
Хэдэн жилийн өмнө хүүгийн аав ээж нь салж, бага охиныг ээжид нь, хүүг аавд нь асран хамгаалуулах анхан шатны шүүхийн шийдвэр гарчээ. Аав нь амьд сэрүүн байхдаа хүүгээ хайраар дутаалгүй өсгөж байж. Гэтэл эцэг нь өвчний улмаас хорвоог орхиж, хүү харж хандах хүнгүй орь ганц болсон байна. Асран хамгаалах эцэг, эх нь нас барсан хүүхдийн асран хамгаалагчийг тухайн аймаг, дүүргийн Засаг дарга тогтоох тухай хуулийн заалт бий. Хүүхдийн төлөө үндэсний төвөөс өгсөн мэдээллээр тухайн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга нь 13 настай хүүг талийгаач аавынх нь төрсөн дүүд даатган, асран хамгаалах эрхийг нь шилжүүлсэн гэнэ. Засаг дарга ийн шийдвэр гаргасан бол өнчирч хоцорсон хүүхэд эсэн мэнд, эрүүл саруул өсч торниж буй эсэх, цаашлаад сурч боловсрох гээд наад захын эрхээ эдэлж буй эсэхтэй жилдээ ядаж нэг удаа танилцаж байх үүрэгтэй гэдгийг Хүүхдийн төлөө үндэсний газрынхан хэлж байна.
Хүүгийн аав нас барсны дараа сумын удирдлага, Засаг дарга нь талийгаачийн төрсөн дүү бүсгүйд хүүгийн асран хамгаалах эрхийг шилжүүлжээ. Багш мэргэжилтэй дүү нь харин асран хамгаалах эрхээ өөрийнхөө дүү эмэгтэйд шилжүүлсэн байна. Ингэхдээ хэн нэгэнд мэдэгдээгүй, хууль хяналтын байгууллагад хандаагүй, товчхондоо бол дур мэдэн хууль бусаар өөрөөсөө түлхсэн нь насанд хүрээгүй хүүг дарангуйлах, яргалах нөхцөл бүрдсэн гэж болно. Бүтэн гурван жилийн хугацаанд сумын Засаг дарга нь нэг ч удаа эргэж очоогүй, хүүгийн хувь заяа хэрхсэн эсэхийг тэнгэрт даатгаад орхисон нь ч энэ эмгэнэлтэй хэрэг гарах бас нэг шалтгаан байлтай. Хэргийн талаар тухайн үед Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Л.Цэрэнжаваас тодруулахад “Төрсөн ахынхаа хүүхдийг хорьсон хэрэг гарсныг аймгийн Цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн. Энэ хэргийг харьяаллын дагуу тухайн үеийн Мөрөн сумын Засаг дарга н.Халтар шийдвэрлэсэн байдаг” гэлээ.
Талийгаачийн хоёр дүү нь хоёул багш мэргэжилтэй, аймагтаа багш, нийгмийн ажилтнаар ажилладаг, боломжийн амьдралтай хүмүүс гэх. Асран хамгаалах эрхийг хууль бусаар олж авсан гэгдэж буй бага дүү нь Хөвсгөл аймгийн Авъяас дунд сургуулийн багш ажилтай гэнэ. Тэрбээр гурван жилийн турш хүүг амбаарт хорьж, хоолны үлдэгдэл, шавхруугаар тэжээдэг байж. Дээд боловсролтой, дээр нь хүүхдүүдтэй харьцдаг багш хүн байтал төрөл садан, ойр дотны хүнээ харин нохойноос дорд үзэж, тарчлааж байсан гэхэд итгэмгүй. Уг нь хамаатан садан, айл саахалтынхан нь энэ тухай гадарладаг байсан ч нэг нэгнээ андахгүй жижиг газар тул элдэв ярианаас эмээж, тэгсгээд өнгөрдөг байсан гэнэ.
Багш бүсгүй хүүг дулааны цагт модон амбаарт хорьж, хүйтний улиралд гэрийнхээ үүдэнд хорьдог байсан нь мөрдөн байцаалтын явцад илэрчээ. Тэр ч бүү хэл өнгөрсөн зун хүүд долоо хоногийн турш ямар ч хоол өгөөгүй, өлсөхийн эрхэнд хүү амбаарын жижиг нүхийг малтсаар цоорхой гарган оргож, хөрш айлаас боорцог гуйж идэж байгаад баригдсанаа мэдүүлгийн явцад хэлжээ. Зугтах оролдлого хийж, айлаас боорцог гуйж идсэнийхээ төлөө хүү амбаарт гавлуулахдаа хүрсэн байна.
Харахын эцэсгүй болтлоо турж, зодуулсан янзтай боорцог гуйж орж ирэхэд нь хөрш айлынхан нь сэжиглэж эхэлсэн ч дөнгөж саяхан л цагдаагийн байгууллагад энэ тухай мэдэгджээ. Цагдаагийн ажилтнууд бүсгүйн гэрт ирж, хүүг амбаараас гаргахад биеэрээ дүүрэн шарх, сорвитой, байнгын зодуур, дарамтад байсан нь илт тодорхой байсан байна. Ингээд хэрэгт холбоотой мэдээллийг цуглуулж, холбогдох хүмүүсээс байцаалт авч эхэлжээ. Хүүгийн эх нь нийслэлд амьдардаг, өнгөрсөн гурван жилийн хугацаанд хүүтэйгээ холбогдох гэж нэг бус удаа оролдсон ч асран хамгаалагч гэх бүсгүй уулзуулах нь битгий хэл утсаар ч яриулдаггүй байсан гэнэ. Ээж нь хүүгээ эсэн мэнд торниж буйд итгэдэг байж. Харин хэргийн талаар мэдмэгцээ хүүгээ хотод өөр дээрээ авсан байна.
Өдгөө энэ хэргийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтэст шалгаж буй бөгөөд сэжигтэн этгээдэд эрүү үүсгэж, гадуур байцааж байгаа аж.
Асран хамгаалагч гэх нэрийн дор балчир үрсийг тарчлаан зовоож буй энэ мэт хэрэг гарах нь ихэссэн гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Илчлэгдэж, олны сонорт хүрч, сэрэмжлүүлэг болж буй нь энэ мэт боловч үүний цаана гэр бүлийн хүчирхийлэл дор хорвоогийн хатуутай “танилцаж” буй бяцхан үрс хэчнээн болохыг таахад бэрх. Хойд үрээ, эсвэл өргөмөл хүүхдээ зовоож, тарчлааж, дарамталж бухимдлаа тайлдаг гаж дур сонирхолтой этгээдүүд ч элбэгшиж буй гэнэ. Хувь хүний араншин, хүн чанар, гаж дур хүслээс гадна нийгмийн сэтгэл зүй тэднийг ийм алхам руу хөтөлж буйд хэн буруутай вэ?