
Хэдийгээр дэлхий дахин өдрөөс өдөрт даяаршлагдаж, техник, технологи гэгч өдрөөс өдөрт хөгжин дэвшиж, сайт, facebook, twitter-ээр иргэд цаг алдалгүй мэдээлэл авах болсон хэдий ч би яагаад ч юм сонин гарчиглах дуртай. Яагаад ч юм. Шинэ сонинг үнэрлээд, хуруугаараа тэмтрээд, саржигнуулан унших нэг л гоё. Сонинд даацтай, үнэн бодитой бас илүү дэлгэрэнгүй, илүү соргог, эрэн сурвалжилсан, асуудал хөндсөн нийтлэл сурвалжлага гардаг болохоор тэр. Тэгээд ч цай, кофе оочилонгоо сонин унших ч бас сайхан шүү. Надтай адилхан ийм “гаж” зуршилтай олон олон хүмүүс бий.
Гэхдээ сонин хэвлэл цаг хугацааны хувьд бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс ямагт сүүлдэж, уншигчдад хүрдэг байсан дутуу тал бий. Бага үдийн үед сонингийн бараа хардаг, зарим нэг телевиз радиогоор сонины тойм гэж хагас дутуу мэдээлэл авдаг, тэгээд ч гарсан нийтлэл, сурвалжлагууд нь аль эрт сайтуудад тавигдчихсан байдаг болохоор сонингоос тэр бүр шинэ, шинэлэг мэдээлэлгүй болчихсон байлаа. Улстөрчдийн араншин, улс орны байдал, иргэдийн амьдрал, нийгмийн үзэгдлүүдийн талаарх олон шинэ, содон, муухай, сайхан бүх л мэдээллийг ургах нарантай уралдаж ирэх сонингоосоо авах болсондоо таатай байна. Тэр бололцоог бүрдүүлж, үүрийн гэгээнээр албан газар, айл болгонд сонингийг нь түгээж байгаа “Шууданчдадаа баярлалаа” гэж хэлмээр байна.
Энэ чинь л шинэчлэл, шинэчлэл чинь энэ л байхгүй юу…