Хятадууд цагаан будааны экспортоо хязгаарлав

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Хятадууд цагаан будааны экспортоо хязгаарлав

Манайх гадаадаас 100 хувь импортлодог хүнсний бүтээгдэхүүний нэг нь цагаан будаа. Цагаан будааны ихэнх хувийг /бараг 95-98 хувь/ бид БНХАУ-аас, багахаан хувийг  Вьетнам, Японоос импортлон авдаг. Их хэмжээгээр импортлогчдоос гадна ганзагын наймаа эрхлэгчид хүнсний хэрэглээнийхээ будааг өөрсдөө бага багаар оруулж ирэх нь бий. Гэтэл саяхнаас Зам-Үүдийн боомтоор цагаан будааг нэг хүнд нэг шуудайнаас илүүтэй оруулахгүй байна гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм. Энэ дагуу бид Зам-Үүдийн Гаалийн газрын гаалийн хяналт, бүрдүүлэлтийн хэлтсийн дарга Б.Мөнхбатаас энэ талаар тодруулан лавласан юм. Тэрбээр хэлэхдээ:

– БНХАУ-ын талаас нэг хүн нэг удаа нэг уутаас илүү цагаан будаа авч гарахыг хориглосон шийдвэрийг саяхан гаргасан. Тус улс цагаан будааг стратегийн чухал ач холбогдолтой хүнсний бүтээгдэхүүн гэж үздэг тул ийм шийдвэрт хүрсэн гэж тайлбарлаж байгаа. Энэ нь ганц манай улсад ч зориулж гаргасан шийдвэр биш. Орон орон руу цагаан будаа импортлох лимит тогтоосон байна. Энэ дагуу л хийж буй ажил юм. Түүнээс манай гаалийн байгууллагын зүгээс хориглож хязгаарласан хэрэг биш. Харин цагаан будааг манай оронд тариалдаггүй тул бид аль болох ихээр оруулахыг дэмжинэ шүү дээ гэлээ.
Цагаан будааны үнэ сүүлийн хэдхэн өдрийн дотор нэмэгдэж зарим дэлгүүрт 1900 төгрөгт хүрсэнд энэ хориг нөлөөлөв үү гэдгийг хэлэхэд хэцүү байна. Өнөөдрийн байдлаар Бөмбөгөр худалдааны төвд нэг кг цагаан будаа 1500 төгрөг байлаа. Гэхдээ л цагаан будаа оруулж ирэхгүй байгаа учир үнэ нь нэмэгдэж байгаа гэсэн яриа, хүлээлт их байна.
Дэлхийн зах зээлд цагаан будаа нийлүүлэгч Тайланд улс. Дэлхийн хэмжээний цагаан будааны 31 хувийг тус улс үйлдвэрлэдэг бол Вьетнам 17 хувь, АНУ, Энэтхэг улсууд тус бүр 12 хувийг, Пакистан 10 хувийг үйлдвэрлэдэг байна. Харин манай гол импортлогч БНХАУ цагаан будааны зах зээлийн дөрвөн хувьтай тэнцэх хэмжээний үйлдвэрлэл явуулдаг ажээ. Харин цагаан будааны хамгийн том импортлогч нь Филиппин улс ажээ. Манай улсын цагаан будааны хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа хэдий ч дэлхийн цагаан будааны импортод ердөө л 0,1 хувийг эзэлдэг байна.

Д.Сура

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж