
Хамгийг номхотгогч хэмээх гахай жил буюу 2007 онд хүүхэд төрүүлбээс нас буян урт, баян чинээлэг амьдрах нигууртай хэмээх сүсэглэл амнаас ам дамжин алтан гахай жилд амжиж хүүхэд төрүүлэгсдийн давалгаа үерлэсэн. Эдүгээ тэднийг “алтан гахай жилийн хүүхдүүд” гэж өхөөрдөн нэрлэдэг нэршил аль хэдийнэ бий болоод байгаа.
Уг нь бол хятадууд голдуу гахайг эд баялаг цуглуулдаг гэж бэлэгшээдэг. Дорнын тоололтой монголчууд хувьд ч гахай жилийг эд баялаг дагуулах буянтай жил хэмээх алтан гахай хэмээх тодотголтой тэрхүү жилд хүүхэд төрүүлэхийг хүсэмжлэгчид олон байсныг хэлээд юухэв. Зарим нь алтан гахай жилдээ амжиж төрсөнгүй хэмээн цухалдаж байсан нь ч бий.
Алтан гахай жилийн адислал амнаас ам дамжсан яриа төдий биш байсныг статистик тоо ч баталдаг. Төрөх эмнэлгийн ачаалал ихсэв гэсэн яриа гарсны дараа цаашдаа цэцэрлэгүүдийн ачаалал ч нэмэгдэнэ гэдгийг статистикчид ч анхааруулж байсан. Нэг хэсэгтээ төрөх эмнэлгийн, дараа нь цэцэрлэгүүдийн ачааллыг шалгаж байсан алтан гахайн үрс ийн ахиад нэг даваагаа давах гэж байна.
Харамсалтай нь, монголчууд алтан гахайн хүүхдүүдээ бүү хэл, хэдэн үеийн хүүхдүүдээ сургууль цэцэрлэгээр хангаж чадахгүй байгаа нь үнэн. Үүн дээр энэ жил алтан гахайн гэх бас нэгэн “нэмэгдэл” эцэг эхчүүдийг ч сургуулийнхныг ч сандаргах нь. Дашрамд “эргэлзэхэд” ачаалал нэмэгдэнэ гэдгийг аль хэдийнэ статистик тооноос мэдсэн байх учиртай холбогдох албаныхан сургууль, цэцэрлэгээ бэлтгээгүйг бодоход нэг их сандраагүй бололтой юм.
Зөвхөн энэ жил 22584 зургаан настай, гахай жилтнүүд сургуульд орно гэж байгаа нь өмнөх жилүүдийнхээс давсан тоо аж. Алтан гахайн үрс, үрс ч юу байхав дээ, эцэг эхчүүд нь хүүхдүүдэд нь сургууль олдох болов уу гэсэн айдастай байна.
Тэдэнд сургууль олдох болов уу? Хариултыг нь албан тоогоор хэлбэл 22 мянга гаруй хүүхдийг нэг ангид 40,50-аар нь чихцэлдүүллээ ч нийслэлийн 111 сургууль хаанаа ч хүрэхгүй. Тийм болохоор эцэг эхчүүдийн сандрах нь ч аргагүй л юм.
Ингэхэд бэлтгэл ангид хүүхэд оруулж чадах танил байна уу, та минь ээ, сэмхэн хэлээрэй.