Онгоцноос буугаад такси барихад өмнө нь анзаарагдаж байгаагүй цагаан цамц, цагаан бээлий хар өмдөөр хосолсон таксины жолооч нар хаашаа явахыг асууж байсан нь анхаарал татав. Улсын маань нийслэлд мянга гаруй харийн гийчин зочилсон өдрүүдэд тэдэнд ямар машинаар үйлчлэх вэ гэж хотын захиргаа болон нийслэлийн Нийтийн тээврийнхэн хэрэндээ толгойгоо гашилгацгаасан юм байх. Ингээд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудын удирдлагууд уулзалдаж, энэ сэдвээр зөвлөлдөөд, бусад компаниуд нь нэрээ татаж аван, дуу нэгтэйгээр “Улаанбаатар такси транспорт сервис” компанид эл хариуцлагтай үүргийг оногдуулсан аж. Учир нь тус компанийн таксинууд харьцангуй шинэ 2011 онд үйлдвэрлэгдсэн, өнгө үзэмжтэйн дээр жолооч нарынх нь үйлчилгээ ч соёлтой, найдвартай гэнэ. Зочид төлөөлөгчдийг угтаж, дээр доргүй л хөл алдан бэлдэж, хот маань нүүрээ угааж цэмцийгээд байсан өдрүүдэд дэлхийн томоохон хотуудын такси үйлчилгээний стандартад нийцсэн үйлчилгээтэй ийм компани байсан нь яамай даа. Улаанбаатар таксиныхан ч өндөр хариуцлагатай үүргийг ухамсарлаж, дээр дооргүй бэлдэж, үйлчилгээнд гарах жолооч нараа цагаан цамц бээлийгээр хүртэл хангаж өгсөн байна. Тэр өдрүүдээс хойш зарим жолооч нар энэ хувцаслалтаа өдөр тутмын ажилдаа хэвшүүлж, надтай таарсан нь тэр байж.
Дашрамд сонирхуулахад, Улаанбаатар хотод одоогийн байдлаар нийт 16 компани нийтийн болон тусгай (VIP) тээврийн үйлчилгээ эрхэлж байна. Тэдгээр компанид бүртгэлтэй 700 гаруй такси нийслэлчүүдэд үйлчилж байгаагаас тал хувь нь “Улаанбаатар такси транспорт сервис” ХХК-д харъяалагддаг гэнэ.