
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын хувьд улстөрд цоо шинэ хүн биш. Өмнө нь нийслэлчүүдийг төлөөлж, НИТХ-д төлөөлөгчөөр ажиллаж байсан. Гэхдээ чуулганы танхимд бол шинэ, залуу гишүүдийн нэг. УИХ-ын сонгуулийн 26-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалтаар ялалт байгуулсан тэрбээр тангараг өргөсний дараа “Бүтэн жилийн хугацаанд хүлээж байж УИХ-ын гишүүний эрхээ баталгаажууллаа. Өнгөрсөн нэг жилийн хугацааг нөхөж, сонгогчдынхоо итгэлийг алдахгүй ажиллана. Нэг жилийн хугацаа алдсан ч хоёр жилийг нөхөж, илүү хурдтай ажиллах болно. Монгол Улсын хүн амын 10 хувь нь амьдардаг СХД-ийн төлөө, Монгол Улсынхаа төлөө зүтгэж ажиллана” гэлээ.
Харин Д.Зоригт гишүүний асуудлыг эргэн сөхвөл нэлээд ярвигтай. Өвөрхангайн тойргийн маргаантай асуудлыг эцэслэхээр эхлээд АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү шинэ оны өмнө тангараг өргөж, тухайн үед Д.Зоригт нэрээ татсан билээ. Уг нь тус тойрогт МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нар сонгогчдын олонхийн санал авсан ч сонгуулийн сурталчилгааны явцад хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдож, шүүх, хяналтын байгууллагаар хэргийн нягталж дууссан тул ийнхүү Д.Зоригт тангараг өргөв. Өмнө нь Өвөрхангайн тойргоос сонгогдож, чуулганы танхимд дөрвөн жил заларсан тэрбээр тангараг өргөснийхөө дараа “Өвөрхангайчууд хоёр төлөөлөлтэй боллоо. Миний хувьд ч урт сонгууль боллоо. Сонгуулийн тухай хуулийг 2011 онд шинэчлэн баталсан. Сонгууль хуулийн дагуу болсон ч Өвөрхангай аймагт маргаан гарсан. Шат шатны шүүх дамжиж, СЕХ-ны шийдвэр гарч тангараг өргөж байгаадаа баяртай байна. Хуулийн заалт, шүүхийн шийдвэр хэрэгжиж байна гэж ойлгож байна. 11 сар гаруй хугацаанд өвөрхангайчууд нэг төлөөлөлгүй явсан учраас сонгогчид, монголчуудынхаа эрх ашиг, тэр дундаа бизнес хийдэг, баялаг бүтээдэг хүмүүсийн төлөө ажиллах болно” гэлээ.
Ийнхүү УИХ 76 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой болж, Өвөрхангай, СХД-ийн иргэд УИХ-д бүтэн төлөөлтэй боллоо. Эвлэдэггүй 76 эвлэж, элэг бүтэн боллоо.





