Quiza: Анхнаасаа л надад хип хоп хувцас таалагддаггүй байсан

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

Quiza: Анхнаасаа л надад хип хоп хувцас таалагддаггүй байсан

Quiza: Анхнаасаа л надад хип хоп хувцас таалагддаггүй байсан
-Одоогийн Quiza хэрхэн өөрчлөгдсөн бол?
-Өөрийгөө сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан хүн болохын төлөө л явж байна. Өөрийгөө дүгнэнэ гэдэг утгагүй хэрэг л дээ. Харин алдаагаадүгнэх бол байх ёстой асуудал.
-Эхнэртэйгээ хаана танилцсан бэ?
-Энд танилцсан. Гэхдээ бид Монголд танилцсан ч Лондонд очоод гэр бүл болсон. Би Лондонд сурдаг, хажуугаар нь ажил хийдэг, дуулдаг, маш их завгүй байхдаа эхнэр, хүүхэдтэй болж байлаа. Бид хоёрын охин одоо овоо том болчихлоо.
-Би хайрын тухай ямар бодолтой явдгийг нь хүн бүрээс асуумаар санагдаад байдаг юм. Тэд янз бүрээр л хариулдаг л даа. Quiza хайрыг юу гэж дүрслэх нь надад мэдээж сонин байна?
-Хайр хамгийн нандин зүйл. Цаг хугацааны хүчин зүйлээс бүрддэг цэвэр сэтгэлзүйн асуудал байх. Хайртай хүнээ хараад тархины удирдамжгүйгээр шууд түүн рүү гээ тэмүүлдэг. Тэгэхээр эрдэмтдийн нээгээгүй үлдээчихсэн хайр сэтгэлийн булчирхай ажилладаг байх. Би уг нь сэтгэлзүйч болох юм сан гэж боддог байсан л даа. Харамсалтай нь чадаагүй.
-Хүүхэдтэй болсноо сонсоод ямар сэтгэгдэл төрж байв?
-Итгэмээргүй, сонин санагдаж байлаа. Аав болно гэж бодсон чинь маш том үүрэг, хариуцлага миний толгой дээр буусан. Ямар ч байсан тэр үеэс л би өсвөр насны хүүхдийн сэтгэхүйгээ гээж, эцэг хүнийхээ үүргийг ухамсарлах болсон. Дуугаа хийхдээ хүртэл “Би энэ дуугаар мөнгө олох ёстой” гэсэн хариуцлага өөртөө үүрүүлдэг учир миний хийж байгаа бүтээлүүд Монголд байгаа одоогийн хип хоп дуучдаас арай илүү өндөр төвшинд гардаг гэж би боддог.

-Юу ч бодохгүй, хийхгүй зүгээр суумаар санагдах үе байдаг уу?
-Үгүй. Зорилгогүй хүмүүс надад өрөвдөлтэй санагддаг. Цагийг дэмий өнгөрүүлнэ гэдэг миний хувьд сайхан санаа биш. Мэдээж чөлөөт цаг байлгүй яахав. Гэхдээ орон зайг биш цаг хугацааг шүтэж амьдрах хэрэгтэй.

-Дууныхаа үгийг өөрөө бичсээр л байгаа юу?

-Шүлэг, дууны үг хоёр тусдаа ойлголт юм шиг санагддаг. Дууны шүлэг, дууны яруу найраг гэвэл утгагүй. Хэрвээ дууных нь аянд таарууулж үгээ бичвэл тэр жинхэнэ дууны үг болох байх. Энэ ялгааг удахгүй манай сонсогчид ойлгох байлгүй дээ.

– Quiza тийм ч их стиль хөөдөггүй юм шиг санагддаг. Жишээ нь чи бусад хип хопчид шиг өргөн өмд өмсдөггүй?

-Стиль, имидж гэдэг дээр нэг их анхаардаггүй л дээ. Би өөрийнхөөрөө л байх дуртай. Анхнаасаа л хип хоп хувцас таалагддаггүй, өмсдөггүй байсан болохоор одоо өмсвөл “би” би биш болчих юм шиг санагдаад байдаг юм.

-Дуучин болоогүй бол ямар салбарт ажиллах байсан бол. Түрүүний хэлснээр сэтгэлзүйч болох байсан юм болов уу?

-Үгүй ээ. Бизнесмен болох байсан байж магадгүй. Ер нь би бизнес хийх сонирхолтой. Залууст хандаж, өөртөө байгаа мэдлэг, чадвар дээрээ тулгуурлаад бизнес төлөвлөгөө гаргаж, зээл аваад ч хамаагүй ямар нэгэн бизнес эрхлээрэй гэж хэлмээр санагддаг. Энэ бол жинхэнэ залуу хүний ажил шүү.

-Тэгвэл бизнесмен болоогүй Quiza одоо юунаас орлого олж байна. Цэвэр уран бүтээлчийн орлогоос уу?

-Тийм гэж хэлж болно. Өнгөрсөн хугацаанд “Таавар мэт” цомгийн маань борлуулалт миний орлого байлаа. Дуучин хүн юм чинь янз бүрийн тоглолтод дуулдаг. Ингэж л эхнэр, хүүхдээ тэжээдэг дээ. Хүн бүхэн орлого олох ямар нэгэн бизнес хийх хэрэгтэй юм байна гэдгийг би ойлгосон. Тийм болохоор би шоу бизнесийн салбар өрсөлдөх санаатай байгаа. Үндсэндээ үүнийгээ хэрэгжүүлэхээр ажлаа эхэлчихсэн байгаа л даа. Гэхдээ би Монголын шоу бизнесийнхэн шиг дуу бичлэгийн студи нээхгүй.

-Яагаад, тэгвэл та тэднээс өөрөөр ямар бизнес эрхэлнэ гэж?
-Тэрийг одоохондоо нууцалъя.

-Гадаадад амьдарч байгаад ирэхдээ л та дуучин болчихсон ирсэн. Яаж уран бүтээлээ хийдэг байсан бэ?

-Би Чехэд гурван жил сураад, дараа нь Лондонд очихдоо Бадар-Ууган агсны хүү Мөөнөөтэй нийлж “On Road” гэж хамтлаг байгуулсан юм. Бид хоёр тэдний студид дуугаа бичүүлж интернетэд тавьдаг байсан. Тэндээс л би уран бүтээлч болох гараагаа эхэлсэн гэж хэлж болно. Би Монголд яг 2004 оны арванхоёрдугаар сарын 31-ний өглөө ирсэн юм байна.

-Таныг мэдээж насаараа хип хоп дуу дуулаад явна гэж бодохгүй байна. Нас тогтоод ирэхээрээ Quiza юу хийх бол?
-Би насаараа дуулна гэж боддог. Яагаад заавал залуудаа дуулж байгаад нас ахиад ирэхээрээ дуулахаа болино гэж. Хамгийн гол нь миний уран бүтээлүүд цаг үеэ даган хөгжиж байх хэрэгтэй. Манай рок хамтлагууд нарийхан хар өмд, ширэлдсэн урт үстэйгээ зууралдсан хэвээрээ байсаар л байх юм. Тэр үе чинь өнгөрчихсөн шүү дээ. Одоо шинийг сэтгээч ээ. Ядаж
л Монгол гэдэг Улсын урлаг хөгжөөсэй гэж бодох хэрэгтэй.

-Гэхдээ л таныг хөгширчихөөд хип хоп дуулж байна гэхээр итгэхгүй юм. Ядаж л үглэхэд уушигны багтаамж сайн байх хэрэгтэй биз дээ?
-Би л хувьдаа уушигны багтаамж гэдэгт нэг их ач холбогдол өгдөггүй. Би бусадтай л адил уушигтай. Тэгээд ч хөгширлөө гээд миний хувьд юу ч өөрчлөгдөхгүй. Дуу, бичлэгийн студид засуулаад ч болов би дуулна гэж бодож байна /инээв/.

-За за тэгвэл дуулаад л байхаас. Ингэхэд Quiza гэрийн ажилд хэр оролцдог вэ?
-Яг л чам шиг байх аа даа. Шаардлагатай бол гэрээ цэвэрлэчихнэ. Хоол хийчихнэ. Ер нь дуулдаг ажилтай болохоос би энгийн л хүн шүү дээ. Гэхдээ би бусдаас онцгойрох гэж дуулаагүй. Амьдрахын төлөө л дуулж байна. Нэг ёсондоо авьяасаараа мөнгө олж байна гэсэн үг л дээ.

-Би олон л дуучны амнаас мөнгөний төлөө дуулдаггүй гэсэн үг сонсч байлаа. Ер нь ихэнх нь л тэгж хэлдэг?
-Хэрэв мөнгөний төлөө биш гэвэл дуулахын хажуугаар ажиллах хэрэгтэй болох байх. Хэрэв ажлынхаа хажуугаар амралтынхаа өдрөөр дуулж байгаа бол тэрийг уран бүтээлч гэхэд хэцүү байлгүй дээ. Магадгүй тэр хүний хобби байж болох л юм. Хэрэв хүмүүс тэгж яриад, ийм бодолтой байх юм бол манай урлаг хөгжихгүй байлгүй дээ.

-Тэгээд мөнгөний төлөө хийсэн дуу сайн уран бүтээл байж чадах уу?

-Амьдралаа залгуулах ганц зүйл, сонирхол хоёртоо л хүмүүс хамаг байдгаа зориулдаг шүү дээ. Энэ дууг маш сайн хийж байж л мөнгөтэй болно гэсэн бодолтой байсан цагт үнэхээр сайн дуу хийж чадна. Өөрөө хэзээ ч сонссон голохгүй болтлоо хийсэн бүтээл л хамгийн сайн нь. Дараа нь урлагт 80 жил зүтгэсэн хэнбугуай нь ч ирээд “Муухай дуу байна” гэвэл би итгэхгүй. Харин ч эсрэгээр тэр хүнийг юм мэддэггүй, тэнэг хүн байна гэж бодно. Өөрийгөө дөвийлгөж байгаа юм биш. Үнэхээр хамаг хүчээ зориулж хийсэн
ажилдаа сэтгэл хангалуун байх ёстой.

Т.НИПОНЬ /2007 оны 10 сарын 14/
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж