
МҮАН-ын дарга М.Энхсайхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээс татгалзлаа. Тэрбээр энэ удаагийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжиж ажиллахаа илэрхийлж, намын нөхөд нь ч дэмжсэн. МҮАН-ын дарга М.Энхсайханы хувьд өмнө нь Ардчилсан намын шилдэг лидерүүдийн нэг байсан. Ерөнхий сайдаар хүртэл ажиллаж байсан туршлагатай улстөрч. Гэхдээ “Амбицтай, албан тушаалын төлөө юу ч хийхээс буцахгүй” гэх муу нэрийг сүүлийн жилүүдэд зүүгээд байсан гэхэд болно. Хамтарсан засаг байгуулагдсаны дараа М.Энхсайханд сайдын суудал ирээгүйгээс үүдэлтэйгээр тэр ямар нэгэн хор найруулна гэх хардлага олон нийт, хэвлэлийнхний дунд үүсээд байсан шүү дээ. Дараа нь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дарга болоход нь “М.Энхсайхан албан тушаалтай боллоо” гээд л бичиж байсан. Гэвч тун удалгүй түүнийг ТӨХ ажлаас нь чөлөөлсөн. Үүний дараа “М.Энхсайхан яах бол” гэсэн асуулт дахиад л гарч ирсэн. Ямартай ч түүний үг, үйлдэл бүр олон нийт, хэвлэлийнхний анхаарлын төвд байдаг нь эрхгүй үнэн. Энэ удаад ч бас түүнийг МҮАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болов уу гэсэн эргэлзээ, бас хүлээлт үүсээд байсан. Нам нь түүний нэрийг дэвшүүлсэн. Харин тэр сонгуульд өрсөлдөхөөс татгалзлаа. Магадгүй энэ нь түүний хувьд хамгийн зөв шийдвэр болсон байж ч мэдэх юм. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэсний цаана ямар нэгэн тохироо байхыг ч үгүйсгэхгүй. Аль эсвэл өөрт нь боломж гарахгүй гэдгийг бодолцов уу. Юутай ч удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд “санал хуваагч”-аар оролцох магадлалтай эрхмүүдийн тоо нэгээр цөөрчлөө.
Л.ЭНХДЭЛГЭР
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
