Гэхдээ 1990 оноос хойш монгол багачууд стандарт боловсролыг эзэмшээд явж байгаа юм биш. Харин ч Володягийн бүтээсэн нийгмийн тогтолцоо, арга барилаас салаагүй байгаа салбарын нэг нь боловсролын салбар болоод байгааг бид бүгд харж байгаа. Монгол бичиг, Мэдээлэл зүй гэсэн хичээлийн төрөл нэмэгдэж, Володягийн төрөлх орос хэлийг заадаг байсан багш гурван сарын англи хэлний курст сурч англи хэлний багш болцгоосноос өөр шинэчлэлийг олж харахгүй байна. Нэн ялангуяа хүүхдийг нийгмийн харилцаанд сургах, сэтгэлгээний цар хүрээг тэлэх, хувь хүн болгон хүмүүжүүлэх тал дээр анхаарсан зүйл үгүй, “багш бол хаан” гэсэн захиргаадалтын хэлбэр хэвээр байгааг олон хүн шүүмжилдэг. Боловсролын салбарын стандарт ямар байгааг шинээр хөдөлмөрийн зах зээлд орж ирж байгаа шинэхэн төгсөгчид бүрнээ илтгээд өгдөг.
Нийгмийн хөгжил дэвшил, нийгмийн баялаг гэж хичнээн ярилаа ч энэ хөгжил дэвшил болоод баялгийг бүтээгчид нь Володя хүүгийн амьдарч байсан өнгөрсөн үеийнх шиг мэдлэгтэй, сэтгэлгээтэй байвал Монгол Улс дэлхийн хөгжлөөс гээгдэж, дэлхийн траншейд амьдрах болно. Тийм гунигт ирээдүйг дараа дараагийн үедээ үлдээхгүйн тулд боловсролын шинэ стандарт нэвтрүүлэх гэж байна. Монгол Улсын Засгийн газар, Кембрижийн Их сургуулийн олон улсын Шалгалтын төв хооронд Бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийн шинэчлэлийн талаар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт өнгөрсөн долоо хоногт гарын үсэг зурлаа. Энэхүү арга хэмжээнд Кембрижийн хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх ажлыг анхлан санаачилсан, тус хөтөлбөрийн автор гэж хэлж болох Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд болон Кембрижийн Үнэлгээний группийн дарга Симон Либус нар байлцжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэхүү түүхэн үйл явдлын гэрч болж тэнд цугласан олонд хандаж үг хэлэхдээ “Өнгөрсөн XX зуунд манай улс боловсролын салбартаа Зөвлөлтийн боловсролын системийг нэвтрүүлж, улсаа улс шиг улс болгосон. Харин өнөөдөр XXI зуунд Монгол Улс, монгол хүнээ олон улсын стандартад нийцсэн боловсролын тогтолцоонд оруулах том ажлын эхлэлийг тавьж байна” гэж онцоллоо.
БСШУЯ-ны төлөвлөж байгаагаар ирэх хичээлийн жилээс 30 сургуулийн тодорхой ангиуд монгол, англи хос хэлээр хичээллэж эхлэх юм байна. Өнгөрсөн жилээс туршилт эхэлсэн Хан-Уул дүүргийн 113 дугаар сургууль Кембрижийн стандартын гэрчилгээ авсан нь их ажлын эхлэл болж байна. Энэ их ажил буюу боловсролын шинэ стандарт Монгол Улсыг XXI зуунд авч явах юм. Дээр дооргүй хөөрцөглөөд байгаа уул уурхай биш шинэ монголчуудын тархин дахь их цэнэг Монголыг хөгжлийг шинэ шатанд гаргана гэдэгт итгэлтэй байна. Харин цэнэглэгч нь Кембрижийн стандарт байх болно.