Жил бүр зохион байгуулдаг энэхүү уралдаан нь их, дээд сургуулиудын хүний нөөцийн менежментийн мэргэжлээр суралцагч оюутнуудыг судалгаа, шинжилгээний ажилд татан оролцуулах, тэднийг дэмжих, хүний нөөцийн менежментийн мэргэжлийг сурталчлах, сургалтанд дутагдаж буй онол арга зүйн тулгамдаж буй асуудал, онол практикийн уялдаа холбоо, практик сургалтын ач холбогдлыг нэвтрүүлэх замаар сургалтын байгууллагыг ажил олгогчидтой холбох зорилготой болдог.
Уралдааны зохион байгуулагчаар Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөрийн Төв Бирж, “Цэцээ Гүн” Менежментийн Дээд сургууль, “Монголын Хүний нөөцийн удирдлага шинэчлэлийн АКАДЕМИ” болон “Орон Нутгийн Удирдлага Хөгжил сан” зэрэг байгууллагууд ажиллалаа.
“Хүний нөөцийн шинжлэх ухааны онол практикийн уялдаа холбоог боловсронгуй болгох асуудал” сэдвийн хүрээнд Санхүү, Эдийн засаг, Маркетинг, Хүний нөөц, Төрийн захиргаа, Бизнес Менежментийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, коллежуудын бакалаврын зэргээр суралцаж буй оюутнууд оролцдог бөгөөд шилдэг илтгэлүүд шалгарсан байна.
Уралдаанд “Төрийн албан хаагчийн сэдэл ба манлайлалын харилццанд ажил үүргийн онцлог нөлөөлөх нь”, “KPI аргыг ажлын гүйцэтгэлийн үнэлгээнд ашиглах нь”, “FUSSY MADM, Topics аргыг хүний нөөцийн сонгон шалгаруулалтад ашиглах нь”, “Хүмүүн капиталын боловсролын үр өгөөж, өртөг тооцолт”, “Хүний нөөцийн урсгалд нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох”, “Хүний нөөцийн бүрдүүлэлтийн эх үүсвэрүүдийг харьцуулсан судалгаа”, “Хүний нөөцийн менежментэд математик загвар ашиглах нь”, “Байгууллагын хүний нөөцийн төлөвлөлтийг сайжруулах боломж”, “Жижиг дунд үйлдвэрийн хүний нөөцийн менежментийг сайжруулах нь”, “Хүний нөөцийн гарах урсгалд нөлөөлөх хүчин зүйлс, түүнийг удирдах нь” сэдвүүдээр оролцогчид илтгэл тавьж амжилттай оролцов. Тэмцээний дүн гарахад,
1-р байр: СЭЗДС-ийн Бизнесийн удирдлагын 4-р курсийн оюутан П.Мөнхнасан “FUSSY MADM, Topics аргыг хүний нөөцийн сонгон шалгаруулалтад ашиглах нь” сэдвээр
2-р байр: ШУТИС-ийн КтМС-ийн хүний нөөцийн менжементийн 4-р курс У.Цолмонгэрэл “KPI аргыг ажлын гүйцэтгэлийн үнэлгээнд ашиглах нь” сэдвээр
3-р байр: МУИС-ийн ЭЗС-ийн бизнесийн удирдлагын 4-р курсийн оюутан Э.Бүжинлхам, Г.Мэргэн нар “Хүний нөөцийн урсгалд нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох” сэдвээр эхний байруудыг эзэлсэн байна.