
УИХ өнгөрсөн оны зургадугаар сард Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын тухай” тогтоолын төсөл баталснаар Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор барих төсөл ажил хэрэг болох замдаа эргэлт буцалтгүй орсон билээ. Өөрөөр хэлбэл Монголын аж үйлдвэрийн томоохон бааз суурийг барих ажлын анхны алхам хууль эрх зүйн хувьд баталгаажсан юм. Тиймдээ өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт нийслэлчүүд Дорноговийг зорьж, хэрхэн хөгжлийн бүс болгох талаар итгэл хэлэлцүүлж, санал боловсруулсан аж.
Тодруулбал, энэ сарын 15-нд буюу өнгөрсөн баасан гаригт Дорноговь аймагт “Хөгжлийн бүс-Дорноговь” арга хэмжээ болсон бөгөөд энэ чуулга уулзалтаас гарах үр дүн нь Сайшандын аж үйлдвэрийн паркийг ойрын хугацаанд барих явдал билээ. Одоохондоо шаваа ч тавьж амжаагүй Сайншандад аж үйлдвэрийн парк хэзээ босч, Дорноговь хэдийд хөгжлийн бүс болж чадахыг таашгүй юм.
Монгол Улсын Засгийн газраас нэн тэргүүнд хэрэгжүүлэх 26 төсөл баталсны 11 нь Дорноговь аймагт харилцан уялдаатай хэрэгжүүлэхээр төсөвлөөд байна. Дээрх бодлогын баримт бичгийн үр дүнд Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтын нарийвчилсан судалгааны ажлууд эхэлж, мөн Тавантолгой –Зүүнбаян чиглэлийн 400 км төмөр замын трасс батлагдан 2011 онд нэлээд ажлыг хэрэгжүүлэхээр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаад буй билээ. Одоогийн байдлаар Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын судалгааны ерөнхий зөвлөх шалгарч, гэрээнд гарын үсэг зурахад бэлэн болоод байгаа гэх. Уг судалгааны тайланг зургаан сарын хугацаанд бэлтгэж хүлээлгэн өгөхөөр гэрээнд тусгасан. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, Тавантолгой–Зүүнбаян-Сайншандын чиглэлийн төмөр зам, Замын-үүдийн эдийн засгийн чөлөөт бүс, Замын-Үүд, Ханги хилийн боомтын үйл ажиллагааг сурталчлах, хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулжээ.
Энэхүү цогцолборыг байгуулснаар ажилгүйдэл буурч, эдийн засгийн өсөлтийг нэмэгдэх гэнэ. Тус цогцолборыг ашиглалтанд оруулсанаар манай улсын эдийн засгийн бодит өсөлт огцом нэмэгдэж аж үйлдвэрийн салбарын ДНБ-д эзлэх хэмжээ 57 хувьд, боловсруулах аж үйлдвэрийн салбарын ДНБ-д эзлэх хэмжээ 14 хувьд болно гэсэн тооцоолол байна. Улмаар эдийн засгийн өсөлт 2013-2021 онуудад дунджаар 15.8 хувьд хүрч өсөх болно гэдгийг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороона дарга онцолж буй. Ингэснээр эдийн засгийн бодит өсөлт суурь хувилбараас 4.3 нэгжээр нэмэгдэх боломжтой гэнэ.
Аж үйлдвэрийн цогцолборыг сүндэрлүүлэхэд дор хаяад арван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бололтой. Энэхүү мөнгийг олохын тулд Монгол Улсад хэрэгтэй болж байгаа юм. Дээрх цогцолборын хүрээнд “Коксын үйлдвэр”, “Хар төмөрлөгийн үйлдвэр”, “Нүүрс хийжүүлэх үйлдвэр, “Зэс хайлуулах үйлдвэр”, “Барилгын материалын үйлдвэр”, “Газрын тос боловсруулах үйлдвэр”-үүд баригдах бөгөөд энэхүү томоохон үйлдвэрүүдийг дагаад жижиг дун үйлдвэр бий болох судалгаа ч гарчээ. Байгаль орчинд ээлтэй, шилдэг хот төлөвлөлтэй олон улсын хэмжээнд эдийн засгийн хувьд өрсөлдөх чадвар бүхий аж үйлдвэрийн цогцолборыг хувийн хөрөнгө оруулалтаар байгуулахаар ийнхүү Засгийн газар бодлогоо чиглүүлж эхэллээ. Цогцолборын үйлдвэрүүд нь тодорхой үе шаттайгаар баригдах ба тухайлбал “Коксын үйлдвэр” Тавантолгой-Сайншандын төмөр замыг ашиглалтанд орохтой, “Газрын тос боловсруулах үйлдвэр” Тавантолгой-Чойбалсангийн төмөр замыг барихтай цаг хугацаа, үйл ажиллагааны хувьд уялдуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Төрөөс аж үйлдвэрийн цогцолбор барихад дэд бүтцийн зарим төслүүдийг санхүүжүүлэх, хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, тодорхой хөнгөлөлт бий болгох зэргээр дэмжлэг үзүүлэхээ чуулганы үеэр эрх мэдэлтнүүд амласан байна. Ийнхүү шинэ хөгжлийн шинэ түлхүүр гэгдэж буй Дорноговь үнэхээр хөгжлийн бүс болж чадвал Монгол Улс марш эгшиглүүлэхээс ч яахав. Гэхдээ хэзээ вэ. Мөрөөдлөө зорилго болгож, зорилгоо бодит болгоход хэдий хэрийн цаг хугацааг туулах вэ.