-Монголын өмнө нэг чухал сонголтын үе ирж байна. Удахгүй болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас та хувьдаа ямар үр дүн хүлээж байгаа бол?
-Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүсийг харахад урьд өмнөх сонгуулиудаас нэлээн өөр, өндөр төвшинд сонгууль болох нь уу даа гэх бодол төрж байна. Одоогоор МАН-аас дархан аварга Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлээд байна. Ардчилсан нам одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг нэр дэвшүүллээ. Парламентад суудалтай нөгөө эвслээс Ерөнхий сайд асан М.Энхсайханыг нэр дэвшүүлж байна. Энэ гурван нэр дэвшигч гурвуулаа Монголын ард түмэнд маш сайн танил хүмүүс байна. Тэгэхээр Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгууль зүгээр нэг мэтгэлцээн, нэр төр хөөцөлдсөн явдал биш, бодлогын өрсөлдөөн болох байх гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, хувь хүний асуудал дээр эргэлзээ бага байх юм бол үзэл баримтлалын асуудал дээрээ анхаарах боломж гарна гэсэн үг.
– Тэгэхээр эдгээр нэр дэвшигчийн үзэл баримтлалыг авч үзэхийн тулд нэр дэвшүүлж буй улс төрийн намууд дээр төвлөрч ярихаас өөр аргагүй болж байна?
– Сонгуулийн утга учир нь юу гэвэл бид Ерөнхийлөгчийг долоох гэж, долигнох гэж сонгодоггүй. Бид түүнд Монгол орныхоо, өөрийнхөө амьдралын жолоог атгуулах гэж сонголт хийдэг. Өөрөөр хэлбэл, жолоочоо сонгох гэж байгаа хэрэг. Тэгэхээр Ерөнхийлөгчийг сонгох хамгийн гол шалгуур гэвэл тухайн нэр дэвшиж байгаа хүний ар талд ямар үзэлтэй улс төрийн хүчин байна вэ? Монгол орныг ямар замаар хааш нь хөдөлгөх вэ гэдэг асуудал эн тэргүүнд тавигдах ёстой. Энэ л гол шалгуур. Энэ удаагийн сонгуульд энэ гол шалгуурыг барьж сонголт хийнэ биз. Энэ талаас нь харин аваад үзэхэд нэр дэвшигчдийн байдал их өөр, өөр юм.
– Нэр дэвшигчдийн хувийн шинж чанараас гадна тухайн улс төрийн намын нэр хүнд сонголтод голлох нөлөөтэй гэж ойлгож болох уу?
– Тийм ээ. Гол өрсөлдөөн аварга Б.Бат-Эрдэнэ, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёрын хооронд л болох байх. Би гурван нэр дэвшигчийг гурвууланг сайн мэднэ, насаар надаас бага ч хэн хэнтэй нь сайн нөхөд. Ц.Элбэгдоржийг гэхэд 1990 оноос хойш мэдэх юм. Монголын ардчиллын тугийг тэр үеэс одоог хүртэл өргөж, амьдралаа зориулж яваа ийм удирдагч. Тууштай үзэл санаа тээгч, ардчиллын туг хазайвал хэзээ ч тэмцэнэ гэж зорьж ирсэн. Өмнө нь хоёр удаа Ерөнхий сайдаар ажилласан, Ерөнхийлөгчийн нэг бүрэн эрхийг дуусгаж байна. Энэ хугацаанд хийсэн бүтээсэн зүйлийг нь харахад ард түмний итгэл хүлээх чадвартай хүн гэдгээ харуулсан. Б.Бат-Эрдэнийн хувьд монгол бөхийн дэвжээнд улсын наадамд арван хэд түрүүлсэн, хууль зүйн ухааны доктор, улстөрд нэр хүндтэй яваа, ус, газар шорооныхоо төлөө ажилладаг, хүнийхээ хувьд үлэмж сайн хүн. Гэхдээ тэдний ард улс төрийн нам нь бий. Жишээлэхэд Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигчийн ар талд МАН байгаа шүү дээ. Энэ чинь урьд нь МАХН гээд улс орны түүхэнд 100 жил болсон, социализмын гажуудалтай нийгмээрээ явж ирсэн атлаа “бид өөрчлөгдлөө” гэж хэлээд зогсч байгаа хүчин шүү дээ. Гэтэл өөрчлөгдсөн үү гэдэг нь өөр асуудал. Зөвхөн өнгөрсөн 4-5 жилд 2008 оноос хойш гэхэд МАХН, одоогийн МАН-ын төр барьж байх үед юу болов гээд харья. 2008 онд цус урсгаж эхэлсэн. Монголын ардчилсан замналын түүхийг цусаар будсан нам шүү дээ. Үүний төлөө улс төрийн хүчин, төрийн эрх баригчид ард түмнээс уучлал гуйгаагүй. 2008 оны сонгуулиас хойш 2012 он хүртэл үргэлжилсэн хугацаанд иргэддээ 1.5 сая төгрөг өгнө гэж амлаад үүнийгээ биелүүлэхийн тулд улсынхаа эдийн засгийг туйлдтал нь бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлж мөнгө тараасан. Үүнийхээ золионд Оюутолгойгоос мөнгийг нь аваад урьдчилаад идчихсэн. “Эрдэнэс-Тавантолгой”-н мөнгийг урьдчилаад идчихсэн. Хөгжлийн банкны нэрээр мөнгө аваад урьдчилаад идчихсэн. “Эрдэнэт”-ийн нэрээр зээл аваад идчихсэн. Монголынхоо ирээдүйг ингэж эрх тушаалын төлөө золионд тавьсан улс төрийн хүчин аваргын ард байна гэдгийг мэдэх ёстой.
– Эдийн засгийг хүнд байдалд хүргэснийхээ хариуцлагыг хүлээгээд өнгөрсөн УИХ-ын сонгуулиар МАН ялагдчихсан шүү дээ…
-Гэхдээ үүнийг сонгогчдын өгсөн дүн, хариуцлага тооцсон алхам гэж ойлгож байна уу гэдэг их чухал. Сая МАН Засгийн газрыг огцруулах асуудлыг гаргаж тавилаа. Ийм асуудал тавьж болохгүй гэж байгаа юм биш. Үнэхээр Н.Алтанхуяг гэдэг хүн авлига, хээл хахуульд холбогдсон бол эхлээд хуулийн байгууллагад хандаж шалгуулаад нотлогдвол үүнийг УИХ-д тавьж болно л доо. Харин шууд УИХ дээр өөрснөө барьж орж асуудал тавьсан учраас улс төрийн сэтгэлзүйн арга хэрэглэж байна гэдгээс өөрөөр хэлэх арга байхгүй. Нөгөө талаас өнгөрсөн дөрвөн жилд тэдний удирдлага дор юу болов гэхээр Оюутолгойн гэрээг хийхдээ үндэсний эрх ашгаа тооцож чадсангүй. Тавантолгойн гэрээг хийхдээ өөрсдийнхөө эр ашгийг хадгалж чадсангүй. Газар нутгаа гадныханд өглөө. Халхголд газар өгсөн асуудал ярих гээд байна шүү дээ. Үгүй, ингээд харахаар газар нутгаа хүртэл гадныханд өгч үндэснийхээ эрх ашгийг хохироосон улс төрийн хүчин монголчуудын хайрлаж хүндэтгэдэг энэ хүний ард нуугдаж байгаа юм шүү. Ийм болохоор би хувьдаа Б.Бат-Эрдэнийгээ өмгөөлнө, хамгаална. Харин Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлж байгаа МАН-ын үзэл, зорилгыг хүлээн зөвшөөрөх ямар ч арга байхгүй. Тийм болохоор иргэнийхээ хувьд би “МАН-ын Ерөнхийлөгч гэдэг бол өнөөдрийн нөхцөлд зохимжгүй” л гэж хэлнэ.
– Ардчилсан намыг та хэрхэн дүгнэж байгаа бол? Хөндлөнгөөс бол эрх баригчдын алдаа эндэгдэл л илүү тод харагдаж байна шүү дээ.
– Ардчилсан намд алдаж байгаа зүйл их бий. Тэдэн дотор Ардчилсан намын нэрийг гутааж байгаа хүн цөөнгүй байна. Гэхдээ Ардчилсан намын гар нь цусгүй юм. Ардчилсан нам ард түмнийг өмчтэй болгоё, шашинтай болгоё, эрх чөлөөтэй болгоё, иргэдээ орон сууцтай, малтай болгоё гэж л ажиллаж ирсэн. Энэ утгаараа дараагийн Ерөнхийлөгч өнөөдөр төр барьж байгаа УИХ, Засгийн газартайгаа гар нийлж ажиллах хүн байвал Монголын ирээдүйг их өөр утгаар харуулж чадах тийм боломж бүрдэнэ. Ийм учраас би хувьдаа Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг дэмжиж байгаа. Одоо эдийн засаг уналаа гэж байгаа бол Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед ч юм уу, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед ийм боллоо гэж үзвэл эндүүрэл шүү. Үндэс суурийг нь өмнөх эрх баригчид л тавьсан юм. Ардын намынхан төр барьж байхдаа эдийн засгийг туйлдуулж, бүх тэнцвэрийг нь алдагдуулсан. Харин тэгж хүндэрсэн эдийн засгийг энэ хэрд авч яваа нь их юм. Төсвийн алдагдал их байгаа ч өмнө нь баахан нүүрс гаргана гээд төсвөө хийчихсэн тохиолдолд аргагүй юм. Дэлхийн эдийн засаг, хөрш орны эдийн засаг саарч байгаа нөхцөлийг тооцох хэрэгтэй. Үүнийг өнөөгийн эрх баригчдын бодлого, ардчилалтай холбож тайлбарлах ёсгүй.
– Эдийн засаг уналттай үед эрх баригчдын нэр хүнд унадаг нь бараг жам шүү дээ?
– Эдийн засгийг удирдах хоёр л хөшүүрэг бий. Тэр нь юу гэхээр нэг талаас хөрөнгө оруулах, нөгөө талаас бүтээмж гаргах. Хэрэв өөрт мөнгө байхгүй бол гадны хөрөнгө оруулалтыг эдийн засагт татах ёстой. Гэхдээ гадны хөрөнгө оруулалтыг татаж байна гэдэг нэрээр баялгийг нь ухаад аваад гарахад ард нь баярлаад суух ёс байхгүй л дээ. Үүнийгээ ялгах чадвартай байх ёстой. Энэ талаас нь бодоод үзэхэд Монголын эдийн засаг одоо 7 хувийн өсөлттэй байна гэдэг хүн амын өсөлтөөсөө гурав дахин их байгаа юм. Энэ бол дэлхийн аль ч улстай харьцуулаад аваад үзсэн муугүй өсөлт. Харин энэ чигээрээ явбал эдийн засгийн өсөлт маань динамик сайтай, хөрс сайтай байх талтай. Тэрнээс биш гадны хөрөнгө оруулаад тэрүүгээрээ өсөлтөө хэмжээд явах нь зөв биш. Хүмүүст нэг буруу ойлголт байгаад байдаг юм. Жишээлбэл, 1000 төгрөгтэй хүний орлого өдөрт 1000 төгрөгөөр нэмэгдлээ гэж бодьё. Энэ тохиолдолд тэр хүний орлого 100 хувь нэмэгдлээ гэж хэлнэ. Маргааш нь дахиад 1000 төгрөгөөр нэмэгдлээ гэхэд өөрт нь байгаа мөнгөний 50 хувьтай тэнцэх хэмжээгээр өссөн гэсэн үг. Дараа өдөр нь дахиал 1000-аар нэмэгдэхэд 33 хувиар нэмэгдлээ гэж хэлнэ. Ингэхээр аливаа юмны хэмжээ томроход инерци нь нэмэгдээд хувь нь буурдаг. Бүтээгдэж байгаа баялаг үүний цаана хэвээрээ байгаад байдаг. Тэгэхээр ялгаж ойлгохгүй, үргэлж хувь ярьж болохгүй. Тэр хувийн цаана хэдэн төгрөг байгааг ялгаж ойлгоно биз ээ. Энэ оны эцсээс эдийн засаг сэргэх байх.
-Та магадгүй Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн яаж гарахыг урьдчилж харж байгаа байх?
-Сонгуулийн дүнгээ урьдчилж харахын тулд Монголын ард түмэн нэг зүйлийг бодох ёстой болов уу. Яагаад гэхээр 2012 оны сонгуулийн үр дүнд Ардчилсан нам парламентад хамгийн олон суудал аваад олонхийг бүрдүүлж байна, засгийн эрхээ барьж байна. Тэгэхээр ийм үед Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгчтэй байна гэдэг түүхийн захиалга болж буй юм. Түүхийн захиалга шүү. Түүнээс биш өөр намаас Ерөнхийлөгч гараад одоогийн УИХ, Засгийн газартайгаа тэрсэлдэж зөрчилдөөд байна гэдэг түүхийн захиалга байхгүй. Эв нэгдэлтэй, хүчтэй байя гэвэл төрийн бүх институци нэгдмэл бодлоготой, нэгдмэл байр суурьтай байх хэрэгтэй байна. Тэгээд ч нийгэмд газар авч байгаа шударга ёсны төлөөх тэмцэл, авлигын эсрэг тэмцэл, үнэний төлөө тэмцэл, ард иргэдийн амьдралын төлөө гэсэн сэтгэл үр дүнд хүрэх юм бол Монголын ард түмэн л хожно.
– Монголын нийгэмд өрнөж байгаа тэмцлүүдийг үр дүнд хүргэх хэрэгтэй гэж та хэллээ. Үүндээ авлигын эсрэг, шударга ёсны төлөө зэрэг хэд хэдэн асуудлыг та онцоллоо. Энэ бүхнийг иргэд дэмжиж байгаа хэрнээ үүний ард нугалаа, завхрал гарч байна гэсэн зөрчилтэй ойлголттой яваа нь бас анзаарагдаад байх юм. Та энэ талаар юу хэлэх вэ?
– Энэ бүх тэмцлийн ард хэн нэг гэмтэн, хэн нэг хохирогч байж байгаа. Тэдний талаар ярья гэвэл өөр хэрэг. Гэхдээ миний хэлж байгаа зүйл гэвэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монгол оронд шударга ёс, үнэний салхи наашаа эргэлээ гэдэг итгэл үнэмшлийн тухай юм. Төрийн албаны янз бүрийн шатан дахь хээл хахууль хэрээс хэтрээд ер нь ялзрал хүчтэй газар авсаар өдийг хүрсэн шүү дээ. Үүний эсрэг үнэхээр дохио өгөхүйц хүчтэй тэмцэл энэ үед л эхэллээ. Татварынхны, МИАТ-ийнхний, Төрийн банкныхны асуудал гээд үе үед янз бүрийн шатанд бугшиж байсан алдаанууд илчлэгдлээ. Цаашдаа ч энэ тэмцэл газар авна байх. Авлигын эсрэг тэмцэл шинэ амьсгаатай боллоо. Ямар ч байсан монголчууд үнэний хорвоод амьдрах итгэл үнэмшил төрж эхэллээ. Үүнийг цааш нь тууштай үргэлжлүүлж, үр дүнг нь үзэж чадвал Монголын нийгэмд эрүүл жишиг, хэм хэмжээ тогтоно. Өөрөөр хэлбэл, хууль ёсоор амьдардаг шударга нийгэм бүрэлдэнэ. Үүний эхлэл өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед тавигдлаа гэж хэлэхэд дөвийлгөсөн хэрэг болохгүй. Мөн түүний бүрэн эрхийн хугацаанд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх нь хэзээ хэзээнээс илүү баталгаажлаа. Өнгөрсөн оны есдүгээр сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн гарын үсэг зурж, Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статусыг хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан. Энэ бол зүгээр нэг цөмийн зэвсэггүй бүсийн тухай нэрийн төдий асуудал биш Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулж, үүнийг хүндэтгэхийг бүх дэлхийн улс орнуудад уриалсан тогтоол гарсан. Сая л гэхэд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг Монгол Улс хоёр жил даргалаад эрхээ шилжүүллээ. Энэ хугацаанд Монгол Улсын нэр хүнд дэлхийд их өндөрт гарсан л даа. Одоо Арабын орнууд хямралтай амьдарч байна. Арабын ертөнцөд хандаж, дэлхийн томоохон удирдагчид “Монголыг хар, жишээ ав” гэж зөвлөдөг болсон нь учиртай юм шүү дээ.
– Аливаа ард түмэн цаг үеийнхээ лидерийг төрүүлж чадахгүйгээс болж их зовдог гэж та нэгэнтээ хэлж байсан. Бидний өнгөрсөн хорь гаруй жилийн зовлон бас эндээс үүдсэн юм болов уу? Ардчиллыг сонгосноос хойш хорин жилийн дараа л ардчилсан ерөнхийлөгчийг ард түмэн сонгосон шүү дээ…
– Бидний өнгөрсөн жилүүдийн зовлонгийн шалтгааныг хайгаад үзэхээр тийм бодол төрдөг юм. Улс, нийгэм гэдэг өөрөө маш их төвөгтэй жам хуулиар амьдардаг организм юм даа. Тэгэхээр хүчтэй, нэр төртэй удирдөгч төрнө гэдэг уурхай нээхээс үлэмж төвөгтэй. Уурхай нээгээд баялгийг худалдаад мөнгөтэй болж болно. Харин удирдагчдыг гаднаас мөнгөөр худалдаж авч болдоггүй, өөрснөө хүмүүжүүлэх хэрэгтэй болно. Энэ тухай л асуудал л даа. Ингээд бодоход ер нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед Монголын нийгэмд юу болов гэхээр хөгжил дэвшлийн шинэ баримжаа бий боллоо гэж хэлж болно. Өмнө нь энэ чиглэлд бид “мөнгө л олж байвал боллоо” гэсэн төрийн бодлогын чиг баримжаатай явж байсан. Гадныхан ирээд газрыг нь ухаад баялгийг нь аваад явахад бид хөгжиж байна гээд баярлаж, ард нь тунхагладаг байлаа. Гэтэл энэ бүхэн одоо зөвөөрөө эргээд Оюутолгойн гэрээ, Тавантолгойн асуудал нааштай тал руугаа явж байгаа нь төрийн тэргүүний чиг хандлагатай холбоотой юм. Миний бодоход Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаанд бий болж байгаа үзэгдэл гэж хэлж болохоор нэг зүйл бий. Урьд нь бид Ерөнхийлөгчийгөө “бэлгэдэл” гэсэн утгаар хардаг байсан. Гэтэл Үндсэн хуулийн маань үзэл санаа “Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн тэргүүн” гээд заачихсан.. Төрд тэргүүн хэрэгтэй байсан. Шүүх засаглал, хууль тогтоох засаглал, гүйцэтгэх засаглал гэсэн салаа мөчрийн үйл ажиллагааг дунд нь зохицуулж, координаци хийх хүн л дээ. Энэ байхгүй явж ирсэн. Сүүлийн жилүүдэд энэ чиглэлд ахиц гараад Монгол Улс чинь төрийн тэргүүнтэй юм байна гэдэг ойлголт төрж эхэлж байна. Шүүх засаглалын шинэтгэлийн асуудал нийгмийн хамарсан маш том асуудал. Шүүх засаглалын асуудал амжилттай хэрэгээд үр дүнд хүрэх юм бол нийгэмд шударга ёс ардчилсан төр тогтоход их хэрэгтэй.
– М.Энхсайхан ч бас энэ удаагийн сонгуулийн хүчтэй өрсөлдөгчийн нэг шүү дээ. Ардчилсан намын бас нэг хүчтэй лидер байсан хүн…
– Энэ хүнийг Ерөнхий сайд байсан гэж манайхан мэддэг ч улсынхаа төлөө юу хийснийг нь төдийлөн ойлгодоггүй юм уу даа би боддог юм. 1996 онд түүнийг Ерөнхий сайд болох үед Монголын эдийн засагт маш их хүндрэлтэй нөхцөл бүрдээд байсан үе л дээ. Манай экспортын гол бараа тэр үед зэс байсан. Гэтэл 1995 оны гурав, дөрөвдүгээр сард дэлхийн зэсийн үнэ 3000 ам.доллар хүрч, бидний мөрөөдөж байгаагүй өсөлт бий болсон. Манай зэсийн олборлолтын зардал 1500 орчим ам.доллар гээд бодоход чамгүй үнэд хүрсэн хэрэг. Гэтэл дараа онд нь яг сонгууль ид өрнөж байхад Японы Сумотомигийн нэг дилер нь нэг тэрбум 300 сая ам.долларын алдагдал гаргаад тэрийгээ нууж байсан нь илэрч, зэсийн зах зээл хямарч эхэлсэн юм. Зэсийн үнэ унаад, Сумитомигийнхан нууц зэсээ гаргаж худалдаад… Ер нь 1997-1998 оныг дуустал Азийн эдийн засгийн хямралын хүнд үе үргэлжилсэн. Энэ үед Монголын экспортын орлого нь хорин хэдэн хувиар буюу ¼ -ээр буурсан. Ийм хүнд үед М.Энхсайханы Засгийн газар улс орноо авч гарсан юм. М.Энхсайханы хувьд энэ удаагийн сонгуульд оролцож байна. Өөрийнхөө байдал, байр сууриа ойлгож байгаа байх. Энэ хүний ард байгаа улс төрийн хүчин нийгэмд шударга ёсны төлөө чанга дуугардаг хүчин. Гэхдээ Ардчилсан намаас тасарч гарсны хувьд сонгуульд орон нутагт очоод ч гэсэн нэлээн бэрхшээлтэй тулгарах байх л даа. Гэхдээ харамсалтай нь, М.Энхсайхан, Ц.Элбэгдорж хоёрын хооронд ардчиллын төлөө тэмцэж явсан гэдэг утгаараа хүмүүсийн санал их, бага хэмжээгээр хуваагдах л байх. Үүнийг М.Энхсайхан өөрөө бодно биз дээ.