Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Төсөлтэй холбогдуулж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Баярсайханаас дараах тодруулгыг хийлээ.
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиас юугаараа давуу юм бэ?
-Одоо мөрдөж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль нь 2001 онд батлагдсан, өөрчлөлт оруулаагүй, 10 жил болсон байгаа юм. Энэ хугацаанд нийгэм, эдийн засагт асар их өөрчлөлт орсон. Цаг үетэйгээ нийцүүлэхийн тулд шинэчилсэн хуулиар үйлчлэх хүрээг нь өргөжүүлэхээр тусгалаа. Жишээ татвал одоогийн хуулиар 12 нэр төрлийн арга хэмжээг зохицуулдаг. Түүнд хугацаа, хэмжээг тоогоор нь хатуу тогтоочихсон учраас түүнээс хальж болдоггүй. Тийм учраас шинэчилсэн найруулгад хатуу хуульчилсан заалтууд оруулснаас гадна хөтөлбөрт суурилсан, зарчмуудыг тусгаж өгсөн.
-Энэ нь яг юу гэсэн үг вэ, хөтөлбөрт суурилсан зарчмууд гэдэг нь?
-Хөтөлбөрт суурилсан гэж юуг хэлээд байна вэ гэхээр тухайн жилдээ орон нутгийн онцлогийг тусгасан хөтөлбөрүүдийг гаргаад, түүнийгээ санхүүжүүлэх зарчмаар явна. Өөрөөр хэлбэл, өмнөх хууль шигээ хуулийн зүйл заалт яриад, ингэж ч болохгүй тэгж ч болохгүй гээд суугаад байх биш, дээрх зохицуулалтын хүрээнд ажлууд хийгээд явах бололцоог нээж өгч буй юм. Ер нь дэлхийн олон оронд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль нь уян хатан, цаг үетэйгээ зохицсон, их өөрчлөлтүүдийг тусгасан уян хатан чанартай байдаг. Тэр жишгийг авч, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг шинэчилсэн найруулгад орууллаа.
Хоёрдугаарт, шинэ бүлэг заалт, нэр томъёо оруулсан. Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүд “Малчин” гэдэг тодорхойлолт болно, болохгүй” гээд л ярьж байна. “Ажил олоход бэрхшээлтэй иргэдийн хөтөлбөр” гээд ярьж байна. Мөн 35, 45-аас дээш насны хүмүүсийг ажилд авахгүй, хаана ч очсон гологдоод байна. Хорихоос суллагдсан хүмүүсийг нийгэм хүлээж авахгүй, тоохгүй байна. Цэргээс халагдсан, нас биед хүрээд асрамжаас гарсан иргэдэд хөдөлмөр эрхлэх боломж алга байна. Ийм иргэдийг яах вэ, төр ямар бодлого хэрэгжүүлэх юм бэ гээд асуугаад, шийдлээ хүлээгээд байна л даа. Тийм учраас “Ажил олоход бэрхшээлтэй иргэдийн хөтөлбөр” гэдэг нь нийгмийн зорилтот бүлэг рүү чиглэсэн, хөтөлбөр байх юм. Жирийн ажилгүй иргэнээс арай өөр хэлбэрээр тусгасан, ийм л уян хатан байх чанар. Мөн нийгэмшүүлэх, давтан сургах, өөрөө өөртөө ажлын байр бий болгоход нь төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх зүйл заалтыг нэмлээ. Одоогийн мөрдөж байгаа хуульд тийм нарийн зохицуулсан зүйл заалт байдаггүй.
-Хөдөлмөр эрхэлтийг дэмжих сангаас ядуу иргэдийг хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор жижиг хэмжээний зээл олгодог гэж ярьдаг. Шинэчилсэн найруулгад энэ асуудлыг хэрхэн зохицуулсан бэ?
-Жижиг зээлийн хугацааг уртасгаж, хүүг багасгаж, хэмжээг нэмэгдүүлсэн. Жижиг зээлд хамрагддаг иргэдийн хувьд барьцаа хөрөнгөгүй ядуу хүмүүс байдаг, өнөө, маргаашаа яах вэ гэсэн. Тийм учраас өрхийн үйлдвэрлэлийн чиглэлээр ажилгүй иргэдэд зориулсан барьцаагүй зээл олгох, барьцаа болон эрсдлийн сан байгуулах гэсэн нэн шаардлагатай байгаа өөрчлөлтүүдийг тусгаж өгсөн.
-Жижиг зээлийн дээд хэмжээг хэдээр хязгаарласан бэ?
-Зээлийн дээд хэмжээ одоогийн хуулиар 10 сая, шинэчилсэн найруулгаар 20 сая гэж тогтоосон.
-Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд “Халамжаас, хөдөлмөр эрхлэлтийг салгах ёстой” гэж нэлээд ярьсан. Энэ хүрээнд бас нэг бүтцийн байгууллага бий болгох тухай хөндөөд байна уу даа?
-Хуулиар бүтцийн тухай ярьдаггүй, харин салбарын асуудлыг л зохицуулдаг. Түүнийг хольж, хутгаж яриад байна, гишүүд. Тодруулж хэлбэл, байгууллагыг татан буулгах, хооронд нь нэгтгэх, шинээр байгуулах асуудлыг хэзээ шийддэг вэ гэхээр УИХ-ын сонгуулийн дараа шинэ Засгийн газар байгуулахад УИХ-аас төрийн байгууллагын тогтолцооны бүдүүвчийг баталдаг. Тэр тогтоолоор салах, нийлэх асуудлыг шийддэг. Тэгэхээр Хөдөлмөр, халамжийн газар хэвээр байна гэсэн үг.
-Чуулганаар энэ хуулийн төслийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Н.Ганбямба “Сум бүрт байдаг Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын ганц мэргэжилтнийг хасаад санал хураачихлаа шүү дээ” гэж анхааруулаад байсан. Яг юу болчихов?
-Хоёр адилхан заалт байсны нэгийг нь хасч санал хураасан. Тийм учраас сум бүрт байх Хөдөлмөр халамжийн үйлчилгээний мэргэжилтнүүд хэвээр байна гэж ойлгож болно.
-“Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэсгээ дэмжих ёстой байтал, ажилгүй иргэдийг дэмжих талд төр илүү анхаарал тавьж байна” гэж гишүүд төсөлд шүүмжлэлтэй хандсан. Таны хувийн байр суурь?
-Би бол ойлгохгүй байгаа. Ажлаа хийгээд, цалингаа аваад явж байгаа хүнийг төр юугаар дэмжих ёстой юм бэ. Бүх юм ойлгомжтой шүү дээ, тэдний хувьд. Ажил олгогчтойгоо Хөдөлмөрийн хуулийнхаа хүрээнд хамтарсан гэрээгээр асуудлаа зохицуулна. Саяхан Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 хувиар нэмэгдүүллээ. “Ажил олгогчид хөдөлмөрчинд хэт бага цалин өгч байна” гэж Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос удаа дараа шаардаж байсан учраас ямар ч байсан цалингийн доод хэмжээнд хязгаар тавьсан. Одоо бол Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо нь ажилчдын ажиллах нөхцлийг сайжруулах зэрэг асуудалд л анхаарах ёстой шүү дээ. Бид яах вэ гэхээр ажилгүй иргэнээ, цаашид ажлын байраа алдах гэж байгаа хүмүүсийг хэрхэн хамгаалах юм, нийгэмшүүлэх зайлшгүй шаардлагатай, төрөөс зайлшгүй анхаарах шаардлагатай нийгмийн бүлгийг энэхүү шинэчилсэн хуулийн хүрээнд хэрхэн зохицуулах боломжтой вэ гэдгийг л хуульчлах гээд байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль бүх нийтэд зориулсан юм биш шүү дээ.
-Төсөлд анх 35-60 насныхныг ажилд авсан нөхцөлд Ажил олгогчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшуулал олгоно гэж байсныг гишүүд 12 дахин болгож, өөрчиллөө. Жинхэнэ уянгын халилтай заалт болгочих шиг?
-Одоо яах вэ дээ, УИХ-ын гишүүдийн гаргасан санал шүү дээ.
-Заавал тэгэх шаардлага байгаа гэж үү?
-УИХ-ын гишүүдийн өмнөөс хэлж чадахгүй. Гэхдээ энэ асуудалтай холбоотойгоор хэлэхэд чиний хэлсэн шиг уянгын халилтай заалтууд нэлээд бий. Гишүүд санал гаргаад, тэр нь дэмжлэг хүлээгээд явж байна. “Эцсийн хэлэлцүүлгээс өмнө төслийн ус, шүүсийг сайн шах” гэж үүрэг өгч байна. Тэр үед ярих зүйлүүд бий. Ганц зүйлийг хэлэхэд одоогийн хуулиар жилдээ 20 орчим тэрбум төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд зарцуулдаг бол одоогийн УИХ дээр ярьж байгаа төслийн хэмжээгээр хууль батлах тохиолдолд жилд шаардагдах хөрөнгийн хэмжээ хамгийн багаар тооцоход 55.6 тэрбум төгрөг болно. Өөрөөр хэлбэл, өмнөхөөсөө гурав дахин тэлсэн хуулийн төсөл явж байна гэж ойлгож болохоор байгаа.