
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааныг тасалдуулж, улс төрийн хүрээнд багагүй шуугиан дэгдээгээд байсан энэ асуудлаар намууд тохиролцоонд хүрчээ. МАН-ын зүгээс УИХ-ын дэд даргаар Р.Гончигдоржийг сонгох тухай асуудлаар завсарлага авч, Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалтаар ялалт байгуулсан Д.Сумъяабазарыг тангараг өргүүлбэл дэд даргын асуудлыг хэлэлцэнэ гэх байр суурь илэрхийлж байсан юм. Харин АН-ын зүгээс Д.Сумъяабазарыг тангараг өргүүлэх тохиолдолд Д.Зоригтыг ч мөн тангараг өргүүлэх ёстой гэдэгт хатуу байр суурьтай байсан билээ. Ингээд энэ асуудлаар өчигдөр УИХ дахь АН болон МАН-ын бүлгүүд тус тусдаа хуралдаж, улмаар чуулганы нэгдсэн хуралдаан тасалдсан юм.
Ямартай ч энэ асуудлаар намууд тохиролцоонд хүрч, Д.Зоригт, Д.Сумъяабазар нарыг хамтад нь тангараг өргүүлэхээр шийдэж. Ингээд өнөөдрийн чуулганы хуралдааны төгсгөлд, Төрийн ордонд хөл татарсны дараа Д.Зоригт, Д.Сумъяабазар нарыг тангараг өргүүлэв.
Ийнхүү УИХ-ын сонгуулиас хойш бараг нэг жилийн дараа УИХ элэг бүтэн боллоо.





