Гаитигийн хохирогчид НҮБ-ыг шүүхэд өгнө гэв

Хуучирсан мэдээ: 2013.05.09-нд нийтлэгдсэн

Гаитигийн хохирогчид НҮБ-ыг шүүхэд өгнө гэв

Гаити улсад тархсан холер өвчний улмаас хохирсон иргэд НҮБ-ыг шүүхэд өгнө хэмээн мэдэгдэж, олон тэрбум ам.долларын нөхөн олговор нэхэмжилжээ. Хохирогчдын зүгээс Гаитид өнгөрсөн 2010 онд үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчид тэдний ундны усыг бохирдуулснаас халдварт өвчин тархсан хэмээн үзэж, цэргүүдийн үйлдэлд НҮБ хайхрамжгүй хандсан гэж буруутгаж байгаа аж.

Түүнчлэн хохирогчид энэ талаар НҮБ-тай харилцан тохиролцоход 60 хоногийн хугацаа өгч, энэ хугацаанд ямар нэгэн шийдэлд хүрээгүй нөхцөлд тус байгууллагыг шүүхэд өгнө гэдгээ мэдэгдсэн байна. Хохирогчид НҮБ-аас холер өвчнөөр нас барсан хүний гэр бүл болгонд 100 мянган ам.доллар, уг өвчнөөр өвчилсөн хүн тус бүрт 50 мянган ам.доллар нэхэмжилж байгаа гэнэ.

ВВС-ийн мэдээлснээр Непал улсаас Гаитид үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдын санамсаргүй буруутай үйл ажиллагаанаас болж дэлхийн хамгийн ядуу, буурай орны нэг Гаитид үхлийн аюулт холер өвчин тархсан гэх нотлох баримтууд байгаа гэнэ. Гаитид өнгөрсөн 2010 онд холер өвчин НҮБ-ын цэргийн хуарангийн Непал улсын цэргүүдийн байрлаж байсан газрын бохирын хоолойн ойр орчмын газар нутгаас эхлэн тарсан ба уг өвчний халдвараар тэдгээр цэргүүд ч өвчилж байжээ. Тухайн үед холер өвчний дэгдэлтийн улмаас Гаитид олон зуун мянган хүн өвчилж, 8000 хүн нас барсан ба одоо тэдний ар гэрийнхэн нь дээрх заргыг үүсгээд байгаа аж.

НҮБ нь Гаитигийн хохирогчдын үүнээс өмнөх олон удаагийн тохиролцох саналаас татгалзаж, энэ хэрэгт буруугүй гэдгээ нотлохоор хичээсээр байжээ. Гэвч НҮБ-аас томилогдсон холер өвчний шинжээч энхийг сахиулагчдын буруутай үйл ажиллагаанаас болж Гаитид халдварт өвчин тархсан байх өндөр магадлалтай гэж мэдэгдсэн байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж