1072 хувьцааг иргэн бүрт өгчихсөн гэв

Хуучирсан мэдээ: 2013.05.14-нд нийтлэгдсэн

1072 хувьцааг иргэн бүрт өгчихсөн гэв

Тавантолгойн уурхайгаас олсон ашгаа иргэн бүрт хүртээх 1072 ширхэг хувьцаа хаачив, хувьцаагаа авмаар байна гэсэн нэхэл олны дунд бий. Тиймээс бид Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханд “1072 хувьцааг хэзээнээс олгох вэ” гэсэн асуултыг тавилаа. Тэрбээр дараах хариултыг өгч байна.

-Аль хэдийнэ өгчихсөн шүү дээ. Монгол Улсын иргэн бүрийн нэрийн дансанд 1072 хувьцааг байршуулчихсан байгаа.

-Хувьцаа авснаа мэдээгүй яваа хүн надаас эхлээд олон байна. Миний хувьцаа тэгвэл хаана байгаа хэрэг вэ?

-Хүн бүрийн регистрийн дугаараар хадгалагдан байршсан. “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн цахим хуудаст регистрийн дугаараа бичээд шалгаад үзээрэй.

-Тэгвэл бид хэдий хэрийн хөрөнгөтэй болсон гэсэн үг вэ. Нэгж хувьцааны үнэ хэд байх бол?

-Нэгж хувьцааны үнэ ханшийг бид биш Засгийн газар тогтооно. Одоогоор тогтсон үнэ гараагүй байгаа болохоор нэг хүнд хэдий хэрийн хөрөнгө оногдож байгааг хэлэх боломжгүй гэлээ.

Тэгвэл Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийн захирал Т.Гандулам 1072 хувьцааны талаар доорх тайлбарыг өгч байна. 

-Тавантолгойн хувьцааг иргэн бүрт эзэмшүүлэх шийдвэрийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас манайд 2,7 сая иргэний мэдээлэл ирсэн. Эдгээр хүмүүсээс 1072 ширхэг хувьцааг эзэмших сонирхлоо 710 601 иргэн илэрхийлсэн бол 536 ширхэг хувьцаа эзэмших 11 601 иргэн, хувьцаагаа авалгүйгээр нэг сая төгрөг авахаар санал гаргасан 1,1 сая иргэн байна.

-Яагаад зарим иргэн 536 хувьцаа эзэмших болов?

-Засгийн газраас эхлээд иргэн бүрт 536 хувьцаа эзэмшүүлэх шийдвэрийг 2011 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон шийдвэрлэсэн. Харин дараа нь хувьцааны тоог хоёр дахин нэмэгдүүлсэн. Тэгэхээр тэрхүү нэмэгдэх шийдвэр гарахаас өмнө нас барсан болон Монгол Улсын харьяатаас гарсан хүмүүст 536 ширхэг хувьцаа ногдож байгаа юм.

-2011 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон шийдвэрлэсэн гэлээ. Түүнээс хойш төрсөн хүүхдүүд бас цөөн тооны хувьцаа эзэмшинэ гэсэн үг үү?

-Үгүй ээ. Хүүхдүүдийн хувьд 1072 хувьцаагаа эзэмших эрхтэй.

-Зарим аж ахуйн нэгжүүд Тавантолгойн хувьцаанаас худалдан авсан боловч өнөө хэр хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийгээгүй төдийгүй хувьцааг нь буцаан авч байгаа гэх юм. Энэ ямар учиртай юм бэ?

-“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг эзэмшиж буй аж ахуйн нэгжийн хувьцааг буцаан авч, мөнгийг олгох тухай 132 тоот тогтоолыг Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр гаргасан. Энэ нь тус компанийн хувьцааг банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршоо зэрэг байгууллагууд Банкны тухай хуулийг зөрчин хувьцаа худалдан авсан байсан. Мөн зарим нэг аж ахуйн нэгж татан буугдсан тохиолдол гарсан. Тиймээс эдгээр компанийн асуудлыг шийдэхийн тулд Засгийн газар хувьцааг буцаан авч, төлбөр мөнгийг нь эргүүлэн олгож байгаа гэсэн тайлбарыг өгч байна. 

1072 хувьцааг бус бэлэн мөнгө сонгосон 1,1 сая иргэдийн дийлэнх нь ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд тэд нэг сая төгрөгөө 2012 онд гурав хуваан, авч дууссан гэнэ. Харин иргэн бүрт сар тутам олгож байсан 21 мянган төгрөг бол намуудын амласан 1,5 сая төгрөгийн үлдэгдэл 500 мянган төгрөг гэдгийг  Хөдөлмөр халамж үйлчилгээний газрынхан хэлж байлаа.

М.СУРА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж