
ОХУ
Энэ жил алтан медаль авах баг зөвхөн Оросоор дамжих болно. Эсвэл тэд өнгөрсөн жилийнх шигээ дахин түрүүлнэ. Ноднингийн аваргад хамгийн чухал нөлөө үзүүлсэн хүн бол мэдээж Евгений Малкин байлаа. Тэр тэмцээний мэргэн бууч болж багтаа алтан медалийг бэлэглэсэн билээ. Мөн тэрээр NHL-ийн шилдэг мэргэн бууч болсон юм. Түүнээс өмнө ийн давхар цохилт хийсэн нь зөвхөн алдарт Уэйн Гретцки л байсан юм. Гэхдээ тэр энэ удаад байхгүй. NHL-ийн плей-оффоос шалтгаалж Павел Дацьюк, Александр Овечкин нар ч бас байхгүй. Тэглээ гээд Оросын бүрэлдэхүүнийг харахад ямар ч багийн өвдөг чичирмээр. Энэ багийн од нь тодорхой, Илья Ковальчук. Бидний хойд хөршийн зорилго бол зөвхөн алтан медаль. Тэд энэ жилийн дэлхийн аваргын эхний хоёр тоглолтод өрсөлдөгчөөрөө бэлтгэлээ хангав. Оросууд Латвийг 6:0, Германыг 4:1-ээр буулган авсан. Оросуудын хөлд нэрвэгдсэн дээр орнуудад хоккейн спорт боломжийн хэмжээнд хөгжсөн. Тэгвэл гурав дахь тоглолтоо “эртний дайсан” АНУ-ын шигшээгийн эсрэг хийв. Энэ бол жинхэнэ сонгодог хоккей гэж юу байдгийг харуулсан тоглолт байлаа. Нүд эрээлжлэм хурд, бяцалтал шахах мөргөлтүүд, минутын зайтай гоолууд гээд л. Уг тоглолтод Оросууд өрсөлдөгчөө 5:3-аар хожжээ.
Америк
Тэдний хүлээлт Оросоос хэд дахин удаан. Хамгийн сүүлд 1961 онд л түрүүлж байсан тэд 2004 онд финалд хүрсэн ч Канадыг бараагүй. Энэ жил дахин шинэ дайралт хийж байгаа ч анхны том тестдээ бүдэрлээ. Австритай тоглохдоо ч гэсэн илт илүү байж чадаагүй. Энэ байдлаараа тэд хасагдах шат эхлээд хол явж чадахгүй бололтой гэж мэргэжилтнүүд ярьж байна.
Финлянд
Тэд ч бас Орос шиг удаан хүлээсэн. Хоёр жилийн өмнө аваргалахдаа тэд 16 жилийн цангаагаа тайлсан юм. Тоглолтын дараа хэдэн өдрийн “party” болж, сүүлдээ утгаа алдаж байлаа. Туслах дасгалжуулагч нь онгоцноос унасан тухай мэдээ интернэтээр салхины хурдаар тархсан. Микко Койву энэ жил Миннесота багтайгаа плэй-оффт үлдсэн тул энэ удаад туг барих эрх Лаури Корпикоскид ирж байгаа. Түүн дээр нэмэгдээд нутгийн лигийн шилдэг гурван мэргэн бууч энэ багийг хүчирхэгжүүлж байгаа. Гэхдээ энэ багийн хамгийн том од бол үзэгч. Нутгийн дэвжээндээ тэд зөвхөн аваргыг л хүснэ.
Нээлтийн тоглолтоо Германтай хийж арайхийн нэмэлт цагт хожсон нь тэдний мөрөөдөл хол гэдгийг сануулж өгсөн. Дараа нь харин хэсгийн бас нэгэн том өрсөлдөгч Словакыг 2:0-ээр хожсон нь чухал оноо. Францыг тэд 3:1-ээр тийм ч итгэл төгс хожоогүй, гэхдээ одоо хэсэгтээ Оросын дараа явж байна.
Словак
Хуучны Югослав задарсны дараа тусгаар болсон улсууд бараг бүгд ногоон дэвжээнд томчуудыг чичрүүлж байгаатай адил Чехээс салсан Словак мөсөн талбайн нэгэн шинэ “акул” болон өндийсөн. 2002 онд дэлхийн аварга болж байсан тэд өнгөрсөн жил дахин аваргалах шахсан ч Оросуудад чадуулсан. Гэхдээ тус улсын шигшээ найман жил авч чадаагүй байсан медалийн цангаагаа арилгасан. Энэ удаагийн багт туршлагагүй бас хөгшин тоглогч их дуудсан хэмээн шүүмжлэлийг словакчууд дасгалжуулагчдаа өгөөд байгаа. 38 настай Миро Сатан багийн гол мотор гэхээр хэцүүхэн л санагдаж байна. Гэхдээ тэр дөрвөн жилийн Стэнлийн цом хүртсэн хашир бурхи гэдгийг мартаж болохгүй. Словакийн шигшээд бүр 40 настай хүн ч байна гэх. Тэд Францыг машиндсан ч тэмцээнийг зохион байгуулагчдад дийлдсэн тэд дараагийн даваандаа Германыг чадан ядан 3:2-оор хожжээ.
Чех
Сүүлийн жилүүдэд дэлхийн аварга болж, хоёр хүрэл авсан тэд мэдээж тэмцээний нэгэн фаворитад тооцогдоно. Багийн хамгийн давуу тал бол багийн нэгдмэл байдал. Би хувьдаа 1998 оны Наганогийн олимп дээр л тэдний энэ чанараа харуулсан. Орос, Канад, Америк, Швед, Финлянд гээд л бусад бүх томчууд гоц тоглогчийнхоо ачаар тоглолтыг хожих нь элбэг. Яромир Ягр ялгаагүй тоглолтын ялгааг гаргадаг тоглогч байсан. Гэхдээ тэдний нэгнээ нөхөх чадвар нь зүйрлэшгүй. Чехийн шигшээгийн бас нэгэн давуу тал нь хасагдах шатанд тэс өөр баг болж хувирдаг. Яг л Канад шиг хэсгийн тоглолтод үлгэлнэ, салгална. Тэгээд жинхэнэ тулаан эхлэхээр тэдний араншин тодордог. Багийг оройлох үүргийг 23 настай Якуб Ворачек хүлээжээ. Түүний баг Беларусыг хожсон ч талбайн эзэн Шведэд 2:1-ээр дийлдсэн. Мөн Швейцарьт хожигдсон.
Канад
Хоккейн эх нутаг аварга мөрөөдлөө биелүүлж чадалгүй таван жил болж байна. Жил бүр л бүтэлгүйтдэг. Ялангуяа 2010 онд жинхэнэ шившиг гээч нь болж байсан. Дэлхийн 24 удаагийн аварга долдугаар байрт шалгарч байв. Дараагийн хоёр жилд нь энэ алдаагаа засах гэсэн ч медалаас мултарсан. Энэ жил маш өргөн бүрэлдэхүүнтэйгээр шинэ дайралт хийхээр ирээд байгаа. Тэдний довтолгоо шиг хүчирхэг довтолгоо өөр ямар ч багт байхгүй. Гэхдээ чухам энэ л тэднийг өөрсдийг нь осолтой баг болгодог аж. Дасгалжуулагч нь хэнийг талбайд гаргах уу, хэнийг нь хэнтэй хэрхэн гар нийлүүлэх үү хэмээн толгой нь гашилж байгаа бололтой. Хэсгийн тоглолтоо хожлоор эхлүүлсэн ч өнөөх дуулианы эзэн Швейцарьт хожигдсон. Гэхдээ тэд хэсгээсээ гарах нь дамжиггүй, гарсан хойноо хэрхэн тоглохыг хүлээж л байя.
Швед
Амжилт үргэлж авчирдаг тэднээс фэнүүд нь их юм хүлээгээд сурчихсан гэхэд болно. Тэр тусмаа нутагт нь болж байхад тэд зөвхөн алтан медалийг л хүснэ. 65 удаа дэлхийн аваргад орохдоо 40-д нь медаль авсан гэхээр бишрэхгүй байхын аргагүй. Найман удаагийн дэлхийн аваргууд өнгөрсөн жил хасагдах шат эхлэнгүүт бүдэрсэн нь энэ удаа тэднийг зоригжуулж байна. Петер Форсбергийн залгамжлагч гэгдээд байгаа Габриел Ландеског энэ тэмцээнд ирж байгаа нь сайн хэрэг. Толгойны гэмтэл нь түүнийг удаан зовоосон юм. 18-хан настайдаа тэр Колорадогийн өмсгөлтэйгээр 52 оноо авч мэргэжлийн сэтгүүлчдийг алмайруулсан.
Тэмцээний нээлт Швед, Швейцарийн тоглолтоор эхэлсэн ч талбайн эзэд хожигдож сенсаац гарсан билээ. Дараагийн тоглолтоо Чехтэй хийж хэрэгтэй гурван оноогоо авч чадсан. Беларусыг ч мөн хожсон.
Швейцарь
Тус улсын шигшээ энэ жилийн гайхамшигтай нээлт болж байгаа билээ. Дэлхийн аваргын нээлт болоход талбайн эздийг 3:2-оор сөхрүүлж орхисон нь энэ удаагийн ДАШТ-ий эхний дуулиан байлаа. Удаах тоглолтод Канадын багийг мөн л буулган авч дахин шуугиан дэгдээв. Ингээд гурав дахь тоглолтод дэлхийн таван удаагийн аварга Чехийн шигшээг 5:2-өөр түвэггүйхэн хожиж ээлжит сенсаацаа тарилаа. Энэ баг гурван том “акул”-ыг хожсоноор хэсгээ итгэл төгс тэргүүлж байна. Хасагдах шатанд хэрхэхийг л харж дээ.
Эх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин