Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн санхүүжилтийг Япон Улсын холбогдох банк, санхүүгийн байгууллагатай зээлийн хэлэлцээр хийж санхүүжүүлэхээр тогтсон учраас газрын тос боловсруулах үйлдвэрийн төрийн өмчийн оролцоо 51, түүнээс дээш хувьтай байх эрх зүйн болон бусад зохицуулалтыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай болжээ. Энэ талаар хувь нийлүүлэгчидтэй тохиролцож, төрийн өмчийн оролцоо 51, түүнээс дээш хувь байхаар холбогдох арга хэмжээ авахыг Уул уурхайн сайд Д.Ганхуягт даалгалаа.
Мөн Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр ХХК-д газрын тос боловсруулах тусгай зөвшөөрөл олгох асуудлыг холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгасан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргаж, цаа буга маллан тайгад амьдарч буй цаатан иргэдийн амьдралыг дээшлүүлэх, тэдний боловсрол, нийгмийн хамгааллыг сайжруулахыг Засгийн газарт үүрэг болгосон. Уг зарлигийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг өнөөдрийн хуралдаанаар баталлаа.
Тогтоолоор Засгийн газрын 2007 онд баталсан “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, уг хөтөлбөрийг улсын хэмжээнд зохицуулах Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгууллаа. Үндэсний зөвлөл нь ажлын явц, үр дүнгээ жил бүрийн 12 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулан, олон нийтэд мэдээлж байхаар тогтлоо.
Цаатан иргэдийн амьдралын нөхцлийг сайжруулах зорилгоор 2013 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тайгад амьдардаг 18 хүртэлх насны цаатан хүүхдэд Хангайн бүсийн амьжиргааны доод түвшингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний, насанд хүрсэн иргэнд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр мөнгөн тэтгэмж олгох ажлыг зохион байгуулах журмыг баталж, хэрэгжүүлэхийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд үүрэг болголоо. Мөн алслагдсан нутагт амьдарч байгаа цаатан иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдод даалгалаа.
ТОВЧХОН:
- УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн санаачлан боловсруулсан “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай” УИХ-ын 1993 оны 59 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, зарчмын хувьд дэмжиж, зарим саналыг төсөл санаачлагчид хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
- Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг дэмжив.
- УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын санаачлан боловсруулсан “Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.
- Монгол Улсаас АСЕАН-ы дэргэд суух байнгын төлөөлөгчөөр Цэрэндоржийн Жамбалдоржийг томиллоо.