Энэ талаар нь түүнээс тодруулсан юм.
-Шүүхийн тухай багц хуулийн төслийн талаар танилцуулаач?
-Багц хуульд дөрвөн хууль багтаж байгаа. Үүнд, Шүүхийн тогтолцооны тухай хууль. Энэ нь шүүхийн гурван шатны байгууллагын бие даасан байдлыг хангахад чиглэсэн эрх зүй, эдийн засаг, ёс суртахууны үндсийг тодорхойлсон ийм хууль юм. Хоёрдугаарт, шүүгчдийн эрх зүйн байдлын тухай гэсэн хууль бий. Өөрөөр хэлбэл, шүүгч хүн Монголын нийгэмд болон төрийн системд ямар байр суурь эзлэх вэ гэдгийг хөндсөн. Мөн Шүүгчийн хараат бус байдлыг хангах тухай асуудлыг тодруулсан. Түүнчлэн “шүүгч, шүүгчийн эрүүл ахуйн нөхцөл болон орон байрных нь аюулгүй байдал яаж хангагдах ёстой” гээд бүх асуудлыг тусгасан. Шүүгч хүн хэрэг үйлдвэл ямар байдлаар, хэн, яаж хариуцлага хүлээлгэх вэ гээд нарийн асуудлуудыг нэлээд оруулсан. Удаах нь, Шүүгчдийн ерөнхий зөвлөлийн тухай хууль юм. Үүн дотор, шүүх шүүхээ удирддаг системийг халах гэж байна. Мөн шүүхийн дарга харьяа шүүхээ удирддаг байдлыг халах систем байдаг. Тэд зөвхөн шүүхийн хяналт тавина. Харин захиргааны талаас хэн удирдаж, хэн зохион байгуулах вэ гэдгийг хуульчилсан. Өөрөөр хэлбэл, энэ бүхнийг Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг биеэ даасан, УИХ-аар байгуулагддаг ийм байгууллага байх юм.
-Шүүхийн шинэчлэлийг Үндсэн хуулийг өөрчлөхөөс нааш үр дүнд хүрэхгүй гэж байгаатай санал нэгдэх үү. Шинэчлэлийг хийх дараалал гаргавал?
-Юуны өмнө хуулиа шүүхэд уялдуулан шинэчлэх ёстой. Шударга хуультай байж л шударга шүүгчтэй болдог. Тиймээс хуульч нь ярьдаггүй шүүгч, шүүгч нь ярьдаг хууль гэдэг номтой юм. Тэр ч утгаараа хуулиа ч шинэчилнэ. Шүүгчдийнхээ хандлага, арга барилыг ч шинэчлэх шаардлагатай гэсэн үг. Мөн мэдлэгийг нь ч шинэчлэнэ. Хоёрдугаарт, зөвхөн шүүхтэй болгох нь чухал. Түүнчлэн шүүгчиддээ үйлчилдэг захиргааны болон техник, эрдэм шинжилгээний зохих тооны орон тоотой болгох юм. Бүр цаашлаад иргэдтэйгээ харилцдаг ялангуяа, ядарсан зүдэрсэн хүмүүстээ очоод үйлчилчихдэг унаа тэрэгтэй болгох асуудлыг хэлэлцэх нь чухал байна.