
Ширээний теннисний ганцаарчилсан төрлийн болон хосын, холимог хосын шилдгүүдийг тодруулах Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Францын Парис хотноо эхэллээ. Энэ сарын 13-20-ны хооронд үргэлжлэх тус тэмцээнд манай улсын шигшээ бүтэн багаараа оролцож байна. Эрэгтэйчүүдээс улсын хошой аварга, спортын мастер Э.Лхагвасүрэн, улсын дөрвөн удаагийн аварга, олон улсын хэмжээний мастер Л.Алтантулга, спортын мастер Я.Бэгз, залуу тамирчин Б.Мөнх-Оргил нар оролцох юм. Харин эмэгтэйчүүдийн багийг улсын зургаан удаагийн аварга, олон улсын хэмжээний мастер Б.Батхишиг, энэ жилийн улсын аварга спортын мастер Б.Энхжин, залуу тоглогч Н.Дэлгэрмаа нараар бүрдүүлсэн байна. Дээрх тамирчдыг Т.Энхтөр, Б.Энхбаатар нар дасгалжуулж, Монголын ширээний теннисний холбооны дэд ерөнхийлөгч Ц.Гантулга ахалж байна.
Тэмцээн өнөөдрөөс эхлэн ганцаарчилсан төрлөөр эхэлж байна. Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Ч.БОЛ