Нэгэн үе шатахууны үнэ ханшийг дагаж хэлбэлздэг байсан бараа бүтээгдэхүүний үнэ одоо юань ам.долларын ханшаас шалтгаалах болсон гэх юм. Үнэхээр барааны үнэд нөлөөлөхүйц хэмжээний өөрчлөлт орсон уу?
Өнөөдөр ам.долларын ханш 1435 төгрөг байгаа нь оны эхнээс 40 төгрөгөөр буюу 3 хувиар л суларсан байна. Гэтэл 2012 онд ханш 7 хувиар чангараад, эргээд 7 хувиар суларч л байсан. Тэгэхээр энэ оны 3 хувь гэдэг бол хэвийн өөрчлөлт гэсэн үг. Ханшийн бодлогын хувьд уян хатан бодлого баримталдаг. Тэгэхээр валютын ханш бага хэмжээгээр чангарч, сулрах нь цочирдох зүйл биш. Харин барааны үнийн хувьд ханш үнэнд нөлөөлсөөр ирсэн, цаашид ч нөлөөлнө. Гагцхүү өмнөх жилүүдтэй харьцуулахад ханш нэг их өөрчлөгдөөгүй тул энэ онд үнэнд нөлөөлөхүйц хэмжээний өөрчлөлт орсон гэж бодохгүй байна.
Худалдаа үйлчилгээний салбарынхан өмнө нь бүхнийг шатахууны үнэ өссөнөөр тайлбарладаг байсан бол одоо валютын хаш хэлбэлзсэн гэдэг болж. Тэд ханш төгрөгөөр бүү хэл мөнгөөр хэмжих хэмжээнд өссөн ч мэдэрдэг. Үнэхээр тийм эмзэг салбар уу?
Худалдаа үйлчилгээ эрхлэгчид өмнө нь үнийн хэлбэлзлээ шатахууны үнэтэй уялдуулан нэмдэг байсан гэж та хэллээ. Энэ жилийн хувьд шатахууны үнэ рүү хийх боломжгүйд хүрсэн. Учир нь Монголбанк Засгийн газартай хамтран үнэ тогтворжуулах хөтөлбөр боловсруулан шатахууны жижиглэн үнийг өсгөхгүй хамгаалах үүргийг шатахуун нийлүүлэгчдэд үүрүүлсэн. Өөрөөр хэлбэл шатахуун нийлүүлэгч компаниудад бага хүүтэй зээл олгосон бөгөөд үүргээ эс биелүүлбэл зээлээ өгөхгүй байхаар журамласан. Энэ бүхэн шатахуун нийлүүлэгчдэд өртгөө нэмэхгүйгээр эрсдлийг үүрэх чадварыг бий болгосон гэсэн үг. Худалдаа наймаа эрхлэгчид ч ялгаагүй зах зээлд оролцож байгаагийн хувьд эрсдлээ хаах хэмжээний чадвартай байх ёстой. Банк санхүүгийн аль ч байгууллагад хандаж санхүүгийн үүсмэл хэрэгслийг ашиглан эрсдэл үүрэх боломжоор хангагдаж болно. Түүнчлэн манай худалдааныхан Монголбанкнаас сар тутам гаргадаг гадаад секторын статистикийг ашиглаж сурах хэрэгтэй.
Тийм туршлага худалдаа эрхлэгчдэд суугаагүй нь харамсалтай. Нийт хүн амын тал олонх нь үйлчлүүлдэг хүнс, барааны захуудад наймаа эрхэлж буй хүмүүс тэр санхүүгийн үүсмэл хэрэгслийг ашиглах боломж бий юу?
Байнаа, хүн бүр аль нэг банк, санхүүгийн байгууллагатай харьцдаг биздээ. Таньд ч банкны данс байгаа даа. Тэрхүү дансаараа дамжуулаад үүсмэл хэрэгслийг ашиглах боломжтой. Жижиг, дунд үйлдвэрлэл, хувиараа худалдаа эрхэлдэг байх тусмаа эрсдэл төдий хэмжээгээр бага байдаг. Бидний хувьд макро төвшний хэрэглэгчдийн үүсмэл хэрэгслийг хэрэглээг хянаж байдаг. Жишээ нь бөөний худалдаа эрхлэгчид ч гэх юм уу. Тэд санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглаад эхэлбэл зах зээлд үнийн савлагаа үүсэх нь бага байдаг. Манай улсын хувьд шатахуун, барилга гэсэн хоёр салбарт валютын ханшийн нөлөөлөл богино хугацаанд онцгой мэдрэгддэг.
Манай улсыг улирлын эдийн засагтай орон гэдэг. Жилийн эхний хоёр улиралд гадаад дотоодын хөрөнгө оруулалт хумигдаж, мөнгөний урсгалын гадагш чиглэдэг бол урин цагтай хамт уул уурхай, зам барилгын салбарын ажил эхэлж хөрөнгө дотогш орж ирэх нь бий. Тэгэхээр дараа дараагийн саруудад ханш тогтворжиж, эдийн засагт нааштай өөрчлөлт орох магадлал ажиглагдаж байна уу?
Сүүлийн хэдэн саруудад хөрөнгө оруулалт саарч, нүүрсний экспорт багассантай холбоотойгоор валютын орох урсгал буурсан нь төгрөгийн ханш сулрахад нөлөөлсөн. Харин ирэх саруудын хувьд Оюутолгой компанийн зэс, алтны экспорт эхэлснээр валютын орох урсгал нэмэгдэх хүлээлттэй байна. Энэ нь зөвхөн бидний биш, гадаадын хөрөнгө оруулагчдын хүлээлт гэдгийг Оюу толгойн компанийн хөрөнгийн хувьцааны индекс сүүлийн 20 хоногийн дотор л 50 хувиар өссөнөөс харж болох юм. Түүнчлэн хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин сайжирч, оны сүүлийн хагаст нэмэгдэх хандлагатай байгаа нь эдийн засагт эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна. Нэмж хэлэхэд, ханш сулрах нь зарим нэг сайн үр дагаврыг авчирдгийг мартаж болохгүй.
Тухайлбал?
Импортын бараа, бүтээгдэхүүний статистикаас харахад суудлын автомашин болон хүнсний барааны импорт буурсан дүнтэй гарсан байна лээ. Ханш суларсан үед хэрэгцээт бус импортыг хумьж эхэлдгийн жишээ энэ. Өөрөөр хэлбэл, дотооддоо үйлдвэрлэж болох зүйлсийг гадаадаас оруулж ирэхээ болино. Хүмүүсийн хэт тансаг хэрэглээ хумигдана. Төмс, хүнсний ногоо, ариун цэврийн цаас, өрмөнцөр, чихэр гэхчилэн дотооддоо үйлдвэрлэж чадаж буй зүйлээ гадаадаас өндөр үнээр авчрахаа болино гэсэн үг. Үүнийг дагалдан дотоодын үйлдвэрлэгчдэд боломж олдоно. Гагцхүү зэрэгцээд импортыг орлуулах үйлдвэрлэл хөгжих орчныг бүрдүүлэх, төрөөс оновчтой оролцох л хэрэгтэй. Эндээс харахад ханш сулрах нь тийм ч муу дүр зураг биш.
Манайхны дунд ханш сулрахад дургүйцэх хүмүүс олон байна шүү дээ. Хэрэглэгчдийн хувьд бараа, бүтээгдэхүүний үнэ өснө гэж болгоомжилж байх жишээтэй?
Гаднаас хямд бараа бүтээгдэхүүн оруулж ирээд өндөр үнээр борлуулдаг хүмүүсийн хувьд ашиг нь буураад ирэхээр дургүйцэхээс яахав. Тэдгээр хүмүүст дотоодын үйлдвэрлэл хөгжих эсэх нь огтхон ч хамаагүй байгаа хэрэг. Ханш чанга байх тусам манайхан гадаад зах зээлээс хямд төсөр, муу бараа авчирч шахах боломж нээлттэй гэсэн үг. БНХАУ-ыг Европын орнууд болоод АНУ-ын зүгээс шүүмжилж байдаг. Хятадын экспортын бүтээгдэхүүний орц, өртөг дэндүү хямд байгаа нь дээрх орнуудын худалдаа, эдийн засгийн салбарт сөрөг нөлөө үзүүлдэг байна. Манай улсын хувьд ч Эрээний бараанаас татгалзах цаг болсон. Дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тухайд ч одоо л эхлэх хэрэгтэй шүү дээ.
Нэг үе валютын ханшин дээр тоглож мөнгө олдог хүмүүс их байсан. Ханш чангарах үед хямд үнээр авсан ам.доллараар ханш суларсан үед өндөр үнээр зараад ашиг олдог байсан. Сүүлийн үед ийм хүмүүс харьцангуй цөөрсөн юм уу даа?
Эдийн засаг хүнд, валютын нөөц хомосдолтой байсан үеийнх шиг ханш нэг өдөрт 20, 50, 100 төгрөгөөр хэлбэлзэх тохиолдол дахин гарахгүй. Энэ онд л гэхэд өдрийн хэлбэлзлийн дундаж өмнөх оноос 2 дахин бага байна. Бидэнд ханшийн хэлбэлзлийг хянах бүрэн боломж бий.