
Д.Сумьяабазарын өмнөх он жилүүд хүчтэй нь давдаг, илүү нь ялдаг шударга өрсөлдөөний талбарт өнгөрсөн бол эдүгээ шинэ үе нь ийм л хөгтэй салбарт хөл тавьснаар эхэлж байх шиг байна. Энэхүү шинэ дэвжээн дээр бол өвдөг шороодсон бөх ч туг тойрно, ер нь л юу ч болж болдог дэвжээ шүү дээ. Гайхаж ядаж л яваа болов уу. Нэг сонгуульд хоёрын хоёр удаа өрсөлдөж ялалт байгуулсан ч УИХ-ын танхимд хөл тавьж чаддаггүй ээ. Хэмжээлшгүй эрхтийн бүлэг маань ийнхүү хуралдаад, мөн өнгөрсөн жилийн сонгуульд Өвөрхангай аймгаас нэр дэвшиж өрсөлдсөн Д.Зоригтыг тангараг өргүүлсэн тохиолдолд л Д.Сумьяабазарын асуудлыг хамтад нь оруулж ирж болох юм гэж лүндэн буулгав. Уг нь бол Д.Зоригтын асуудлаар АН, МАН хоёр аль ноднин тохиролцоонд хүрсэн байсан ч өнөөдөр ийнхүү өөр асуудал болон хувирлаа.
Уг нь Д.Сумьяабазар, Өвөрхангайн тойрогт ялалт байуулсан С.Чинзориг нарыг хамтад нь тангараг өргүүлэх байх гэж ажиглагчид харж байсан юм. Өвөрхангайн тойрог дээр шүүхийн хот хөдөө дамнасан урт маргааны эцэст Г.Батхүү тангараг өргөж, Д.Зоригт “Би элдэв юм ярьж гонги¬нох¬гүй ээ, нэрээ татлаа” гэж мэдэгдсэн. Гэвч маргааныг өнөөдрийг хүртэл эцэслэн шийдээгүй л байна. Аймгийн хийгээд нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүх С.Чинзоригийг хариуцагчаар битгий хэл гуравдагч этгээдээр ч шүүх хуралдаанд оролцуулахгүй гэж захирамж гаргаж байгаад шийдвэр гаргасан гэж байгаа.
Чингээд зогсохгүй С.Чинзоригийн давж заалдах эрхийг ч хассан гэнэ. Хэмжээлшгүй эрхтийнхэн маань ингэж л хуулийг уландаа гишгэж байна. Эцэс төгсгөлгүй маргаантай хэвээрээ байгаа тойргийн асуудлаар барьцаалж, хоёронтоо ялалт байгуулсан ялагчийг тангараг өргүүлэхгүй боймилно гэдэг үнэхээр хүн болгоныг эгдүүцүүлсэн явдал болж байна. Өвөрхангайчууд гэж нийтлэлч Х.Бүрэнтогтохын дуу алдан хэлснээр үнэхээр өрөвдөлтэй сонгогчид байна аа. С.Чинзориг өнгөрсөн сонгуулиар Өвөрхангайд 23493 сонгогчийн буюу 47,6 хувийн санал авсан юм. Гэвч тэр парламентын хаалгыг өнөөдрийг хүртэл татсангүй. Өнөөдрийн байдлаар хамгийн азгүй хүн тэр л болоод байна. Монгол төрийн буулганд гучаад жил зүтгэж яваа эгэл төвшин хүн. Өвөрхангайн захир¬гаанаас л ажил хөдөлмөрийн гараа нь эхэлсэн юм билээ. Халхын сайхан нутагтаа хамаг л халуун залуу насаа шингээсэн эр юм билээ. Замнал нь хуучин төрийн дэг жаягаар л номтой журамтай явсан. Өгсүүр, удаан, тэс¬вэр тэвчээртэй замнал. Нутаг орныхондоо хүндлэгддэг. Тэр хүндлэлээр түүнийг дэмжиж тэд нь илэрхийлсэн. Гэвч тэр дэмжлэгийг нь замд нь ураад шидчихсэн. МАН ч гэж МАН. Суудал аваад ирсэн С.Чинзоригийн төлөө тэд ер нь юу хийсэн юм. Аман мэхэнд л хууртагдсаар өнөөдрийг хүрэв. Тэрнээс өөр хэлтэй амтай, хийсгэлэн, тэсвэр тэвчээр муутай, хөрөнгө мөнгөтэй, бүлэг фракцтай хүн байсан бол өдийд уралцаад л байгаа. Гэвч тэр хэтэрхий номхон, хэтэрхий даруу хүн юм. Энэ цаг үе бол энгийн даруу яваадаа халгаатай үе шүү дээ.
Хэн ичгүүргүй байна тэр боломжийг хүртэнэ. Хэн увайгүй байна тэр ашгийг авна. Ийм л үе. Ийм үе С.Чинзориг хоёр авцалдаж өгөхгүй нь ээ. Монголчууд эгэл хүнд хайртай. Монголчууд эрэлхүү сагсууд дургүй. Тэр ирэх сонгуулиар зүгээр л гараад ирнэ. Гэхдээ бүхэл бүтэн хүний хувь заяанд ингэж харгис хандаж болно гэж үү. Би монгол хүний түгээмэл зангаар л түүнийг бодож дотроо уурсч сууна. Энэ олон жил нэгээхэн ч удаа уулзаж, ярилцлага авч үзээгүй, үл таних нөхөр. Гэхдээ одоо тэр хуучин танил минь танил зовлон минь юм шиг эмзэглэн, түүний төлөө энэ эх захгүй нөхдөд дургүй хүрч байна. Энэ бол монгол хүний элгэнд явдаг үзэл юм. Энэ үзлийг хэдий хүртэл дарахыг олон түмэн эгдүүцэн харж байгаа. Уг нь ийм үзлийг дэврээх хэрэг эрх баригчдад байхгүй л байсан юм даа.
Гэвч тэд уулын өвчиндөө автжээ. Эрх мэдлийн өвчинг уулын өвчин гэж нэрлэдэг юм билээ. Тэд одоо энэ өвчинд гүн автжээ. Захын партизан л уулын өвчнөөр халуурч байна шүү дээ. Өөрийнхөө таньж мэдэхгүй, мөрөөрөө төрд зүтгэж яваа, хийсэн юмтай, хэлэх үгтэй хүмүүст партизанууд хорсч байна. Газар газраас ийм мэдээ редакцуудад ирсээр. Энэ Төрд ганц амбаар босгож өгч үзээгүй тийм нөхөд уулын өвчинд автан ухаанаа алдаж байна. Тэдний ганц нэг нь өөрийгөө Ц.Элбэгдорж гэж бодож байна. Өөрийгөө Баабар гэж ойлгож байна. Э.Бат-Үүл гэж эндүүрч байна. Да.Ганболд гэж итгэж байна. Б.Дэлгэрмаатай адилхан гэж зүүдэлж байна. Уучлаарай, тэд бол Монго¬лын ардчиллын сонгодог лидерүүд шүү дээ. Тэд бол ардчиллын романтизмын алтан үеийн түүхт хүмүүс шүү дээ.
Хувь заяа гэж үнэхээр чухал ойлголт байна. Хувьсгалыг ухаантнууд хийж, үр дүнг нь адгийн шаарууд хүртдэг гэж юутай үнэн үг вэ. Одоо наана цаадахаа мэдэхгүй хүнтэй нүүр тулаад сайхан бүтэн бүлээн ярилцаж чадахгүй “жижиг гарууд” Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшиж буй Ц.Элбэгдоржийн өмнө гай тарьж байна. Жижигхэн бор гэртээ зовлон тарьсан бүх хүнд тэр гэрийн гишүүд гомддог жамтай. Ажлаасаа хөөгдсөн, хэлмэгдсэн, өдөр шөнөгүй дарамтад орсон бүх монгол эсрэг санал. Бид бие биедээ зовлон тарих гэж Төрийн сонгуульд оролцдоггүй. Одоо Төрийн сонгуулийг ийм юм руу эрх баригчид, тэдний ажилд тавьсан чиг зүггүй нөхдүүд хийж байна. Учир нь, гэрийн зовлон бол Монголын зовлон байдаг. Дөнгөн данган тагштай хоолтой байгаа ард түмэн ийм увайгүйтлүүдээс болоод ухаангүй шийдвэр гаргадаг. Үүнийг л бид хаа хаанаа бодмоор байна. Учир нь, бид бүгдээрээ Монголдоо хайртай билээ.