Л.Болд: Монгол иргэн бүр капитал

Хуучирсан мэдээ: 2013.05.09-нд нийтлэгдсэн

Л.Болд: Монгол иргэн бүр капитал

Гадаад харилцааны сайд Л.Болд өчигдөр сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлаа.

Монгол Улсын гадаад харилцаатай холбоотой томоохон үйл явдал өрнөсөн өдрүүдийн дараах энэ уулзалт сонирхсон асуултдаа дэлгэрэнгүй хариулт авах таатай боломжийг сэтгүүлчдэд олгосноороо онцлог боллоо.

Сайд Л.Болдын тэмдэглэснээр Монгол Улсын гадаад бодлого энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэж ирсэн байна. Шинэчлэлийн Засгийн газар ч энэ бодлогын залгамж чанарыг хадгалахын зэрэгцээ гадаад орнуудад ажиллаж, амьдарч буй иргэдээ хамгаалсан, тэдэнд ойртсон үйлчилгээ үзүүлэхийн тулд дорвитой шинэчлэл хийж эхэлсэн болохыг онцоллоо. Тухайлбал, энэ чиглэлээр гадаад орон дахь дипломат төлөөлөгч, консулын газрынхаа тоог нэмэх, оновчтой газар байршуулах, үйлчилгээний байгууллага болгон өргөжүүлэх зэрэг ажлыг шат дараатай хийж эхэлжээ. Хоёр дахь томоохон ажил нь гадаад дахь монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, тусламж үйлчилгээ үзүүлэх, ялтан шилжүүлэх ажил зохион байгуулж, цахим хэлбэрээр мэдээлэл хүлээн авч, шийдвэрлэх тусгай шугам ч нээсэн байна. Мөн одоо 39 оронд ажиллаж буй Дипломат төлөөлөгчийн газрын тоог нэмэгдүүлж, 45-д хүргэх аж. Монгол Улсын иргэдийг олон оронд визгүй зорчуулахаар хэлэлцээрүүд хийгдэж байгаа болохыг мөн энэ үеэр мэдээлсэн юм.

Үүний дараа Гадаад харилцааны сайд Л.Болдоос сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.

-Гуравдагч хөршийн харилцааг хөгжүүлэх чиглэлд шинэчлэлийн Засгийн газар ямар бодлого баримталж байна вэ?

-Монгол Улс нь хоёр хөрштэй онцгой харилцаатай байхын зэрэгцээ гуравдагч хөршийн харилцааг хөгжүүлэх чиглэлд эдийн засгийн болон аюулгүй байдлын хөгжлийн баталгааг хангах чиглэлд бодлого дэвшүүлэн тавьсан. Өнгөрсөн саруудад Япон, Турк улсын Ерөнхий сайд нар Монгол Улсад томоохон хэмжээний айлчлал хийсэн нь амжилттай болж өндөрлөсөн. Ер нь Монгол Улсын хувьд илүү далайцтай ирээдүйг харсан хөгжлийг  бий болгох хүрээнд гуравдагч хөршийн бодлогыг хөгжүүлэхэд анхаарч байгаа хэмээн тодорхойлж болно. Түүгээр дамжуулж томоохон эдийн засгийн бодлого, томоохон эдийн засгийн төслүүд, шинэ үйлдвэрлэл, шинэ ажлын байр, шинэ технологи, шинэ хөгжлийг бий болгоход анхаарч байна. Эдгээр нь хоёр улсын хувьд харилцан ашигтай байх зарчмыг барихад чиглэж байна.

-Гадаадын харилцааны яам нь эрх нь зөрчигдөж байгаа Монгол хүн бүрийг хамгаалах тал дээр ажиллаж байна гэж та хэллээ. Гэтэл саяхнаас Герман улсаас Б.Хурцыг ирэхийг шаардаж байгаагийн зэрэгцээ, Монгол Улсын Хууль зүйн яамнаас Н.Энхтуяа нарыг интерполоор хайж байгаа асуудал яригдах болсон. Үүн дээр салбар хариуцсан яам хэрхэн ажиллаж байна вэ?

-Интерполоор эрэн сурвалжилж байгаа асуудал нь хуулийн байгууллагад хамаарна. Энэ талаар мэдээлэл алга. Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурцын тухайд тодорхой ажлын хэсэг байгуулагдан ажиллаад явж байна. Ойрын хугацаанд тодорхой мэдээлэлтэй болох болов уу, энэ асуудлыг нөгөө талтай ярилцаж байна.

-Гадаадын иргэнтэй гэр бүл болсон монгол эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөхөд Гадаад харилцааны яам тэдэнтэй ямар байдлаар холбогдож эрхийг нь хамгаалах чиглэлээр арга хэмжээ авч байна вэ. Н.Аятунгаа, Б.Энхмаа нар дээр асуудал үүсэхэд Консулын газрын хувьд хамгаалах асуудал дээр хурд дутаж байна уу гэж харагдсан?

-Гадаад дахь Монгол иргэдтэй холбоотой ямар нэг асуудал үүсэхэд Консулын байгууллагын хувьд эргэлзээгүйгээр өөрийнхөө хамгаалалтад авч, иргэн бүрээ хамгаалах бодлогыг тууштай барина. Иргэдэд туслах сан ч гэдэг юм уу, тухайн улсад байгаа Дипломат төлөөлөгчийн газар ч гэдэг юм уу, консулын ажилтнууд маш хариуцлагатайгаар ажиллаж байгаа, ийм асуудал үүсэхэд. Нэг үеэ бодвол Монгол Улсын маш олон иргэн гадаадад оронд ажиллаж, амьдарч байна. Тэдгээр иргэдийн хэн нэгэнд асуудал үүсэхэд “Та өөрөө учраа ол. Бидэнд хамгаагүй” гэх хандлага гаргах учиргүй. Тухайн улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамандаа хандаад хүссэн хэмжээний тусламжаа авч чадаагүй бол бидэнд хандаж болно. Тэгэхдээ ийм алдаа дутагдал гарахгүй болов уу гэж найдаж байна. Хэрэв алдаа дутагдал  гарвал бид шаардлагатай арга хэмжээг авах болно. Нэг зүйлийг онцолж захимаар байна, монголчууд маань гадаад оронд зорчих бол Гадаад харилцааны яам болон хуулийн байгууллагаас зөвлөгөө авдаг байх, эрхээ зөрчүүлэхгүй байхын тулд хувийн бэлтгэлээ сайн хангаарай л гэж хүсэх байна. Удахгүй  ямар улсад зорчвол аюултай, үнэхээр зорчих шаардлага үүсвэл юуг анхаарах вэ гэдэг мэдээллийг бид олон нийтэд хүргэхээр бэлтгэж байна.

Мөн онцолж хэлэхэд Шинэчлэлийн Засгийн газар гадаад дахь монгол иргэнийхээ эрх ашгийг хамгаалах тал дээр шийдвэртэй бодлого барьж ажиллаж байна. Тухайлбал, Филиппиний Гадаад харилцааны сайд Монгол Улсад айлчлах тухай асуудал Засгийн газрын хуралдаанаар яригдахад сайд нар “Эхлээд Н.Аятунгаагийн хүүхдийн асуудлыг ярьж, тодруулж, шийдвэрлэх ёстой. Үүний дараа бусад асуудлаа ярина” гэсэн байр суурь барьж байх жишээтэй. Ер нь гадаад дахь Монгол иргэн бүр үнэтэй капитал. Тийм учраас иргэнийхээ эрхийг хамгаалах чиглэлд Гадаад харилцааны яам тууштай зогсоно.  

-Гадаад дахь монгол иргэдийн эрх зөрчигдөөд, Элчин сайдын яамандаа хандахад тодорхой арга хэмжээ авч чаддаггүй нь сүүлийн үед болсон хэд, хэдэн асуудлаас харагдах болсон. Элчин сайд нарыг томилохдоо ямар шалгуур тавьж УИХ-аас томилж байна вэ. Алдаа гаргасан Элчин сайдыг эргүүлэн татах тухай асуудал огт яригддаггүй. Дахин ийм асуудал үүсвэл Гадаад харилцааны яам шийдвэртэй арга хэмжээ авч чадах уу, Элчин сайд нарт?

-Элчин сайд гэдэг бол олон улсын хэмжээнд онцгой статустай, Монгол Улсыг хамгийн өндөр дээд хэмжээнд төлөөлж чадах, хамгийн ихийг бүтээж чадах чадвартай хүн байх ёстой. Хэрвээ Элчин сайд энэ чадавхиа хэрэгжүүлж чадахгүй дутагдал гаргах, үүргээ биелүүлж чадахгүй байх, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж чадахгүй байх, Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлж чадахгүй  нөхцөлд хариуцлага тооцно. Гэхдээ яг одоогоор Гадаад харилцааны яаманд Элчин сайд нартай холбоотой гомдол ирээгүй байна. Гомдол гарч, үнэхээр Элчин сайд алдаа гаргасан байх юм бол эргүүлэн татахад эргэлзэх зүйл байхгүй. Ер нь Гадаад харилцааны яамнаас Элчин сайд нарын үйл ажиллагааг идэвхижүүлэх, ажлынх нь чанарыг сайжруулах бодлогыг шат дараатай хэрэгжүүлнэ.

-Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын долдугаар бага хурал зохион байгуулагдах үеэр орчуулга тун тааруу байсан. Өглөөнөөс орой хүртэл нэг л хүн орчуулга хийж харагдсан. Цаашид олон улсын чанартай томоохон хурал зохион байгуулагдах байх. Орчуулгыг сайжруулах тал дээр ямар арга хэмжээ авах вэ? 

-Эмзэг сэдэв хөндлөө. Үнэхээр 100 гаруй орны 1000 гаруй төлөөлөгч оролцсон олон улсын хуралдааны үеэр орчуулга бол маш муу байсан. Жишээ нь, би англи хэл дээр илтгэлээ тавиад орой нь орчуулгыг хартал өөрөөсөө ичсэн. Би арай ч ийм зүйл яриагүй дээ, намайг ингээд ойлгочих вий гэж бодогдсон. Энэ хуралдааны үеэр гадаадын олон орны төлөөлөгч маш чухал үг хэлсэн, тэр нь маш чамлалттайгаар монгол хэлнээ орчуулагдсан. Манайд сайн орчуулагч нар бий юу гэвэл бий, төрийн албаны цалин тааруу учраас хувийн хэвшил рүү маш олон сайн хүн явсан нь ажиглагдсан. Цаашид бодлогоор сайн орчуулагч нарыг бэлтгэх ёстой. Мөн сайн орчуулагч нар бидэнд өөрсдийгөө бүртгүүлээч ээ, хамтран ажиллая гэдэг санал тавих байна.

-Та ярианыхаа эхэнд Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагч нарыг хүлээж авдаг орон болсон гэж хэлсэн. Гэтэл мэргэжлийн байгууллагуудын зүгээс энэ оны эхний хоёр сарын байдлаар гадаад хөрөнгө оруулалт өмнөх жилийнхээс 60 орчим хувиар буурсан тухай зарласан. Хөрөнгө оруулагчид бизнесийн тогтвортой орчныг шаарддаг. Энэ тал дээр бодлого тодорхой болсон гэсэн үг үү?

-Сонгуулийн жилд гадаадын хөрөнгө оруулагч нар тухайн улсад хөрөнгө оруулахдаа хүлээлтийн байдалд шилждэг тал бий. Мөн улстөрийн бодлогын төвшинд ямар байр суурь барих гээд байгаа нь ойлгомжгүй байдалд ордог талтай. Энэ нь сонгуультай холбоотойгоор үүсдэг л дээ. Нэр дэвшигчийн зүгээс “Гадаадын хөрөнгө оруулагчдыг Монгол Улсаас гаргах ёстой” гэх сурталчилгааг хийнэ, эргээд энэ нь ойлгомжгүй байдал үүсгэж хөрөнгө оруулалтад нөлөөлдөг гэх мэт хүчин зүйлүүд бий. Гэхдээ УИХ-ын сонгууль дууссан, шинэчлэлийн Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалт дээр тогтвортой бодлого барина гэдгээ мэдэгдсэн. Холбогдох хуульдаа ч өөрчлөлтийг оруулсан. Тийм болохоор ойрын өдрүүдэд өмнөхөөсөө хэд дахин илүү хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна.

-Гадаад оронд Монгол Улсын хэчнээн иргэн амьдарч байна вэ, тодорхой тоо бий юу. Гадаад дахь монголчуудаа эх оронд нь авчирч хөдөлмөр эрхлэх тал дээр ямар бодлого баримталж байна вэ. Хоёрдугаарт, БНСУ Монгол Улсын иргэдэд визийн хөнгөлөлт эдлүүлэхээр болсон. Бусад улс орнуудтайиргэддээ визийн хөнгөлөлт эдлүүлэх талаар ярьж байгаа зүйл бий юу?

-Гадаадад амьдарч байгаа монгол иргэдийн тоо нэлээд зөрүүтэй байдаг. Албан ёсны бүртгэлтэй болохын тулд албадлагаар биш, та бүртгүүлбэл хүүхэддээ хүүхдийн мөнгө авна, эрдэнийн хувьцаагаа авах бололцоотой болно, газартай болно гэдэг маш том нийгмийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хоёрт, гадаадад байгаа Монгол иргэдээ яаж эх орондоо буцаах вэ гэхээр эх орондоо ирээд сайхан амьдрах тэр боломж бололцоог олгох ёстой.  Эх орондоо ирээд бизнесээ эрхэлчих, эх орондоо ирээд илүү эрх чөлөөтэй амьдрах, хүүхдээ чанартай боловсролтой сургуульд сургах зэрэг олон таатай нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай байгаа.

Визийн хөнгөлөлтийн хувьд, БНСУ-ын визэн дээр эхний хөнгөлөлт авч байна. Монгол Улсын иргэд БНСУ-руу зорчих виз хүсэхэд маш хүндрэлтэй, маш олон нөхцөл шаардлага тавьдаг байсан. БНСУ-д Монголын Элчин сайдын яам байдаг атал тус орноос Монгол руу зорчихоор виз хүсэх тохиолдолд Монголын Элчин сайдын яаманд хандах бус Солонгосын компаниас виз авдаг нөхцөлтэй байсан. Энэ нөхцлийг бид өөрчилсөн. Цаашид Япон, Солонгос, Америк, Орос, Европ зэрэг орнуудад визийн хөнгөлөлтийг тавина. Шинэчлэлийн Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаанд эдгээр нэр дурдсан орнуудад монгол иргэн зорчиход визгүй зорчдог болох тэр нөхцлийг бүрдүүлэх талаас бодитой ахиц гаргана.

Өнөөдөр бид Герман улстай визийн хөнгөлөлтийн хэлэлцээрт гарын үсэг зурна. Дипломат паспорттой иргэдийг визгүй зорчуулах тухай хэлэлцээр юм. Европ дахь Шенгений бүсээс нэг л улс визийн хөнгөлөлт эдлүүлсэн нөхцөлд бусад улс нь хүлээн зөвшөөрөх бололцоо нээгддэг. Мөн бид Япон, Америк улстай визний нөхцлийг хөнгөвчлөх тал дээр тодорхой алхмуудыг ярьж байна.

-Нийгэмд шуугиан тарьж байгаа хэргүүдэд таныг холбогдуулан бичих болсон. Тухайлбал, МИАТ-ийн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан эмэгтэй “Голомт” банкны теллерээр ажиллаж байсан. Дээр нь Зэвсэгт хүчний жанжин штабын генерал зэвсгийн наймаанд холбогдоход таныг мөн хамаатуулж байгаа. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Сүүлийн найман жил би тасралтгүй төрийн алба хашсан болохоор компанийн үйл ажиллагаанд орлцоогүй, оролцох ч үгүй. МИАТ компани дээр үүссэн асуудлын тухайд хууль хяналтын байгууллагууд нь ирж шалгасан юм билээ. Миний хувьд МИАТ компанийн хэрэгт холбогдолгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлэх байна. Энэ бүхэн үнэн мөнөөрөө гарна биз дээ.

Хоёр дахь асуудлын тухайд сүүлийн үед хэвлэлээр зориуд зохион байгуулалттайгаар өмнөх Засгийн газрын өмнөх сайд нарын үед явж байсан хэргийг надад хамааруулж зориудын хар PR явуулсан. Би энэ асуудлыг Авлигатай тэмцэх газарт хандаж шалгуулсан, холбогдолгүй болох тухай хариуг мөн ирүүлсэн байгаа. Миний хувьд 1990 онд Улсын бага хурлын гишүүнээр сонгогдсон үеэс улстөрийн амьдрал маань эхэлсэн. Гэхдээ энэ хугацаанд сонгуульд ялагдсан үедээ би хувийн секторт тэр дундаа банк санхүүгийн салбарт ажиллаж “Голомт”-ыг хөл дээр нь босгосон нь ч үнэн. Мөн Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Монголын Зэвсэгт хүчний гадаад харилцааг дэлхийн төвшинд хүргэхийн төлөө зорьж зүтгэж явсан. Мэдэх хүн нь мэднэ, хачин зэвсгийн наймаанд оролцоод явах хүн биш гэдгийг.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж