Шатрын ОУХМ А.Энхтуулын блогт тавтай морил

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Шатрын ОУХМ А.Энхтуулын блогт тавтай морил

Монголын оюуны цар хүрээг дэлхийн давцанд "мэдрүүлсэн" элит шатарчдаараа үеийн үед бахархъя!

Монгол улсын гавъяат тамирчин, Их мастер БАЗАРЫН ХАТАНБААТАР

Босоо Монголын сүлдтэй төрсөн хүмүүн заяа
Босго өндөр хатуу давааг давсан хүчтэн
Азийн дэвжээнд хасахтай ороод түрүүлсэн гайхамшиг
Аавынхаа нэрийг мөнхөд дуурсгах Монгол бахархал
(Олон улсын мастер Х.Сүрэндорж агсны хувийн шүлгээс)

Гавъяат мастер маань 18 настайдаа анх удаагаа Монгол улсын аварга шалгаруулах 31-р тэмцээнд оролцож, тэргүүн байр эзэлснээс хойш 1994, 1998, 2000-2005 онуудад удаа дарааллан түрүүлж Монгол улсын 8 удаагийн аварга болж дээд амжилт тогтоосон бахархмаар авъяаслаг шатарчин.
Шатарчин хүн бүрийн хүсэл мөрөөдөл болсон Дэлхийн шатрын олимпиадад 9 удаа оролцож байснаас Манилын олимпиадын дэвжээнээс 6-р ширээнд 11 өргөөс 8 оноо авч хүрэл медалиар энгэрээ мялааж байжээ. Харин 1992 онд, Катарын Дохад зохиогдсон Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлж оролцохдоо хэдийгээр эхний өрөгт хасах авсан ч амжилттай тоглон сүүлийн өрөгт БНХАУ-ын шатарчин Ван Зилитэй хараас оноолт тааран Сицил хамгаалалтаар гайхамшигтай тоглон хожиж, Ази тивиин залуучуудын аваргын алтан медалийг эх орондоо авчирсан юм. Тэр үеэс хойш Хятадын мастерууд Хатанаа ахыг андахгүй сайн танидаг болсон байх. А.Широв, Ван Зили, П. Николич, В. Ткачев, Н.Шорт, С.Гангули нарын дэлхийн томчуудтай гар зөрүүлж явсан түүний амжилтуудыг өндрөөр үнэлж 2006 онд Монгол улсын гавъяат тамирчин цолоор шагнажээ. Танд сайхан бүхний дээдийг хүсье!

Их мастер ДАШЗЭВГИЙН ШАРАВДОРЖ

Манай шатрын эрэгтэйчүүдийн хоёр их мастерын нэг Шараваа ахыг шаргуу хөдөлмөр, зорьсондоо хүрэх гэсэн хүсэл эрмэлзэл, тамирчин хүнд байх ёстой тэсвэр хатуужил, ялагдалтай үл эвлэрэх агуу зан чанарууд нь энэхүү алдарт хүрсэн гол амжилтын суурь нь гэж боддог. Тэрээр Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнд 1993, 1995, 2002 онуудад аварга болж байжээ. 1997 онд ХБНГУ-д, 2004-2009 онуудад АНУ-д амьдарч, ажиллаж байсан учраас зарим улсын аваргын тэмцээнүүдийг өнжсөн. АНУ-д байхдаа Колорадо мужийн 5 удаагийн аварга болсон. Мөн 2008 онд Дэлхийн аварга асан Р.Фишерийн нэрэмжит тэмцээний аварга, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан, 1999 оны Монгол улсын шилдэг тамирчин юм. Алдарт тэмцээн Дэлхийн шатрын олимпиадад 4 удаа шалгаран амжилттай оролцсон. Одоо тэрбээр уугуул нутгаа алдаршуулан Хан-Алтай шатрын дугуйлан ажлуулж, ирээдүйн Монголын мастеруудыг бэлдэж байна. Таны амжилтын зам тань дардан байх болтугай!

Их мастер БАТХУЯГИЙН МӨНГӨНТУУЛ

Монгол улсын эмэгтэй шатарчдын дундаас төрсөн анхны олон улсын их мастер. Түүний амьдрал шатартай салшгүй холбоотой гэдэгт хэн ч маргахгүй биз ээ. Аав нь шатрын хичээл зааж өгч, тавхан настай бяцхан охин 1993 оны хоёрдугаар сард Монголын хүүхдийн ордноос жил бүр зохион байгуулдаг Цодгор хүү тэмцээнд амжилттай оролцон шагналт байрт шалгарсан гэдэг. Мөнгөө эгчийн шатрын замнал ийнхүү эхэлжээ…
Өсвөрийн шатарчдын улсын 6 удаагийн аварга, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медаль, 2001 онд Испани улсын Оропеза дел Мар хотноо болсон өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, 2005 онд Франц улсын Белфорд хотод зохиогдсон өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, 2009 оны Азийн бүсийн аварга болж эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах шилдэг 64 шатарчдын шигшээ тэмцээнд оролцох эрх авсан юм. Мөн 2010 оны оюутны ганцаарчилсан болон багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хос алтан медалийн эзэн.   Хоёр жилд нэг удаа болдог дэлхийн шатрын олимпиадад 6 удаа оролцсон. Мөнгөнтуул эгчийн бахдам сайхан амжилтуудыг төр засаг өндрөөр үнэлж 2010 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгооор шагнасан.
   Дэлхийн тавцанд МОНГОЛ гэдэг нэрийг дуурсгаж, дээд амжилт үзүүлсэн Монгол хүн таниар    ард түмэн бид бахархаж байна. Нэгэнт энэ алдрыг хичээл зүтгэлээрээ олж авсан таны нэр Монголоосоо хальж, Дэлхийн дансанд бүртгэгдсэн гэдгийг хэзээ ямагт санаж, бас хичээж яваарай. Монгол орон болон дэлхий таныг харж, шинэ шинэ амжилтуудыг тань хүлээж байна…

Их мастер ТҮВШИНТӨГСИЙН БАТЧИМЭГ

Бидний бас нэгэн бахархал маань 2002 онд дэлхийн шатрын холбооны мастер, 2006 онд олон улсын мастер, 2009 онд олон улсын их мастер цолыг тус тус хүртсэн. Мэдээж хэрэг энэхүү оргилд хүрэх жим шулуун байхгүй ээ…
Чимэгээ эгч АНУ-ын Сан Франциско хотын их сургуулийг төгссөн. Суралцахын хажуугаар шатрын спортоо яахан мартах билээ. 2006 оны АНУ-ын эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд 4 байрт шалгарч их мастерын анхны нормоо биелүүлсэн тэр үеэс их мастерын алдарт хүрэх жим эхэлжээ. Дэлхийн шатрын түүхэнд алтан үсгээр бичигдэх эгч, дүү гурвын нэг Ж.Полгарын нэрэмжит 21 хүртэлх насны охидын нээлттэй тэмцээн, 2008 онд БНСУ-д болсон "Korea open" олон улсын тэмцээнд тус тус түрүүлж байжээ. Удаан хүлээсний эцэст буцах цаг болж эх орондоо 2009 онд ирсэн. Тэр жилдээ улсын аваргын эрэгтэйчүүдийн хагас шигшээ тэмцээнд тоглосон. Харин 2010 оны эмэгтэйчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд  дэд аварга болж 2011 оны Монгол улсын аваргын алтан медалийг анх удаа хүртсэн. Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах 27-р тэмцээнд хамгийн залуудаа буюу дөнгөж наймхан настайдаа шалгаран оролцсон ба 34, 35-р тэмцээнүүдэд хүрэл медаль авсан. Түүний амжилтууд нь дасгалжуулагч багш Ц.Батсайхан болон гэр бүл, хамтран зүтгэгч нартай нь салшгүй холбоотой. Ц.Батсайхан багш Мonchess шатрын дугуйлангийн дасгалжуулагч юм. 2010 онд зохиогдсон оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний багийн аваргын гурван алтын нэг нь Ц.Батсайхан багшийн шавь Т.Батчимэг эгч.
Таны ирээдүйн амжилт төрдөө үнэтэй, түмэн олондоо тустай, тив дэлхийдээ цуутай байж Монголын бахархал үргэлж болж явна гэдэгт итгэлтэй байна. Амжилт бүхний дээдийг хүсье!  

http://elitebrain.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж