УИХ-ын гишүүн О.Чулуунбат:
-Санааг дэмжиж байна. Гэхдээ иргэдэд энэ төслийг ойлгуулахын тулд бодит баримт хэлэх хэрэгтэй болно. Сонгуулийн үед нэг хүн олон удаа санал өгсөн ямар тохиолдол гарав. Жишээгээр тайлбарлах хэрэгтэй байна?
УИХ-ын гишүүн З.Энхболд:-Үүнийг шалгахад хугацаа хэрэгтэй. Сонгогч саналын хуудсаа авахдаа гарын үсгээ зурдаг. Сонгогчдын гарын үсэг зурсан жагсаалтыг 2008 оны сонгуулийн дараа авъя гэхэд өгөөгүй. Энэ жагсаалтыг авчраад шүүх хэрэгтэй. Ингэж байж хэдэн хүн дахин саналаа өгсөн байна вэ гэдгийг тогтооно. Хэвлэлээр гарсан, тогтоохыг оролдоод бүтээгүй олон тохиолдол бий. Нэг тойргоос нөгөө тойрог руу хэдэн мянган сонгогч зөөсөн гэсэн яриа байгаа ч хуулийн байгууллагынхан тэдгээрийг нотлохын төлөө ажиллаагүй юм.
УИХ-ын гишүүн Я.Батсуурь:
-Сонгуулийн үеэр иргэд саналаа сайн дураараа дахин өгдөггүй. Түүнийг зохион байгуулсан, будилаан хутгагчид байдаг. Будилаанд оролцсон нэр дэвшигчийг эргүүлэн татах хүртэл зүйл заалт төсөлд бий юу. Сонгуулийн хэсэг, тойргийн хорооны ажилтнуудтай хэрхэн хариуцлага тооцох вэ?
УИХ-ын гишүүн З.Энхболд:
-Будилаан үүсгэсэн, хууль зөрчсөн нэр дэвшигчийг татах асуудлыг Сонгуулийн хуулиар зохицуулах боломжтой. Сонгуулийн хорооны хүмүүсийн үйлдэлд тохирох хуулийн заалт Сонгуулийн тухай хуульд байгаа.
УИХ-ын гишүүн Н.Ганбямба:
-Сонгуульд санал өгсөн хэдэн хүнийг золиослох бус цаана нь байгаа улс төрийн намуудыг, зохион байгуулагчдыг олж шийтгэх хэрэгтэй. Хүмүүс ямар аргаар нэгээс илүү санал өгдөг юм бэ, хэлж өгөөч?
УИХ-ын гишүүн З.Энхболд:
-Эрүүгийн хуулиар компани юмуу улс төрийн намыг шийтгэдэггүй. Зөвхөн иргэд холбогдсон гэмт үйлдлийг шийдвэрлэдэг. Хүн амын бүртгэл явуулдаг төрийн байгууллага байдаг. Тэр байгууллага иргэний үнэмлэх өгдөг. Үнэмлэх дээрх хаягийн наалтыг тэр байгууллага өгдөг. Иргэний бүртгэл будилаантай байдаг болохоор хурууны хээтэй иргэний үнэмлэхтэй болгох гээд байгаа. Мөн сонгуулийн үеэр иргэний үнэмлэх дээр наадаг хаягийн наалт тарааж байсан тохиолдол ч бий. Тиймээс энэ хууль батлагдвал тэр тарааж байгаа мөнгийг аваад, саналаа дахин өгөх гээд явж байгаа хүмүүст ингэж болохгүй нь гэсэн дохиог өгөх болно. Гол нь энэ төсөл сонгуулийн үеэр гардаг энэ төрлийн будилаанаас урьдчилан сэргийлэх л зорилготой юм.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:
-Сонгуулийг будилаантуулах олон арга бий. Гэтэл ганц тохиолдолд хариуцлага хүлээлгэх асуудлыг яриад байна. Бойкот зарласан тохиолдолд яах вэ?
УИХ-ын гишүүн З.Энхболд:
-Сонгуулийн тухай хуульд бойкотлох, саналаа өгөхгүй байхыг уриалсан бол хариуцлага хүлээлгэх тухай заасан байдаг юм.
Ямар ч байсан төсөл санаачлагчдын зүгээс УИХ-аар хууль батлагдсан нөхцөлд шударга сонгууль явуулах, санал хураалтын дүн үнэн зөв бодитой гарахад чухал хөшүүрэг болно хэмээн үзэж байна.
Мөн өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг нарын өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд, гишүүдийн 82.5 хувийн дэмжлэг хүлээсэн юм. Эл төслийн хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас их хэмжээний хохирол учирсан бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах. Эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр болж, чангаруулжээ. Одоо мөрдөж байгаа Тендерийн хуулиар, хууль зөрчсөн этгээдэд 60000-260000 хүртэлх төгрөгөөр торгуулах заалттай юм байна. Тэгтэл учруулж буй хохирлын хэмжээ нь түүнээс хэд дахин өндөр тусч байгаа тул, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах шаардлагатай хэмээн төсөл санаачлагчид үзжээ.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүд жинхэнэ шалгаруулалтын болзол хангасан компанийг тендерийн хуулиар гаргаж ирэлгүй, өөр компанийг шалгаруулсан тохиолдолд энэ хуулийн хүрээнд хариуцлага хүлээлгэх юм уу. Эсвэл тендер шалгаруулалтад тэнцсэн хэрнээ ажлаа цаг хугацаандаа гүйцэтгэхгүй, гэрээгээ зөрчин ажил уяад байгаа компанийн удирдлагад хариуцлага хүлээлгэх үү гэдэг тодорхойгүй байна. Хэрвээ хуулийн төсөлд заасанчлан “Бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэдэг томъёоллоор төслийг баталбал, шүүх байгууллагын шатанд энэ төрлийн гэмт хэрэг орж ирэхэд, шийдвэр гаргахад хүндрэлтэй болох тул, хэлэлцүүлгийн шатанд энэ асуудлыг нарийвчлан хуульчлах шаардлагатай хэмээн үзэж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад үүрэг өгсөн юм.
Мөн энэ үеэр хөндсөн бас нэг чухал асуудал нь хохирлыг эргэн төлүүлэх талд тусгайлан оруулсан заалт байна уу. Хэдэн тэрбум төгрөгөөр хэмжигдэх хохирол улсад учруулчихаад таван жил шоронд суучихаад гарч ирээд, төрийн албанд дахин ажиллаад, хуучин хэргээ дахиад үйлдэх болбол яах вэ. Ер нь шоронд хорьж, “шонд” өлгөснөөр асуудал шийвэрлэгдэнэ гэж байхгүй тул, хохирлыг бодитой барагдуулах талд анхаарах хэрэгтэй гэсэн саналыг гишүүд гаргав. Төслийг санаачилсан УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг “Сөрөг үр дагавар нь хэмжээлшгүй байдаг учраас зохиуд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулна гэж зааж өгсөн. Хэлэлцүүлгийн шатанд тодорхой хугацаанд төрийн албанд ажиллахыг хуулиар хязгаарлах, эд хөрөнгийг нь хураах зэрэг заалтыг тусгаж өгөх бололцоотой” гэсэн хариулт өгснөөр энэ өдрийн үдээс өмнөх хуралдааныг завсарлуулсан юм.