Нийлүүлэлт бас дахин нийлүүлэлт

Хуучирсан мэдээ: 2013.05.14-нд нийтлэгдсэн

Нийлүүлэлт бас дахин нийлүүлэлт

Барууны орнуудын иргэдийн хувьд амьдралын салшгүй нэг хэсэг нь Моргейжийн буюу ипотекийн зээл. Амьдралынхаа туршид зээлээр авсан орон сууцандаа амьдарч, үр хүүхэддээ өвлүүлэн үлдээдэг. Ажиллангаа амьдрах ийм тогтолцоог бид урьд нь хэрэгжүүлэх гэж үзсэн боловч бүтэлгүйтсэн билээ. Тэгвэл Ипотекийн зээлийн ахин нэг шинэ үе бидний өмнө ирээд байна. Иргэдийг орон сууцтай болгохын тулд урьд нь зөвхөн эрэлтийг дэмжиж, зээл хүссэн иргэдэд хөнгөлөлттэй зээл олгож үзсэн ч энэ нь орон сууцны үнийг хөөргөдөж, нийлүүлэлтийн хомсдол үүсэхээс хэтрээгүй. Тэгвэл энэ удаа эрэлт, нийлүүлэлтийг хамтад нь дэмжихийн тулд нийт 800 тэрбум төгрөгийг Төв банкнаас олгохоор болж байна. Тодруулбал, хорин жилийн хугацаатай 8 (-,+1) хувийн хүүтэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан гаргах боломжтой болж, нийлүүлэлт талаасаа барилгын компаниудын эх үүсвэрийг санхүүжүүлж эхэлжээ.

Нийлүүлэлтийг хэрхэн дэмжих вэ?

Орон сууц худалдаж авах гэсэн иргэдийн эрэлт орон сууцны нийлүүлэлтээсээ давж, үнийн хөөсрөл урьд нь үүсч байсан учраас энэ удаад нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх зайлшгүй шаардлагатай болжээ. Тиймээс дотоодын барилгын материал үйлдвэрлэгч нарт эргэлтийн хөрөнгийн болон үйлдвэрээ өргөтгөхөд зайлшгүй шаардлагатай санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм байна. Энэ зээлийг Төв банкнаас арилжааны банкаар дамжуулж олгох бөгөөд одоогоор 35 тэрбум төгрөгийн санхүүжилтыг гаргаад буй аж.  Эцсийн зээлдэгчид очих зээлийн хүү 5.5 хувь гэнэ. Харин зайлшгүй шаардлагатай цемент, арматур гаднаас импортлогчдод зориулж 70 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Төв банкнаас шийджээ. Мөн орон сууцны барилга барьдаг компаниудад эхний ээлжинд 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг ойрын хугацаанд гаргаад эхлэх ажээ. Ипотекийн зээлийн тогтолцоо ашиглалтад орсон шинэ байр болон хуучин байруудаас сонголтоо хийх боломжтой учраас шинээр барих барилгыг дэмжих хөнгөлөлттэй зээл бол зөвхөн нэг хэсэг нь гэж хэлж болох ажээ. Өөрөөр хэлбэл, иргэд банкнаас авсан зээлээ аль нэг барилгын компаниудад өгчихөөд барилга ашиглалтад орорыг хэдэн жилээр хүлээж хугацаа алдахгүй, хүүгийн хохирол амсахгүй гэсэн үг.

Ипотекийн зээлийн эргэх холбоо

Урьд нь зургаан хувийн зээлийг Хөгжлийн банкны бондоос гаргаж байсан бол энэ удаад дээр дурдсанчлан Төв банкнаас эхлэл үүсвэрийг гаргаж байгаа. Дунд хугацаанд Монголбанк энэ тогтолцооноос алгуур гарч, нийгмийн даатгалын санд тулгуурлан, хувийн хэвшлүүд өөрсдөө зохицуулах тухай албаныхан хэллээ. Олон жил яригдаад, хичээгээд бүтээгүй ипотекийн зээлийн үйл явцын тухайд, Төв банк, Монголын ипотекийн корпораци, Нийгмийн даатгалын сан, арилжааны банк хамтарсан талууд хөрөнгөө эдийн засгийн эргэлтэнд оруулах, үнэт цаас гаргах, худалдан авах замаар харилцан уялдаатай ажилласны дүнд урт хугацааны ипотекийн тогтолцоог бий болгох ажээ. Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын тогтолцоо бидний ирээдүйн баталгаа учраас энэ сангийн хөрөнгө цаашдаа эдийн засгийн эргэлтэнд орж, амьдран суух байрны эрэлт, нийлүүлэлтийг хангах эх үүсвэр болох нь.

Ипотекийн зээлийн шалгуур энэ удаад зургаан хувийн бүтэлгүйтсэн зээлээс харьцангуй уян хатан болно гэж буй. Журам одоогоор бүрэн бэлэн болоогүй учраас зээлийн шалгуурыг тодорхой хэлэх боломжгүй ч төрийн албаныхэн, залуу гэр бүл гэж алагчлалгүй, 20 жилийн хугацаанд зээлээ төлөх чадвартай бүх хүмүүсийг зээлд хамруулах ажээ. Ингэхдээ урьдных шиг ганц Төрийн банкаар бус бүх арилжааны банкуудаар зээлийг гаргах юм. Зээлд хамрагдах орон сууцны м.кв-ын хэмжээний хувьд иргэнд 80 хүртэлх м.кв талбайтай орон сууцыг амалж чадна. Эхний удаад ипотекийн зээлийг яаралтай гаргаж эхлэх ёстой байгаа учраас эхний удаад оролцогч бүх талын шаардлагыг уялдуулж, 80 м.кв-аас дээшгүй талбайтай орон сууцыг л 8 (-,+1) хувийн хүүтэйгээр зээлээр авч боломжтой юм байна. 

Зээл иргэдийн гар дээр хэзээ очих вэ?

Төвбанкнаас голчилж зохицуулж буй уг зээлийн журам ерөнхийдөө бэлэн болсон ч Хууль зүйн яам, Санхүүгийн зохицуулах хороо дахин бүрэн хэлэлцэн баталсаны маргааш л зээл гараад эхэлчихнэ гэдгийг банкныхан амлаж байна. Зээлийн журам батлагдчихвал энэ удаад баригдаж дууссан шинэ эсвэл хуучин орон сууцнаас сонголтоо хийх учраас удаан хүлээлт, маргаан үүсгэхгүй ажээ. Журмыг тавдугаар сардаа багтаагаад боловсруулчихна гэдгээ Төв банкныхан дуулгалаа.

Ипотекийн зээлийн үр нөлөө нь мэдээж байрандаа амьдрангаа зээлээ төлөх боломжийг олгоно. Энэ зээл нь эргээд хүмүүсийг ажил хөдөлмөр эрхлэх, тогтвортой  ажиллахыг уриалах болно. Иргэн зээлээ тогтвортой төлөхийн тулд тогтвортой орлоготой, ажлын байртай байж ажилдаа хариуцлагатай хандаж, өнөөдрийн олж байгаа орлогоо яаж нэмэгдүүлэх вэ гэдэгт толгойгоо ажиллуулах нь. Манай улсын хувьд зарим орнуудаас ялгаатай нь эрэгтэй, эмэгтэй хоёулаа ажил хийдэг. Хөдөлмөрийн эрхлэлтийн тал дээр хүйсээр ялгаварладаг орнуудтай харьцуулахад өрхийн гишүүд хамтдаа орлого олж, зээлээ төлөх боломж харьцангуй их. Ийнхүү цөөн хэдэн баячуудаас илүү тогтмол цалинтай дундаж давхаргынхан ипотекийн зээлийн үндэс суурийг бэхжүүлж, өөрийн амьдрал болоод улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах нь байна.

У.БОЛОР

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №011

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж