
УИХ-аас өнгөрсөн аравдугаар сарын 20-нд Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолыг баталснаар эхний ээлжинд 1.5 тэрбум ам.долларын үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалах үүрэг хүлээсэн юм. Энэхүү даалгаврыг Засгийн газар амжилттай гүйцэтгэснээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-нд олон улсын зах зээлд “Чингис бонд”-ыг арилжаалсан. Харин өчигдөр Монголбанкны дансанд 1.5 тэрбум ам.доллар орж ирсэн. Үнэт цаас гаргахын тулд таван орны хөрөнгө оруулагчидтай уулзаж, зөвшилцсөнөөр 500 сая ам.долларыг таван жилийн хугацаатай, нэг жилийн хүү нь 4.125 хувь, үлдэж байгаа нэг тэрбум ам.долларыг 10 жилийн хугацаатай, нэг жилийн хүү нь 5.125 хувь байхаар тооцож гаргасан.