МҮАН
МҮАН-ын Бүгд их хурлын төлөөлөгчдийн нэлээд хэсэг нь бие дааж оролцох сонирхлоо илэрхийлж байсныг эхэнд онцолъё. Мөн нэг эвсэлд багтаад буй МАХН-аасаа ч залхаж, салах тусгаарлах хүсэлтэй нь олон болсон байв. Эвсэл дэх хүчний харьцаа 70:30 байгаа тэнцвэргүй байдлыг 50:50 болгох хүсэлтийг тавьж байгаа ч үүнийг нь МАХН-чууд хэрэгсэхгүй байгаа тул МҮАН-чууд өөрсдийн замаар явах бэлтгэлээ базааж буй бололтой. Монгол Үндэсний Ардчилсан намын Бүгд их хурал хуралдаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжиж оролцохоор шийдвэрлэсэн нь ч өөрсдийгөө МАХН-ынхны сүүдэрт буй сул дорой хүчин биш гэдгээ зарлах зорилготой байв. МҮАН-ын дарга М.Энхсайхан ч “яах учраа олохоо байсан МАХН-чуудын сул дорой байдал нь эвсэлд, бидний намд сөрөг нөлөөлөл үзүүлж байна” гэх санааг намынхандаа аминчлан хэлэх нь МҮАН-чууд МАХН-аас хэзээ хэзээгүй салахад бэлэн болсныг харуулав. Өөрөөр бол, тус намын эвслийнхээ нөгөө оролцогчид сэтгэл ханамжгүй байдал нь “эвслээс нэг хүн гаргах байх” гэсэн таамаглалыг үндэслэлгүй болохыг нь батлав.
Дарга сонголтоо хийж, намынхан нь ёсчлох нь тус намын Бүгд хурлын сценари байв. Ингээд МҮАН-ын дарга М.Энхсайхан “Өнгөрснөө эргэцүүлэн бодох аваас Монголын ардчиллын түүхэнд төрийн дээд өндөрлөгүүд нэгэн улс төрийн хүчний гарт төвлөрч байсан удаа байгаагүй. АН-аас Ерөнхийлөгч сонгогдсон бол МАН-ын Засгийн газартай, МАН-аас Ерөнхийлөгч сонгогдсон бол АН-ын засгийн газартай ийм л байж. Энэ нь Засгийн газраа эсвэл огцруулдаг, эсвэл хийх ажлыг нь гацаадаг, Монголын төрийн салаа мөчир болгон өөр хоорондоо тэмцэлддэг, нэгэн гадаад эрдэмтний хэлснээр Монголчууд “төрөө шатаадаг” тоглоомоор тоглож ирсэн байдаг. 2012 оны УИХ-ын сонгууль Монголын ардчиллын түүхэнд анх удаагаа АН-д төрөө мэдэж, эдийн засгаа засах эрхийг нэгэн гарт төвлөрүүлж өгчээ. Ховорхон энэ боломжийг үр дүнтэй ашиглах явдал ганц АН-ын хэрэг биш нийт монголчуудын эрх ашиг гэж бодож байна. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийг дэвшүүлэхдээ өнөөдрийн Монголд бий болсон гадаад болон дотоод нөхцөл байдлыг бодолцон байж шийдвэрлэсэн гэж бодож байна. Цагаан морин жилийн ардчиллын галыг хамтран асаалцаж явсан Ц.Элбэгдорж алдаа оноогоо мэднэ, хийх ажлаа мэднэ, түүнд улс төрийн эрмэлзлэл байгаа. Тэгээд ч Ерөнхийлөгч гэдэг хүнийг ард түмэн өөрсдөө сонгож бойжуулдаг асар үнэ цэнээр бий болдог хүмүүн биет их хөрөнгө. Түүнийг Монголын төрд, олон түмний эрх ашигт ахин ашиглах нь зүйтэй хэмээн бодож байна” гэх илтгэлийг тавьж, намынх нь төлөөлөгчид илтгэлийг дэмжин гар өргөцгөөснөөр хурал өндөрлөв.
ИЗНН
Тус намынхан мөн л Ардчилсан намаас нэр дэвшсэн Ц.Элбэгдоржийг дэмжин сонгуульд оролцохоо илэрхийллээ. Өмнө хуралдсан МҮАН-ынхнаас ялгаатай нь гэвэл ИЗНН-ынхны шийд гайхмаар байсангүй. Намын дарга нар нь сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдчихсэн, нэр дэвшье гэх лидер тодроогүй байдал нь аль нэг хүчнийг дэмжих байх гэх таамаглалыг хэдийнэ бий болгочихсон байлаа. Намын доторх эсрэг байр суурьтай нөхөд нь гарцгаачихсан тул хурал нь ч тайван, ёслолын байдалтайгаар өнгөрлөө. ИЗНН-ын дарга “Ц.Элбэгдоржийг дэмжиж ажиллахаар болсон үндсэн хоёр шалтгаан бий. Өнгөрсөн жилүүдэд Ерөнхийлөгчийн авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь бидний үзэл баримтлалд нийцэж байгаа. Бид эрх чөлөө, ногоон хөгжлийг дэмжиж баримталдаг. Үүний эхнийх нь болох эрх чөлөөний үзэл баримтлал биднийхтэй таарч байгаа. Төрийн оролцоог багасгах, хүнд суртлыг арилгах, авилгыг аль болох бууруулах зэрэг санал санаачилга гаргаж байгаа нь үнэхээр дэмжүүштэй зүйл. Хоёрдугаарт, гэвэл манай намын гол үзэл баримтлал ногоон хөгжилийг дэмжиж, ногоон хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулахад хичээж ажиллах болов уу гэж үзэн бид Ц.Элбэгдоржийг дэмжиж, энэ удаагийн сонгуульд оролцохоор болсон” гэв. Хуралд оролцогчдын олонх үүнийг дэмжсэнээр хурал өндөрлөв.
МАХН
МАХН-ын Бага чуулган өчигдөр 15.00 цагт хуралдах байсан ч хойшилж өнөөдөр хуралдахаар болоод бана. Тус намынхан Засгийн газарт орохдоо Ардчилсан намтай Ерөнхийлөгчийн сонгуульд хамтран оролцох тухай гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээгээ биелүүлнэ гэвэл тус намынхан Ардчилсан намын нэр дэвшигчийг дэмжин оролцохоо илэрхийлнэ. Гэхдээ улс төрд онцгойрох бодлогыг баримталж буй тэдний хувьд бие даан нэр дэвшүүлэх, АН-ын нэр дэвшигчийн өрсөлдөгч болох МАН-аас нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнийг дэмжиж оролцох магадлал ч бас бий.