
Хэдийгээр “П.Ганхуяг даргыг ажил авснаас хойш Дорноговь аймаг ингэж хөгжсөн” хэмээн нялуун үгээр магтах хэрэггүй ч зохион байгуулалтын хувьд яалт ч үгүй чамбай нэгэн аж.
Учир нь тус аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан “Хөгжлийн бүс-Дорноговь” хөрөнгө оруулалтын чуулганыг үнэхээр онцгой гэмээр зохион байгуулж чадсан юм. Улаанбаатарт хотод болдог зарим нэг чуулга уулзалттай харьцуулахад хавьгүй илүү гэж дүгнэхэд буруудах зүйл үгүй. Үүнд нь Япон улс дахь Монголын Элчин сайдын яаманд удаа дараа худалдаа, эдийн засгийн аттише, зөвлөх хийж байсан туршлага нь ч нөлөөлсөн байж болох.
Түүнчлэн Засаг даргын Тамгын газарт бусад аймгаас илт илүүрхэм залуусын хүчийг “татан төвлөрүүлсэн” байна билээ. Ингэснээрээ тэрбээр “Шинэ Дорноговь” гэсэн Засаг даргын мөрийн хөтөлбөрөө залуустай хүч хавсран биелүүлэх зорилго тавьсан байж мэдэх юм.
Ямартай ч МУИС-ийн математик, физикийн ангийг төгсч, Токиогийн Гадаад хэлний их сургуульд япон хэл эзэмшсэн түүний талаар намынх нь нөхөд Дорноговийн “япон” дарга хэмээн сайшаадаг нь ор хоосон магтаал биш ажээ.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин