Фергюсоныг багаа хэзээ орхих бол гэж их боддог байлаа.

Тодруулбал, би Сэр Алексийг хувцас солих өрөөнд яг л Стин шиг өөд болох хүн гэж төсөөлдөг байлаа. Гэвч тэрээр өөрөөр сэтгэж, өөрөөр шийджээ. Гэхдээ түүний шийдвэр хамгийн зөв, үнэн гэдэгт эргэлзэх зүйл алга.
Тэр дэлхий дахиныг олон жил тогтвортой амжилттай ажилласнаар гайхуулсан шигээ ажлаа өгөх цагтаа өгчихөж чаддаг гэдгээрээ дахиад л гайхуулсан нь энэ.
Сэр Алекс багаа ид ирэн дээр нь орхилоо. Өөрөөр хэлбэл, залгамжлах хүндээ нэг хэсэгтээ эвээ олох боломж өгч, багийнхаа амжилтад шууд сөрөг нөлөө үзүүлэхээргүй байдлаар явлаа гэсэн үг. Зарим дасгалжуулагч нар багийг хөгшрүүлчихээд эсвэл хамаг бодлогыг нь алдагдуулчихаад өөр баг руу одчихдог.
"Манчестер Юнайтед" сүүлийн 60 жилийн түүхэндээ тийм орсон гарсан, замбараагүйтүүлж, будилуулсан, их мөнгө хайсан, хямдхан цом өргөхийг хүссэн дасгалжуулагч нарыг нэг нүдээрээ ч хараагүй. Цаашид ч харахгүй гэдгээ Дэвид Мойесийг авах болсноор бэлхнээ гэрчлэв.
Мэдээж, Моуриньо ирсэн бол адал явдалтай кино үзэж буй юм шиг л санагдах байсан болов уу. Гэвч энэ бол тархи нь эргэсэн зарим багийн сандарч мэгдэж хийдэг наймаа болохоос "Манчестер Юнайтед" шиг бүгдийг олон жилээр төлөвлөж, маш тогтвортой байдлыг эрхэмлэдэг газарт үзээд суудаг "кино" нь биш.
Сэр Алексийг явснаас хойш Шотландын хөлбөмбөгт "Абердин" шиг том ялалт байгуулсан баг гараагүй. Тийм болохоор түүнийг цаашид Шотландын шигшээг удирдаач гэсэн саналыг хэд хэдэн удаа тавих боломж бий.
Сэр Алексийг хэн орлож болох вэ? гэж хэсэг зуур бодов. Уг нь багт маань тоглож байсан бүр академийн залуусын нэг байвал сайхан л байлаа. Гэвч Оле-Гуннар Сульшер дасгалжуулагчийн ажлаа эхлээд дөнгөж хоёр жил болж байна. Гиггз, Скоулз нар тоглосоор байна. Бекхэм одоо хүртэл дэлхийн хэмжээний од хэвээрээ, ертөнцөөр аялсан чигээрээ… Гэтэл Мойесийн нэрс дурьдагдав.
Тэр "Эвертон"-ыг 11 жил удирдсан. Түүнд наймаа хий гэж ихээхэн мөнгө өгсөн удаа бараг үгүй. Үргэлж л санхүүгийн хүндрэлтэй, хямдхан тоглогч хайдаг хэрнээ тэр "Эвертон"-ыг байнга л лигийн жагсаалтын эхний хэсэгт аваачиж чаддаг.
Хамгийн гол нь Мойес яг "Манчестер Юнайтед"-ын хүсээд байгаа шиг өсвөр, залуу хөлбөмбөгчдийг төрүүлж гаргаж чаддаг гэнэ. Түүний гар дээрээс л Руни ирсэн. Гэвч нэгэн содон мэдээлэл байгааг энд дурьдая. Руни Мойес хоёрын харилцаа таарамжгүй байж магадгүй гэнэ. Тиймээс Мойес ирэх сургаар Руни явахыг хүссэн гэсэн мэдээ байгаа. Гэлээ ч өнөөдөр багийн удирдлага Руниг зарахгүй гэж мэдэгдсэн.
Ингээд эргээд Мойес руу орьё.
Мойес "Престон"-д ахлагч байсан. Өөрөөр хэлбэл, Манчестерийн ойролцоохь энэ багт долоон жил тоглохдоо ахлагчаар үдсэн юм. Дасгалжуулагчийн курст суухдаа ч тэр Престонд очсон юм билээ.
Мойес Сэр Алекстай адилхан. Тэдний үнэт зүйлийг ойлгох ойлголт төстэй. Нэг улирал, нэг цом гардаж, намтартаа түүнийгээ тод хараар бичүүлэхийг тэд тэгтлээ шимтдэггүй. Тэр хоёрын адил чанар бол амралтгүй, цуцалтгүй ажиллах. Цаг хугацааг үл анзааран, хүүхдээ өсгөж буй эцэг эх шиг л ирээдүйг харан, өдөр бүр түүнийхээ төлөө сэтгэлээ өгөн зүтгэх юм.
Мэдээж, Дэвид Мойес ирснээр эхнээсээ бүх зүйл Сэр Алексийг байсан шиг байхгүй лав. Хожигдоно, тэгэхээр нь одоо халах байх гэсэн мэдээ гарна. "Манчестер Юнайтед"-ийн эрин дууслаа гэж хэлэх хүмүүс гарч ирнэ. Гэвч жингэр хуцаж л байдаг, жингийн цуваа хөвөрч л байдаг гэдэг шиг Мойес ажилласаар л байх болно. Тэгтэл амжилт хүрээд ирнэ.
Сэр Алекс Манчестерт ирсэн анхны гурван жилдээ ганц ч цом хүртэж чадаагүйг санахад илүүдэхгүй. Тэгэхэд нь багийн удирдлага тэсээд, итгээд хүлээсний шанд энэ агуу амжилтыг авчирсан билээ. Тэгж байж л Алекс Фергюсон өөрийгөө агуу дасгалжуулагч гэдгээ харуулж чадсан.
Сэр Алексгүй, түүнийг бохио зажлахыг харахгүйгээр тоглолт үзнэ гэдэг "Манчестер Юнайтед"-ын хөгжөөн дэмжигчдийн хувьд төсөөлшгүй зүйл. Учир нь хөгжөөн дэмжигчдийн цөөнгүй хувь нь Сэр Алексийг Манчестерт ирснээс хойш хорвоод мэндэлсэн залуус байгаа.
Ийнхүү Манчестерийн гол хүн Сэр Алекс Фергюсон ажлаа өгч, түүний алтан нутаг шотланд мэргэжилтэн Дэвид Мойес оронд нь ирэх нь. Амьдрал үргэлжилсээр, агуу "Манчестер Юнайтед"-ын түүх үргэлжилсээр байна.