараарай” гэж монголчууддаа онцлон дайсан юм.

Мөн “Бид баялгийг бүтээнэ” арга хэмжээнд ач холбогдол өгч очсон Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн “Өвсгүй ч гэсэн өөрийн нутаг, өглөггүй ч гэсэн ахан дүүс минь” гэж монголчууд ярьдаг. Боломж нь таараад ирвэл хоорондоо зөвлөлдөж банжиж болгоогоод нутаг руугаа зүглэхийг бодоорой гэж эцэг хүний хувьд зөвлөх байна. Хайрын хагацал, үрийн хагацал, ханийн хагацал мөнгө олохоос илүү хүнд. Бие холдвол сэтгэл холддог гэдэг монголчуудын том үг бий. Үүнийг санаж яваарай. Гашуун үнэн та нарыг гэдэг эх орон бий шүү” хэмээн захиж, эх орон руугаа буцахыг хүссэн бол Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны доктор, профессор Ш.Чоймаа “Хүн хүний нутагт бүтэн зовдог бол эх орондоо бүтэн жаргадаг юм шүү” гэх үгийг захиж үлдээлээ.

Хайртай бүхнийхээ төлөө зориглон амьдралынхаа төлөө зорилго тавьж эх орноосоо мордсон монгол хүн бүрт эргэн ирэхийг ерөөе.

Г.ДАРЬ





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж