Хуучирсан мэдээ: 2013.05.13-нд нийтлэгдсэн

Ийм аав хэрэггүй

Төрсөн үрээ цустай нь хутгаж, хүйтэн мэсээр эрэмдэглэсэн аймшигт хэрэг өнгөрөгч баасан гаригт гарсан байна. Аав нь хүүгээ хутгаар сийчжээ. Зүрх урагдах шиг л болов. Нас биенд хүрсэн эр хүн ч өөртөө хутга мэс хүргэхээс эвгүйцдэг. Гэтэл аавынхаа аймшигт тамлалыг амссан тэр хүү дөнгөж таван настай. Зургаан настай ахыг нь айлгаж, хутга авчруулан, таван настай хүүгээ тарчлааж, хоёр настай нялх охиноо халуун тогоо руу шидэж, хөмсгийг нь зад цохисон энэ хүн эцэг мөн үү. Аав байх эрхтэй гэж үү.

Интернетэд бичлэг нь тавигдаж, зураг нь нийтлэгдсэн таван настай хүүгийн амьдрал өнөөдөр биднийг түгшээж байна. Хэрэг өнгөрөгч бямба гаригийн үд дунд гарчээ. Айлын аавууд хүүхдүүдээ тойруулж суулгаад үдийн хоол иддэг гэр бүлийн хамгийн халуун дулаан цагаар аав нь төрсөн үрсээ, эхтэй нь хамт амьдаар нь тамлаж байв…

Нийслэлийн түргэн тусламжийн эмч нар “Таван настай хүүхэд заазуурдуулж гэмтсэн” гэсэн дуудлага аваад, Баянзүрх дүүрэг лүү цагдаагийнхантай хамт очжээ. Гэрийн эзэн 40 эргэм насны хүн. Эднийх 2-6 насны гурван хүүхэдтэй. Аавдаа хутгалуулсан хүүгийн толгой, нүүр нэлэнхүйдээ хөхөрч хавдсан, нуруу цээжний хэсэгтээ зүсүүлсэн, ил шарх ихтэй, дал мөрний хэсэгтээ хазуулж, цус их алдсан гээд хамгийн их зодуур амссан нь тэр байлаа. Ээж нь ч бас энд тэндгүй хазуулж, цохиулсан сорвитой. Хүүгийн зургаан настай ах, хоёр настай дүү охин хоёр нь ч мөн биедээ шарх сорви, шүдний оромтой угтжээ. Араатан амьтан ч үр төлөө хазалж хайрдаггүй байхад төрсөн хүүхдээ араатнаас дор авирлан, хазлан хэмлэдэг хүн сүгнүүд дэргэд минь амьдарч байна. 

Яаралтай түргэн тусламжийн эмч нар болсон явдлын талаар бичлэг бичиж интернетэд оруулжээ. Хүүгийн ээж эмч болон цагдаа нарт, “Нөхөр маань үргэлж ингэж авирладаг. Цагдаа аваад явдаг ч хэд хоноод гараад ирдэг. Бага хүүг саяхан төмрөөр хөлийг нь цохиж гэмтээчихээд хүмүүст гутал холгосон гэж хэлээрэй гэж айлгасан. Ахыг нь хана руу савдаг. Бага охиноо наймхан сартай байхад нь ална гэж тогоо руу шидсэн.  Охины нэг хөмсөг задарч, нүд нь солир болсон. Хоёр хүүгээр байнга лааз, шил түүлгэж, олж ирсэн мөнгөөр нь архи уудаг.

Бид дөрвийг үргэлж ална, зодно гэсэн дарамтад байлгадаг болохоор айгаад зугтаж чаддаггүй, зугтаад ч нэмэргүй” хэмээн ярьжээ. Тавхан настай хүүхэд өнөөдөр “Аав намайг янхан ээжийгээ дагаад зайлаарай, гичий минь гэж хэлсэн” хэмээн айдас хүйдэстэй амьдралаа уудалж байна.

Хүүхдийн эрх… Энэ үгний үнэ цэнэ, хамгийн нандин эрх яг хаана явна вэ. Хүүхдийг хамгаалдаг байгууллагын дийлэнхи нь өнөөдөр хэтэрхий гоё ганган бодлого ярьж, мөрөөдөл хэлхэн, ийм мэт ядарсан амьдралыг бол хөл дороо гишгэлэн өнгөрч байна. Нийгэмших ёстой, нийгэмших эрхтэй олон хүүхэд гэр дотроо хүчирхийлүүлж байна. Ийм амьдрал дундуур үсрээд л эмч, цагдаа хоёр ороод гардаг. Тэглээ гээд архи уудаг аавыг гурав хоног саатуулаад ар гэр рүү нь хариулдаг. Эргэж ирээд тэр нь эргэн тойрныхноо өс санаж зовоодог хар тавилан орц бүрт, гудамж болгонд байсаар байна. Эмэгтэйчүүд, хүүхдүүд энэ мэтээр дарамтад ороод ирэхээрээ үүнийгээ нууцалж, эргэж зодуулахгүйн тулд эцгийн аяар амьдарч эхэлдэг. Ээж эхлээд хүүхдээ өмөөрнө, хэрэлдэнэ, сална, зугтаана. Эргэж ирээд нөхөр нь сүрдүүлнэ. Эцэст нь нэг бол хүүхэд гэрээс явна, эс бол ээж нь нөхөр шигээ согтуу, хатуу амьдралд уусдаг. 

Хамгийн ойрын хүмүүсээ хамруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа хүн бусдад ямар ч эрсдэл үүрүүлж мэднэ. Гэтэл олон айлын хаалганы цаана зүсээ нуун оршиж байдаг энэ харьцааг хүмүүжүүлдэг тогтолцоо Монголд алга. Гэр бүлийн дотоод асуудал гээд хэдий болтол хаалганы цаана үлдээх вэ?

Хэдэн сарын өмнө гэр бүлийн хүчирхийллийн далд хэлбэрийн жишээг хэвлэлийнхэн олон нийтэд хүргэж, долоон настай хүүгээ зодсон хойд аавд хариуцлага хүлээлгүүлсэн. Хамгийн хэрцгий хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүүхдийн эрх зөрчсөнийхөө төлөө одоо тэр хүн ял эдэлж байгаа. Гэхдээ хаа байсан надад хүртэл хааяа “Хойд аав нь зургаан жилийн дараа гарч ирээд яах бол” гэсэн бодол нэг биш удаа төрж байсан. Одоо ч ялгаагүй. Сая аавыгаа “илчилсэн” гурван бяцхан амьтныг ч гэсэн ямар хувь заяа хүлээж байгаа бол…

Б.БАДМАА

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №011

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж