С.Болд: Ипотекийн зээлийн суурь хангагдсан

Хуучирсан мэдээ: 2013.05.13-нд нийтлэгдсэн

С.Болд: Ипотекийн зээлийн суурь хангагдсан

С.Болд: Ипотекийн зээлийн тогтолцоог хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрэн хангагдсан

Монголбанкны ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд Ерөнхий эдийн засагч С.Болдтой ярилцлаа.

-Иргэдэд ипотекийн зээлийг найман хувийн хүүтэйгээр олгох тогтолцоо ерөнхийдөө бэлэн болж байгаа юм байна. Тэгэхээр энэхүү найман хувийн зээлийг ямар үндэслэлээр гаргаж ирсэн бэ, өмнөх зургаан хувийн хүүтэй зээлээс юугаараа ялгаатай вэ?

-Найман хувь бол зорилтот инфляцийн төвшин. Ипотекийн зээлийн хүү нь инфляцитай уялдаж байгаа юм. Инфляциасаа хамаарч нэмэх, хасах нэг хувиар хөдөлж болно. Инфляци буу­рах тусам иргэдийн орон сууцны санхүүжилтийн хүүгийн зардал нь буурна. Монголчууд нийтдээ, бүг­дээрээ л бага инфляцитай байхыг хүсэж байгаа. Бага инфляцитай байна гэдэг ху-римтлал буюу хөрөнгө оруулалт хийж буй орон суу­цаа бага зардалтайгаар авах боломжийг бүрдүүлнэ. Инфляци өсөөд байвал ипо­текийн санхүүжилтийн хүү ес, инфляци буурвал долоо хувь болох нь. Голч нь найман хувьтай. Ипотекийн санхүүжилтийн тогтолцоог бий болгохын урьтал нөхцөл гэж зүйл бий. Урьтал нөхцлүүдийг өнгөрсөн хугацаанд Монгол Улсад хан­гаж чадаагүй. Түүнчлэн оролд­логууд нь төдийлөн үр дүнтэй байж чадаагүй. Тэгэхээр энэ удаад урьтал нөхцлүүдийг хангасан. Тийм учраас Төв банкнаас энэ бодлого руу зоригтой орж байгаа юм. Яаж хангасан бэ. Нэгдүгээрт, макро тогтвортой байдал. Энэ дотроо нэн тэргүүнд 17, 18 хувьтай байсан инфляцийг огцом бууруулах, улмаар зорилтот төвшин рүү хүргэх. Хоёрдугаарт, валютын зах тогтвортой байх. Ханш харьцангуй тогтвортой байх ёстой. Төлбөрийн тэнцэлд ирж байгаа аливаа гадаад эдийн засгийн шокууд багассан байх ёстой.

Гадаад эдийн засгаас дотоод эдийн засагт орж ирж байгаа сөрөг нөлөөллийг аль болох хохирол багатайгаар бууруулах. Нөгөө талаар, улсын сектор, төсөв байна. Өнгөрсөн хугацаанд орлого ихтэй үедээ зардлаа тэлж, багатай үедээ төсвөө танаж ирсэн. Үүнийгээ дагаад эдийн засаг нь өсч, буурч байдаг, ийм л нөхцөл байдалтай байсан. Энэ бол хэзээ ч тогтвортой хөгжил биш. Тэгэхээр тогтвортой, урт хугацааны өсөлтийг бий болгохын гол суурь, арга зам нь юу вэ гэхээр бидний удаа дараа хэлж буйгаар Монгол Улсын нийгмийн дундаж давхарга бэхэжсэн байх ёстой юм. Тэд олонхи байх ёстой. Нийгмийн дундаж давхаргыг бий болгодог гол хэрэгсэл нь тэдний хуримтлал. Тухайлбал, орон сууц. Тэгэхээр дундаж давхаргыг дэмждэг арга зам маань өөрөө орон сууцны санхүүжилт. Орон сууцны санхүүжилтийг эхлүүлэхийн тулд зөвхөн эрэлт тал руу нь дэмжлэг үзүүлэх биш. Орон сууцны барилгын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх тал руу нь зайлшгүй анхаарал хандуулж, ажиллахаас өөр аргагүй. Тэгэхээр хоёр фронтоор зэрэг явж байна л гэсэн үг. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд, энэ бүх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэхэд макро тогтвортой, санхүүгийн тогтвортой байдал туйлын чухал байсан шүү. Үүнийг алдагдуулах аливаа сөрөг нөлөөллүүд бий болоод, суурь нөхцөл алдагдаад эхэлбэл бидний одоогийн хийж буй зүйл сөрөг нөлөөлөлтэй болно. Тэгэхээр хүн бүр ярьж, хэлж байгаа үйлдэл болгон дээрээ хариуцлагатай баймаар байна. Тухайлбал, инфляцийн талаар элдэв сөрөг зүйл ярьдаг, гүтгэдэг. Буруу зөрүү юм ярьж, хүнд таалагдах гэж янз бүрийн юм ярьдаг хүмүүс цөөнгүй байна. Тэгэхээр хариуцлагатай байя л гэж байгаа юм.

-Ипотекийн зээлийг олгоод, эрэлтийг нэмэгдүүлэхээс гадна нийлүүлэлтийг дэмжинэ гэж байна. Тэгэхээр нийлүүлэлтийг дэмжихдээ яг ямар арга хэмжээ авч байгаа вэ, эхний ээлжинд 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн шугамыг нээж өгч байгаа гэсэн?

-Нийлүүлэлтийг дэмжих чиглэл дээр 2013 оны нэгдүгээр сард Барилга, хот байгуулалтын яамтай байгуулсан дэд хөтөлбөр бий л дээ. Үүнд эрэлт болон нийлүүлэлт тал дээр дэмжлэг үзүүлэх арга, механизм нь тодорхой байгаа. Монголбанк энэ хүрээнд Засгийн газартай хамтраад барилгын, тэр дундаа орон сууцны барилгын нийлүүлэлтийг гурван сувгаар дэмжиж байна. Нэгдүгээрт, дотоодын барилгын материал үйлдвэрлэгчдэд эргэлтийн хөрөнгийн санхүүжилт болон үйлдвэрлэлээ өргөтгөхөд шаардлагатай санхүүгийн дэмжлэг үзүүлэх. Энэ нь банкаар дамжиж хийгдэж байгаа, одоогоор 30-аад тэрбум төгрөгийн санхүүжилт гараад байна. Цаашид нэмэгдэх боломжтой. Нөгөө талдаа цемент, арматур. Энэ бол орон сууцны барилгын гол түүхий эд. Дотоодын үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгохын сацуу зайлшгүй импортоор авдаг цемент, арматур дээр санхүүжилтийн дэмжлэг олгоод эхэлсэн. Энэ хоёр маань нийлээд 260 орчим тэрбум төгрөгийн зээлийн шугам юм. Одоогоор 70 орчим тэрбум төгрөг гарчихаад байгаа. Гуравдугаарт нь дотоодын банкуудаар дамжуулж, орон сууцны барилга барьдаг компаниудад, яг барилга барихад нь зориулсан зээлийг банкнаас олгох. Үүний эхлэлийн санхүүжилт 300 тэрбум төгрөгөөс эхэлж байгаа. Санхүүжилт нь ойрын хугацаанд гараад эхэлчихнэ. Банк сонгох асуудал нь Монголбанкны дотоод ажил. Банктай гэрээ байгуулсны үндсэн дээр энэхүү санхүүжилтийн шугамуудыг нээж өгнө. Гэхдээ тодорхой шаардлагууд байгаа. Энэ зээлийг зөвхөн орон сууцны барилга барихад л олгоно. Өөр зорилгоор ашиглахыг хориглож байгаа юм.

-Нийлүүлэлтийг ингэж дэмжсэнээр ашиглалтад орох орон сууцнууд хэр хэмжээгээр нэмэгдэх бололцоотой вэ. Эрэлтээ хангах боломжтой юу?

-Эрэлтийг дэмжихийн өмнө нэн даруй нийлүүлэлт рүү орохоос өөр арга байхгүй. Тэгэхгүй бол үнийн “хөөс” бий болж, үнэ тогтворгүй болно. Үүнийг хүн бүр ойлгож байгаа учраас нэн тэргүүнд Монголбанк, Засгийн газрын анхаарч байгаа асуудал бол орон сууцны барилгын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх. Тэгэхээр эхний ээлжинд ямар ч байсан нийлүүлэлт рүү анхаараад, санхүүжилтийг гаргаад эхэллээ. Бодитой эрэлттэйгээ уялдаад нийлүүлэлтийг цаашдаа нэмээд л явна. Нөгөө талдаа нийлүүлэлтийг нэмэгдүүлсэнтэйгээ зэрэгцээд эрэлт дээрээ ипотекээр дамжаад яг адил хэмжээний санхүүжилтийг олгоод явах юм. Тэгэхгүй бол ипотекийн зээлийн шугам одоогийн байдлаар 800 орчим тэрбум төгрөг байгаа. Үүнийг шууд банкуудад өгчих юм шиг ойлгоод байна. Тийм биш. Үүнийг нийлүүлэлттэйгээ уялдуулж, бага багаар гаргаж өгөх юм. Нийлүүлэлт нь эрэлтийгээ гүйцэж, давамгайлсан байгаа үед орон сууцны үнэ тогтвортой байх нөхцөл бүрдэнэ.

-Ипотекийн зээлийн шугамыг нээх 800 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хаанаас гаргах вэ?

-Эхлэлийн санхүүжилт Монголбанкнаас гарна. Цаашдаа ипотекийн санхүүжилтийн тогтолцооны хүрээнд Монголбанкны орох стратеги ч бий. Гарах стратеги ч бий. Дунд хугацаанд Монголбанк үүнээс аажмаар гараад явчихна. Цаашдаа хувийн хэвшил өөрсдөө хэрэгжүүлээд явах юм.

-Тун удахгүй ипотекийн зээл хэрэгжиж эхлэх нь. Тэгэхээр ипотекийн зээлийн санхүүжилт, хэрэгжих механизм нь ямар байх вэ?

-Одоогоор бол банк ч эх үүсвэр дутагдалтай. МИК буюу Монголын ипортекийн корпораци ч мөнгөгүй. Монгол Улсын нийгмийн даатгалын сан хасах баланстай, мөнгөгүй. Засгийн газар ч бас эх үүсвэр хомс байна. Энэ нөхцөлд Төв банк л эх үүсвэрийг гаргана. Гэхдээ хуульд заасны дагуу. Хуульд заасны дагуу схемээр яаж явах вэ гэхээр эхлэлийн санхүүжилтээр зээлийн шугамыг шаардлага хангасан банкуудад нээгээд өгчихнө. Банкууд тэр мөнгийг цааш нь ипотекийн зээл авах шаардлагыг хангасан иргэдэд зээлнэ. Ингэснээрх банк өөрийн гэсэн ипотекийн санхүүжилтийн зээлийн багцтай болчихож байгаа юм. Энэ багцыг Монголын ипотекийн корпораци өөрийн ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг банкуудад зарах замаар авчихна. Ипотекийн корпорациас авсан үнэт цаасыг банк Монголбанкинд худалдана. Эцсийн дүндээ Монголбанкнаас эхлэлийн санхүүжилтээр гаргасан мөнгө маань ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас болоод ирлээ. Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн хүрээнд ниймгийн даатгалын санг дахин хөрөнгөжүүлэх ёстой. Үүнийг Засгийн газар хариуцна. Засгийн газар үүнийг хийхдээ дотоодын зах зээл дээр бонд гаргах юм. Ингээд Засгийн газар нийгмийн даатгалын сангаа мөнгөжүүлчихлээ. Тэгэхээр Монголбанк ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасаа нийгмийн даатгалын санд байршуулаад, төгрөгөө өөр дээрээ татчихна гэсэн үг. Цаашдаа банк ч гэсэн өөрийн гэсэн хувийн хэвшилд тулгуурласан ипотекийн зээлийг санхүүжүүлэх эх үүсвэртэй болж, эх үүсвэр нь нэмэгдээд явна. МИК ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасаа гаргах замаар бас мөнгөжинө. Нөгөө талдаа Нийгмийн даатгалын сан мөнгөтэй болчихно. Ингээд бүгд Монголбанкны эхлэлийн санхүүжилтээр амилаад, цаашдаа Монголбанктай, Монголбанкгүй урт хугацаандаа тогтвортой явах суурь нөхцөл болж байгаа юм.

 Л.ЭНХДЭЛГЭР

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж