“Toyota”-ийн ашиг гурав дахин нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.05.09-нд нийтлэгдсэн

“Toyota”-ийн ашиг гурав дахин нэмэгджээ

“Toyota” корпорацийн жилийн цэвэр ашиг гурав дахин нэмэгдэж, 962.1 тэрбум иен хүрсэн талаар өчигдөр мэдэгджээ. Өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар жилд 8.87 сая автомашиныг дэлхийн дахинд борлуулсан үзүүлэлттэй байв. Харин уг өсөлтийг иенийн ханш суларч, зардлыг бууруулах арга хэмжээ авсны үр дүн гэж шинжээчид үзэж байна.

Японд 2011 онд болсон газар хөдлөлт, цунамигийн гамшиг автомашины борлуулалт, үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлсөн. Үүний дараа “Toyota” тухайн санхүүгийн жилд цэвэр ашиг, орлогоо нэмэгдүүлэхийг чармайж, Ази болон АНУ гэсэн голлох зах зээлийн эрэлт, хэрэгцээнд өндөр ач холбогдол өгсөөр иржээ.

Автомашины хамгийн том зах зээл болох БНХАУ-тай үүссэн арлын маргаантай асуудлын улмаас автомашины борлуулалт нь унасан боловч сүүлийн үед сэргэж байгаа гэж тус корпорацийн зүгээс мэдэгдэв.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш ам.долларын эсрэг иенийн ханш ихээр сулрах болсон нь Япон компаниудын хилийн чанад дахь өрсөлдөх чадварыг дээшлүүлж, гаднаас орж ирэх орлогыг нэмэгдүүлэхэд ихээхэн түлхэц болж чадсан юм.

Үүний зэрэгцээ “Хонда” автомашин үйлдвэрлэгч компанийн жилийн цэвэр ашиг өнгөрсөн гуравдугаар сард 73.6 хувиар нэмэгджээ. Бусад автомашин үйлдвэрлэгч компани ч ирэх онд нэлээдгүй ашиг олох хүлээлттэй байгаа аж.

“Иен суларсан нь Японы автомашин үйлдвэрлэгчдийн ашиг, орлогын өсөлтөд гарцаагүй сайнаар нөлөөлж байна” гэж Токиогийн ”Daiwa Securities” үнэт цаасны компанийн шинжээч Эйжи Хакомори хэлжээ.

“Toyota” корпорацийн ерөнхийлөгч Акио Тоёода “Цаашдын ашиг, орлогын өсөлт нь АНУ-ын зах зээлийн сэргэлт болон шинээр гарч ирж буй зах зээлүүдийн хөгжлөөс хамааралтай” гэж хэлсэн байна.

Р.ГАНТУЛГА

Эх сурвалж: www.mongolianeconomy.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж