Хуучирсан мэдээ: 2013.05.10-нд нийтлэгдсэн

В.Якунины санал

Оросууд төмөр замын бүтээн байгуулалтыг “Дэд бүтцийн хөгжил” компаниараа хийлгэх, мөн  дамжин өнгөрөх тээврийг ч  тус компаниар хийлгэх сонирхолтой байгаа аж

ОХУ-ын “Оросын төмөр замууд” нэгдлийн ерөнхийлөгч В.Якунин ирэх ням гаригт Улаанбаатарт ердөө зургаан цагийн хугацаатай ирээд буцах гэж байна. Энд ирж буй зорилго нь төмөр замын асуудлаар Ерөнхий сайдтай буюу Засгийн газартай ярилцах. Тэрбээр энэ зорилгоо тайлбарлаж, уулзахыг хүссэн захидлаа Ерөнхий сайдад ирүүлснээсээ хойш сар орчмын дараа ийнхүү Монголд хөл тавихаар боллоо.

Уулзалтын үеэр юу яригдах вэ, бидний хооронд ямар асуудал байгаа вэ гэсэн асуултуудад хариу хайсан эх сурвалжууд өөр өөрсдийн өнцгөөс таамаглал дэвшүүлж, В.Якуниныг хүлээсэн юм.

Оросууд юу хүссэн вэ?

В.Якунин төмөр замын асуудал хариуцдаг ч төмөр замчин биш улстөрч юм. Тэгэхээр энэ удаад тэрбээр улс төрийн асуудал л ярина гэсэн үг. Шинэчлэлийн Засийн газар байгуулагдснаас хойш “РЖД” /Оросын төмөр замууд/ Монголын талд нэг санал тавьсан бөгөөд түүнийхээ хариуг хааш нь эргүүлэхээ л одоо тооцоолж буй.

ОХУ Тува дахь нүүрсний ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулахыг зорьж байгаа ч нь тэндээс зах зээл рүү тээвэрлэх асуудал нь маш хүнд байдалд орсон аж. Гадаад зах зээлд биш өөрийнхөө дотоод зах зээлд хүргэх асуудал нь ийн хүндэрсэн гэдгийг ч мөн тодотгох хэрэгтэй юм байна. Өөрөөр хэлбэл, Тувагаас Красноярск хүргэх төмөр зам байхгүй. Энэ хооронд төмөр зам тавья гэхэд Саяны нурууг давах шаардлагатай бөгөөд 400 км замын өртөг зургаан тэрбум ам.доллар болно гэсэн тооцоо гарчээ. Харин үүний оронд Тувагаас Монгол руу зөөвөрлөж, Мөрөн-Эрдэнэт гэсэн чиглэлээр “Улаанбаатар төмөр зам”-тай холбох боломж байгаа гэж үзэж, энэ саналаа Монголоо талд тавиад буй юм. Энэ тохиолдолд Мөрөн Эрдэнэт хоёрын хооронд шинэ шугам зам барина гэсэн үг. Тэгж байж Монголын босоо тэнхлэгийн төмөр замтай холбогдоно. Энэ нь нэг үгээр бол ОХУ-Монголын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн эзэмшил дэх төмөр замаар нүүрсээ тээвэрлэнэ л гэсэн санаа юм.

Хөвсгөл аймгийн төв Мөрөнг Эрдэнэттэй төмөр замаар холбох төслийг олон улсын “Хойд төмөр замын холбоо” хэмээх компани хэрэгжүүлэхээр болоод байсныг Ерөнх ий сайд Н.Алтанхуяг зогсоогоод буй юм. Түүний энэ шийдвэрийн үндэслэл нь Мөрөн-Эрдэнэтийн чиглэлээс шинэ зам ороод ирсэн тохиолдолд ачаа тээвэрлэлтийн талаас Улаанбаатар төмөр замын хүчин чадал хүрэхгүй гэдэг тооцоолол. Үүний хариуд ОХУ-ын тал “Улаанбаатар төмөр зам”-аа хос болгох, шаардлагатай хөрөнгийг өөрсдөө гаргах саналыг илэрхийлсэн юм. Энэ талаар хэвлэлүүд “ОХУ Монголын  шинэ төмөр замын бүтээн байгуулалтад зориулж долоон тэрбум төгрөг гаргахад бэлэн” гэдгээ илэрхийлсэн хэмээн бичиж байгаа. Харин үүнийхээ хариуд Оросууд төмөр замын бүтээн байгуулалтыг өөрсдийн “Дэд бүтцийн хөгжил” компаниараа хийлгэх, бас зээлийг эргэн төлөхийн тулд бүх дамжин өнгөрөх тээврийг тус компаниар хийлгэх санал тавих сонирхолтой байгаа юм.

Нэг үгээр бол “Дэд бүтцийн хөгжил” компани Монголын бүх транзит тээврийг монопольдох сонирхол үүний цаана харагдаж буй.

 Монголчууд хөршийнхөө хүсч байгаагаас өөрийг сонгосон уу?

Нэгэнт төмөр зам тавих хөрөнгөө зээлээр авч буй учраас Монголын Засгийн газар үүн дээр тендер зарласан юм. Шинээр баригдах суурь дэд бүтцийн 51 хувийг Монголын төрийн өмчит “Монголын төмөр зам” компани эзэмших ба үлдэх 49 хувь дээр оролцох компаниудыг тендерт урьсан юм. Уг тендерт гадаадын 14 компани, дотоодын зургаан компани саналаа ирүүлээд буй гэх. 

Иймэрхүү олон талын оролцоог хангах байдлаар Оросуудыг “шахах”, үгүй юм гэхэд оролцоог нь бага байлгахыг Монголын эрх мэдэлтнүүд зорьж байгаа нь харагдана. Тэгэхгүй бол “Улаанбаатар төмөр зам” хамтарсан нийгэмлэгийн хувь заяаг дахиад л шинэ зам дээрээ давтана гэсэн үг. Өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг суурь дэд бүтцийг хөдлөх бүрэлдэхүүний хамт эзэмшдэг. Үүний ард “РЖД” байгаа.

Уг нь төмөр зам дээр олон улсын жишгээр бол суурь бүтцийг эзэмшдэг компани нэг тусдаа, дээгүүр нь тээвэрлэлт хийдэг компани нэг тусдаа, хөдлөх бүрэлдэхүүнээ түрээсэлдэг компани нь ч тусдаа байдаг аж. Тэдгээр нь нэг нэгдээ мөнгө төлнө, зах зээлийн зарчмаар нь зохицуулалт нь явагдана гэсэн үг. Тэгэхээр хос ч гэнэ үү, хэвтээ тэнхлэгийн ч байна уу хамаагүй Монгол Улс дахиад нэг шинэ төмөр замтай боллоо гэхэд түүнийгээ дахиад Оросын эзэмшил, хамааралд оруулна гэвэл хэцүү. Тэр тусмаа транзит тээврийг нь хамтад нь хариуцна гэдэг болзолтойгоор шүү
Байдал ийм байгаагаас харвал В.Якунин энэ удаад Засгийн газрын тэргүүнээс нэг их нааштай хариу сонсохгүй л болов уу гэж эх сурвалжууд таамаглаж байна. Гэхдээ Оросууд улс төрийн өөр нүүдлийг сөргүүлж барьцаа улам лавшруулж магадгүй учраас манай тал ямарваа нэг буулт хийхийг ч үгүйсгэхгүй юм.
    

Монголын тал В.Якунинд ямар санал тавих бол?

 
“Оросын төмөр замууд” нэгдлийн ерөнхийлөгч В.Якуниныг Улаанбаатарт ажиллах үеэр Монголын талаас ямар санал тавьж болох вэ?

Юуны өмнө “Улаанбаатарт төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулсан 1949 оны гэрээг өөрчилж шинэчлэх асуудлыг ярих юм байна. Мөн өнөөгийн өмчлөлийн тогтолцоог хадгалах, Монгол улсын төмөр замын тээврийн тухай хууль, төмөр замын талаар төрөөс барих бодлогын хүрээнд заагдсаны дагуу УБТЗ бүтцийн өөрчлөлтийн ажлыг эрчимжүүлэх талаар ярих аж. Үүнд:

  • Суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч бие даасан компаниудыг бий болгох;
  • Суурь бүтэц болон хөдлөх бүрэлтхүүний паркийн шинэчлэлийг явуулах арга замыг тодорхойлох;
  • Трансмонголын төмөр замыг 2 замтай болгох;
  • Зорчигч тээврийн салбарыг тусгаарлан шинээр хамтарсан компани бий болгож, тус компаний паркийн шинэчлэл болон Монголын төрөөс үзүүлж болох татварын хөнгөлөлт болон дотацийн системийг бий болгох;
  • УБТЗ нийгэмлэгэд шинээр оруулах хөрөнгө оруулалтын өгөөжийг дээшлүүлэх арга замыг боловсруулах асуудлууд багтаж байгаа юм байна.
З.БОРГИЛМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж