…19. Энэ тоо барилгаас унасан төмөрт дарагдаж хорвоог орхисон оюутан хүүг сануулна.
Бидний үр хүүхэд өглөө гэрээсээ гараад орой гэртээ амьд харих боломж бий юу гэсэн айдаст олон олон аав ээжүүдийг автуулан дээрх хоёр тоо дурайсаар удлаа. Түүнээс хойш дахин нэг тоо нэмэгдсэн нь 26. 26 настай залуу бас л барилгаас унаж хүний хорвоог орхисон.
Тэдний талаар бидэнд тоо төдийхөн дурсамж үлдээхэд хүргэсэн энэ хэрэгт хэн буруутай вэ. Мэдээж аюулгүй ажиллагааг хангаагүй компанийхан, хяналт тавих ёстой мэргэжлийн байгууллагууд. Тэгвэл тэдэнтэй ямар хариуцлага тооцсон юм бэ. 1 жил үү, 2 жилийн хорих ялаар шийтгэсэн үү. Үгүй. Үхсэнийх нь хохь амьдынх нь зол болоод үлдсэн биз дээ. Ингэж асуувал ямар нэгэн байдлаар арга хэмжээ авсан гэж ам таглаж байна. Харин энэ жил дээрх тоонуудаас өөр тоо нэмэгдэхгүй гэсэн баталгаа бий юу.

Мартаж болохгүй сануулга
Хэрэв барилгын компанийхан аюулгүй ажиллагааг мөрдөж, барилга барих үеийн хамгаалалттай ажиллаж байсан бол долоо настай охин, 19 настай хүү, 26 настай залуу өнөөдөр бидний дунд алхаж яваа. Хохирогчид тэднээс хүүгээ, охиноо босгоод ир гэж нэхээгүй. Харин ч хүүгээ алдсан ээж “Миний хүү барилгын салбарт бугшсан бүхнийг илчлээд явлаа” гэж бусдын төлөө зовниж суугаа. Барилгын зөвшөөрөл, хаана, ямар хэмжээтэй барих вэ гэдгийг хотын дарга үзэглэдэг. Энэ үзэг хэтэрхий хамаа, замбараагүй эрээчсэнээс болоод хотод гишгэж газар ховорхон үлдэж, болсон болоогүй барилгууд сүндэрлэж. Тэднийг тоолоход бэр. Хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, нар таглан, цонх хаан сүндэрлэсэн барилгууд эцэстээ хүний аминд хүрэх аймшигт “мангас” болон хувирчээ. Хэдийгээр хотын шинэ дарга барилгын салбарын бугшлыг арилгахаар нэгэн тоог санал болгосон нь 150. Ийм хэмжээний холбогдох хууль, журмыг зөрчсөн барилгын тусгай зөвшөөрлийг тэр цуцалсан. Гэсэн ч одоохондоо мөнөөх компаниуд барилгын ажлаа зогсоосон төдийхөн л байна. Харин үлдэж байгаа барилгуудад барих технологи, аюулгүй байдлаа хангаж ажиллаж байгаа эсэх нь эргэлзээтэй хэвээрээ л байна. Энэ тухай ямар тоогоор илэрхийлдэг норм, журам байгааг хэн ч хэлж мэдэхгүй.
…Урин дулаан хэдийнэ иржээ. Эхнээсээ ч зам засвар, барилгын ажил эхэлчихсэн. Хүмүүс гадуур алхаж, зугаалж, хүүхдүүд байшингийн наагуур цаагуур гүйлдэцгээх болж. Хашаа л харна, завсар зайгүй барилга болсон болохоор тухтай тоглох талбай ч хүүхдүүдэд алга. Өнгөрсөн жилийн дуусгаагүй барилга, энэ жил шинээр баригдах барилга, зам гээд бүтээн байгуулалтаа цаг, нартай төлөвлөөд эхэлсэн. Харин дахин хүний амь эрсдэхгүй байх баталгаа байгаа болов уу. Улс орныг хөгжилд дагуулсан сайхан бүтээн байгуулалтын хажуугаар эрдэнэт хүний амь эрсэдсэн эмзэг мэдээлэл сонсохыг хүсэх хүн би гэж үү. Лав байхгүй биз. Харин зөвшөөрөл олгогчид, хяналт тавигчид нь хууль биелүүлэхгүй байгаа компаниудад хариуцлага тооцохдоо хүний амьнаас илүү үнэтэй зүйл, албан тушаал, мөнгө байдаггүй гэдгийг нь санатал нь хариуцлага тооцдог байх хэрэгтэй. Ингэж байж л барилгын салбарын бугшил болсон хүний амь үнэгүйдүүлэхгүй, хариуцлага алдахгүй.
Иргэдээс ирэх шүүмж
Дэлхийн аль ч оронд барилга барихдаа иргэдийн болон ажилчдын аюулгүй ажиллагааг хангаж, барилга барьж буй хэсгийг ногоон тороор тусгаарласан байдаг. Тэгвэл нийслэлд баригдаж байгаа барилгууд аюулгүй байдлаа хэрхэн хангаж байгаа нь бидний нүдэнд ил. Гадаадын зочид гийчид ирэхэд л ганцхан удаа Төрийн ордоны зүүн талын балгасыг өнгөлөн далдалж үзлээ. Тэд явсан, буцаад балгас л үлдсэн.
Уг нь бол тэр гадаад өнгөлөн далдлалт бус баригдаж буй барилга бүрийн аюулгүй байдлыг бодолцон тодорхой метрийн зайд барилгыг бүхэлд нь тусгаарласан тусгай тор болон хаалт хийдэг. Иргэнээ хүндэтгэдэг улс оронд энэ бол хийх ёстой ажлынх нь үүрэг. Харин манайд улсын болоод хувийн чанартай барилгын компаниуд нь хамгаалалт хийх нь битгийг хэл айлын цонх хааж, тулгаж барьчихаад “дарга нь зөвшөөрсөөн” гээд сууж байх нь энгийн үзэгдэл. Улсаа хөгжүүлж, урагш алхах зорилт тавьж байгаа бол аюулгүй байдал, сонор сэрэмжээ ч мөн өндөржүүлэх нь хэн хэнийх нь үүрэг биш гэж үү.
Одоо хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хаа хаанаа анхаарч, хариуцлагтай хандахгүй бол дахин нэргэсэн хойно нь хашгирах л болно. “Өмнө нь гаргасан зөвшөөрсөн зөвшөөрлийг цуцлаад байхдаа яадаг юм” гэх өөрсдийгөө хаацайлагч барилгын компанийнханд хандаж хэлэхэд, өмнөх удирдлагуудад өгсөн авлигаа буцааж аваад шархаа нөхөхийг зөвлөе. Долоо, 19, 26-хан насласан талийгаачдыг алхам тутамдаа, ажлаа эхлүүлэх болгондоо санаж, учирч болох эрсдэлээс сэргийлвэл хэн хэндээ дээр биш үү. МХЕГ-ынхан ч контортоо бичиг цаастай зууралдаж суухаар тэдэнд очоод зөвлө. Та нарт хүмүүс талархах болно. Иргэдийн өмнөөс энэ захиаг та бүхэнд хаяглалаа. Дахиад сануулахад, цээжлэх ёстой тоо гэвэл 7, 19, 26 шүү.