
Өмнөх ерөнхий сайдын авлига, хүнд суртлыг өөгшүүлсэн үйлдэл нь ерөнхийдөө энэ улсыг туйлдуулсан гэдгийг гадны ажиглагчид дүгнэдэг. Харин дотооддоо евро бүсийн хямрал нөлөөлсөн гэж мэтгэх хүн цөөнгүй. Ямар ч байсан сүүлийн 10 жилийн хугацаанд Итали улс ингэж “доошоо” орж байсангүй. Тэртээ тэргүй хямралтай байгаа евро бүсийн хамгийн том эдийн засаг ганхах нь бүх Европт аюулын харанга дэлдэж байгаа хэрэг. Тиймээс тэд хямрал үүссэн даруйд 100 гаруй тэрбум еврогийн бонд гаргаж өгсөн билээ.
2011 оны зунаас хойш Италийн эдийн засаг ганхаж эхэлсэн юм. Эдийн засгийн өсөлт нь саарч, өргөн хэрэглээний барааны үнэ бага багаар өсч эхэллээ. Дотоодын хадгаламж эзэмшигчид хадгаламжаа татаж, италийн банкуудад итгэх итгэл суларч эхлэв. Угтаа 2011 оны хямралын гол хүчин зүйл нь 2007 оноос хойш хямарсан эдийн засаг, сайн тэнхрээгүй байсантай ч холбон тайлбарлаж болох юм. Евро бүсийн хоёр дахь томоохон үйлдвэрлэлтэй орон гэгдэх Италийн аж үйлдвэрлэл 24 хувиар унасан нь 1980 оноос хойшхи хамгийн тааруу үзүүлэлт болон тэмдэглэгдэв. 2007 оны хямралын жилүүдэд Италийн машин үйлдвэрлэгчид 2,5 сая машин зарж байсан бол 2012 онд 1,4 сая хүрэхтэй үгүйтэй машин борлуулав. Жижиг дунд үйлдвэрүүд уналтад орж, дунд зэргийн компаниуд арга буюу хаалгаа барихад хүрэв. Италид хаяглаж болох бүх муу мэдээллүүд гэвэл энэ биш. Авилга, хүнд суртал, албан тушаалаа хэтрүүлэн ашиглах үзэгдэл гээд нэрлээд байвал дуусахгүй.
Өмнөх сайдын ивгээлд байсан хүн бол яах аргагүй Энрико Летта. Бүр холын хамаатан ч гэж тайлбарлагддаг. 1998 оноос хойш Италийн засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж, төрийн өндөр гэж болох бүхий л албан тушаал дамжсан нэгэн. Сильвио Берлусконигийн үед түүний хамгийн ойр дотны зөвлөгч нь Летта байсан гэдэг. Түүний намтраас нь харвал Италийн эдийн засгийг дээшлүүлэх хүн чухам тэр мөн үү гэсэн асуулт гарч ирнэ. Гадны ажиглагчид үүнд тийм ч итгэлтэй бус байгаа. Хэрвээ тэр хямраад байгаа эдийн засагт шинэчлэл авчирна, гээд сэлэм эргүүлээд эхэлбэл туйлдсан эдийн засгийг дөрвөн хөллүүлж ч болзошгүй. Одоо тэрээр татварын бодлогоо эргэн харж, хувийн банкуудыг дэмжих бодлоготой ажиллана. Мөн хувийн секторыг дэмжих бодлогоо эрчимжүүлэх аж.
Евро бүсийн удирдлагуудтай хэлэлцээрийн ширээний ард сууж ирэх жилүүдийн бодлогоо тодорхойлох аж. Мөн томоохон их, дээд сургуулийн профессоруудыг цуглуулж, эдийн засгийн түр хороог байгуулахаа албан ёсоор мэдэгдээд байгаа юм. Харин түүнийг шүүмжлэгчид аль хэдийнэ гараад ирсэн.
Түүний хэлж байгаа үг бол энэ. Сүүлийн хэдэн жилийн дотор Италийн эдийн засаг иргэдээсээ холдсон гэж тэр үзэж байгаа. Бодит байдлыг харвал түүний хэлж байгаа энэ үг үнэний ортой. Ард иргэдийн зүгээс багагүй дэмжлэгийг үзүүлээд байгаа энэ цагт долоо хоног бүр эдийн засгийн төлөв байдлын талаар иргэддээ мэдээлэл өгч байхаар болсон. Мөн сардаа нэг удаа гадны хөрөнгө оруулагчидтай уулзалт зохион байгуулахаар болж байгаа. Түүний энэ алхмыг улс орноо аврахаас илүү өөрийн нэр хүндийг өсгөх алхам гэж харж байгаа хүмүүс бий.
Ардчилсан үзэл баримтлалтай түүнийг АНУ-тай ойр дотны холбоо харилцаа тогтоох хүсэлтэй байгаа тухай гадны хэвлэлүүд бичиж байгаа. Летта ч үүнийгээ нуугаагүй. Ирэх сард гэхэд тэр АНУ-д айлчлах төлөвлөгөөтэй байгаа юм. Албан ёсоор товлогдоогүй ч түүний очих талаар Rai Italia мэдээлээд байгаа билээ. Мөн тэрээр Кристин Лагардтай уулзах тухай мэдээлэл бий. Лагард хамгийн сүүлд хийсэн мэдэгдэлдээ “Итали хамгийн эмзэг эдийн засагтай улс болоод байна. Хэрвээ ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол үр дүнд нь бүх дэлхий хямрах аюултай дүр зураг ажиглагдаж байгаа. Дэлхийн нийтийн өмнө дахин шинэ эрсдэл бий болж ирлээ. Өмнөх эрсдэлийг даван туулаад удаагүй байтал энэ эрсдэл гарч ирж байна. Ялангуяа евро бүсийн хямралтай байдал үүнд сөргөөр нөлөөлөх хандлагатай. Санхүүгийн салбарыг хэвийн байдалд нь оруулах гэж хичээхээс илүүтэй бодит эдийн засаг ямар байгааг судалж, түүнд тохирсон бодлого боловсруулахгүй бол шинэ хямралын зүг алхаж байна” гэсэн билээ.
Италийн улстөр дэх шинэ акробатыг Летта хийнэ гэдгээ мэдэгдээд байгаа.
Хэрвээ акробат амжилтгүй болвол үр дүн нь маш таагүй байх болно.