
Дорнын говийн замд гарахад уудам талд нь нүд алдам, тэнгэр газрын хооронд хөвсөлзөх үүлс нь сэтгэл хөглөм. Энэ тал, газар нутгийн үзэсгэлэнг олон улстай, суурин газартай хуваалцах гэсэн мэт замын бүтээн байгуулалт одоо эрчимтэй өрнөж байна. Сүүлийн 10 гаруй жил яригдсан дорнын говийг хэрэх авто замын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. БНХАУ-тай 600 км-ээр хиллэх газар нутгийг дайрах учраас олон улсын гэж нэрлэгдэх уг зам нь Дорноговь аймгийн Чойр сумаас Сайншанд хүртэлх 176.4 км-ыг хамрах юм. Уг ажлыг АНУ-ын хөрөнгө оруулалттай Монголын мянганы сорилтын сан 100 хувь санхүүжүүлж буй бөгөөд есдүгээр сард америкчуудын төсөл бүрэн хэрэгжиж дууссан байх ажээ. Өөрөөр хэлбэл, дорнын говьд татуулсан замын ажил есдүгээр сарын 1 гэхэд дуусна.
Ийнхүү 60 гаруй мянган хүн амтай Дорноговь аймагт өрнөж буй, хойшид түүх болон үлдэх бүтээн байгуулалтын ажлыг нүдээр үзэхээр Зам тээврийн сайд А.Гансүх, яамны албаныхан, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Тэ Ро, замыг бүтээхэд хөрөнгө оруулж буй Монголын мянганы сорилтын сангийнхантай хамт тус нутгийн зүг мордлоо.
176 км урт замын ажил 2008 оноос эхэлсэн боловч гүйцэтгэгч компани санхүүгийн асуудалд орж цаашид гүйцэтгэх боломжгүй болсон ажээ. Ингээд шинэ гүйцэтгэгч компаниудтайгаар замын бүтээн байгуулалт өнгөрсөн жилийн эхээс эрчимтэй өрнөсөн бөгөөд Чойроос Сайншанд хүртэлх замыг одоо БНСУ болон БНХАУ-ын компани хоёр хуваан зэрэг гүйцэтгэж байна. Тухайлбал, 90 км замын ажлыг “Халла инженеринг энд Констракшн” корпораци 33.9 сая ам.долларын санхүүжилтээр хийж байгаа юм. Харин 86,4 км замыг БНХАУ-ын “”Жиангши Уөтэр энд Гипропаувер констракшн” ХХК 31.86 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хийнэ. Ийнхүү нөр их хөдөлмөр шаарддаг замын ажлыг ганц компанид даалгах бус, чанартай, шуурхай барихын тулд хоёр гүйцэтгэгч компаниар хавсруулж байгаагаараа онцлог гэдгийг хөрөнгө оруулагчид буюу Мянганы сорилтын сангийнхан хэлж байсан.
Замын ажлыг хэрхэн гүйцэтгэж байна вэ?
Замтай танилцах албаны болон хэвлэлийн багийнхан 0 цэгт зогсч аюулгүй ажиллагааны дүрмийн зааврыг замчдаас авснаар бидний аялал эхлэв. Замын бүтээн байгуулалт хэрхэн өрнөдгийг ажиглан байхад бидний таамагладгаас илүү нарийн ажиллагаатай байх юм. Дорнын говьд тавьж буй замын бүтцийг хамгийн эхлээд сонирхлоо. Мэдээж эхлээд зам тавих хэсгийн хөрсийг хуулах бөгөөд хөрс хуулалтын ажил нийт замын хэмжээнд 100 хувь хийж дуусчээ. Хөрс хуулсны дараа 50 см зузаан хайргын суурь, 20 см-ийн цементээр бэхжүүлсэн суурь хийж, түүн дээр цацлага, хамгийн сүүлд 5 см-ын асфальт дэвсч нягтруулж байна. Ингээд ерөнхийдөө 75 см орчим зузаантай зам энд тавина. Ингээд ажил дуусчихгүй. Үүний дараа замын стандартын дагуу тэмдэг, тэмдэглэгээ, хоёр хажуу талын хөвөөг хийнэ.

БНСУ-ын хийх эхний 90 км-ын замын ажилд 313 метр урт найман гүүр, 125 орчим хоолой хийх ажил багтаж байна лээ. Ийнхүү гүүр бүтээх нь зардал их гаргасан, үзэмжтэй хэрнээ төдийлөн ач холбогдолгүй мэт энгийнээр санагдана. Гэвч гүйцэтгэгчийн хувьд замын үзэмж, чанарыг сайжруулахын хамтаар зардал хэмнэдэг байна. Тухайлбал, тухайн хэсэг газарт ус зайлуулах шаардлага гарч таарна. Ингэхэд олон байрлалд их хоолой хийхийн оронд ойр хавийг хамруулсан гүүр барих нь ач холбогдолтой ажээ.
Одоогийн байдлаар эхний 90 км хэсэг дээр цементээр бэхжүүлсэн суурийг 5 км дэвсч, хайрган суурийн ажил 2 км,асфальт 3 км тус тус хийсэн байна. Ингээд ерөнхий гүйцэтгэл 53 орчим хувьтай бөгөөд үндсэндээ асфальтан хучлагыг хийж буй. Аливаа замыг асфальтан хучлага хатаж бэлэн болж, үндсэндээ дээгүүр нь явж болохоор байсан ч хажуу талын хөвөөг хийгээгүй байвал нээдэггүй гэнэ. Хүнд даацын машин, суудлын авто машин ч замын хажуу талын ирмэг рүү мурийх, давахад хажуу ирмэг бутардаг ажээ. Тиймээс хөвөөний ач холбогдол замыг урт наслахад багагүй үүрэг гүйцтгэдэг юмсанж.
Замын хайрга, чулуу, асфальтан хучлагын түүхий эдийг үйлдвэрийн аргаар боловсруулдаг бөгөөд үйлдвэрээр нь ороод гарлаа. Замын чухал түүхий эд болох асфальтыг боловсруулах үйлдвэр нэг цагт 160 тонн асфальтыг гаргана. Харахад овор хэмжээ их шаардсан үйлдвэр атлаа утаа гаргадгүйгээрээ онцлог гэж инженер нь хэлж байв. Зам барилгын мөн нэг амин сүнс нь замын ажлын норм дүрэм. Тэгвэл зам бүтээх явцад хэдий хэмжээний түүхий эдийг ямар аргаар хийх бүх технологийг лабораторийн аргаар шийддэг байна. Эхний 90 км замын ажлыг гүйцэтгэж буй БНСУ-ын компани лаборатори ажиллуулж байна лээ. Мянганы сорилтын сангийн хөрөнгө оруулж буй уг замын төсөл есдүгээр сард дуусмагч лабораторыг Монголын талд хүлээлгэн өгөх бөгөөд цаашдаа бид өөрсдөө замын лаборатори шинжилгээ, арчилгаа засвараа шийдэхэд энэ нь маш дөхөмтэй болгоно.
Зам дээрх аялалын хоёрдугаар хэсэг буюу Чойроос Сайншанд хүртэлх замын үлдсэн 86 км замын ажлыг БНХАУ-ын “Жиангши Уөтэр энд Гипропаувер констракшн” ХХК компани гүйцэтгэж буйтай танилцлаа. Энэ хэсгийн замд гүүр байхгүй, 111 ширхэг хоолой хийх гэнэ. Замын ерөнхий гүйцэтгэл 44,6 хувьтай байна. Энд мөн үйлдвэр, лаборатори байх бөгөөд нийт 380 гаруй ажиллагсад ажиллаж буй. Үүний 301 нь БНХАУ-ын, 84 нь Монгол ажилчид юм байна. Зам хийх үйл явц, технологи нь БНСУ-тай ижил буюу 75 см зузаантай зам тавьж байна. Тухайлбал, хөрс хуулалт, далангийн ажил 100 хувь дууссан бол цементээр бэхжүүлсэн суурийн ажил 45 хувь, асфальт 16 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэж замын инженерүүд нь хэлсэн. Ерөнхийдөө хоёр өөр гүйцэтгэгч компани нэг чиглэлийн замыг хувааж хийнэ гэхээр ямар нэгэн байдлаар зам өөр хоорондоо ялгарна бодож байсан ч бодит байдал дээр тийм зүйл энд мэдрэгдсэнгүй. Харин ч аль болох нэг нэгнээсээ өрсөлдөх, чанартай, нямбай хийхийг зорьдог гэнэ. Үнэний ортой л байх. Ийнхүү хоёр талаас нь нийлүүлэн хийж байгаа замын ажил цаг хугацаа хэмнэж, заасан хугацаандаа чанартай зам хийх боломж өгч байгаа гэж хөрөнгө оруулагчид сэтгэл дүүрэн байсан.

Чойроос Сайншанд хүртэлх зам дээр дурсданчлан есдүгээр сарын нэгэн гэхэд ашиглалтад ороход бэлэн болох тухай гүйцэтгэгчид нь амалж байна лээ. Салбарын сайд А.Гансүх замыг хүлээлгэж өгөх хугацааг бататгаж асууж байсан бөгөөд замын талаар “Мянганы сорилтын сангийн хөрөнгөөр барьж байгаа зам нэг давуу талтай. 20 см цементээр бэхжүүлсэн суурь, түүн дээр 5 см зузаан асфальтан хучлага хийж байгаа нь чанартай болох нөхцлийг нь бүрдүүлж өгнө. Үүнээс харахад цаашдаа бид үүн шиг цементээр бэхжүүлж хийсэн нэг км зам барих нэгж өртгөө нэмэхээс өөр аргагүй” гэж хэлсэн юм. Ерөнхийдөө Дорнын говьд тавьж байгаа нэг км замын өртөг 650 сая төгрөг бол энгийн замд 480 сая орчим төгрөг зарцуулдаг байна. Ямартай ч замчны нүдээр харж чадахгүй ч зорчигчийн нүдээр шинжихэд уг зам жигд, тулгууртай бөгөөд хөдөө газар явахыг донсолгооноор давхихаар төсөөлдөг үеийг ардаа орхих нь гэж санагдсан.
13 жилийн настай гэгдэх зам
Ер нь зам байгуулаад л явдаг. Удалгүй эвдрээд дуусдаг туршлагыг бид сайн мэднэ. Дорноговийн уг зам нь гуравдугаар зэрэглэлийн зам гэж инженерүүд нь ярьж байсан. Ийм зэрэглэлийн замыг 13 жил ашиглах нормтой ажээ. Энэ хугацаанд шинээр нь барьсан замаа амархан эвдрэлд оруулахгүйн тулд, арчилгааг замыг ашиглалтад орсны маргаашнаас нь л шууд хийж байх юм гэнэ. Үүнд аймгийн хэмжээнд хариуцсан зам засварын компани ажиллах ажээ. Замын ашиглах эцсийн хугацаанаас гадна баталгаат хугацааны хувьд нэг жилийн дотор эвдрэл гарвал тухайн гүйцэтгэгч нь хариуцах гэнэ. Хийснийхээ дараа бултчих юм биш үү. Энэ асуудлыг шийдэхийн тулд гүйцэтгэгч компаниас анх ажлаа эхлүүлэхэд нь тодорхой хэмжээний барьцаа хөрөнгө татан төвлөрүүлсэн байна. Үүнээсээ дараа гарч болох эрсдлийг шийдэх ажээ.
Харин замын даацын тухайд, олон улсын конвенцийн дагуу 44 тонноос илүүгүй хүнд даацын машин явж болно гэдгээр шаарддаг. Гэтэл одоо хөдөө газрын замаар уул уурхайн бүтээн байгуулалтын хүнд даацын 110 тоннтой машин явж л байна. Зам дээр хэт их хэмжээний даацтай машин явуулахгүй байх, замыг удаан ашиглах талаарх хууль, эрх зүйн орчноор зохицуулах л арга бийг салбарын сайд тайлбарласан. Дорноговийн уг замыг цементээр бэхжүүлсэн сууриар хийсэн нь замын даацыг ердийнхөөс 30-40 хувиар нэмэгдүүлэх гэнэ. Өөрөөр хэлбэл, уг замаар 60 тоннын даацтай машин явбал хэвийн гэсэн үг байх нь.
Зам дагаж хөгжил…
60 гаруй мянган хүн амтай Дорноговь аймаг аялал жуулчлалын бааз суурь болох зорилтыг дэвшүүлсэн тухай аймгийн Засаг дарга П.Ганхуяг хэлсэн. Тухайлбал, Хамрын хийдийг гадаад, дотоодынхон их зорьдог учраас хийдийг түшиглэсэн аялал жуулчлалын маршрут гаргаж эхэлсэн байна. Тиймээс үүнд замын ач холбогдол үнэмлэхүйц. Зөвхөн аялал жуулчлал талаасаа гэлтгүй, орон нутгаас суурин газар руу, нийслэл рүү заавал төмөр замаар очих бус авто замаар явах боломж бүрдэж байгаад нутгийн иргэд талархалтай байсан. Чойроос Сайншанд хүртэлх 176.4 км авто замд Даланжаргалан, Айраг сумыг дайран өнгөрч буй. Сумын иргэд уг гол замыг өөрсдийн зүг улам ойртуулах санаатай байгаагаа ч илэрхийлж байсан. Хүмүүний бодолд орон нутагт нь урдуурхан зам өнгөрч байхад аль болох ойрхон байх хүсэл төрөх нь дамжиггүй. Энэ хүслийг нь хөрөнгө оруулагчид болон албаныхан цаашид бодож үзэх юм гэсэн. Америкчуудын хөрөнгө оруулалттай Мянганы сорилтын сангийн замын төсөл үргэлжлэх эсэх талаар албаныхан нь зөвлөлдөнө гэж байсан.
Ингээд Дорноговийн уудам нутгийн нэгээхэн хэсгийг гэтэлгэн буй замын ажил ирэх намар гэхэд дуусч, засмал замаар бид салхи татуулан давхих юм гэнэ. Ямартай ч цаашдаа бид, бидний үр хүүхэд Дорнын говийг хэрсэн энэ замаар явах түүхэн бүтээн байгуулалт одоо эд өрнөж байна. Харгуй замын уртаас үл шалтгаалах уг бүтээн байгуулалт улсын хөгжлийг сумаас олж авах боломжийг өгнө биз ээ.