“Алтан гахай” жилийнхэнд сургууль олдох уу?

Хуучирсан мэдээ: 2013.05.09-нд нийтлэгдсэн

“Алтан гахай” жилийнхэнд сургууль олдох уу?

Жил бүрийн хавар, намарт цэцэрлэг, сургуулийн элсэлттэй холбоотой гомдол санал ихэсдэг. 2013-2014 оны хичээлийн жилд энэ асуудал бүр ч хурцдах шинжтэй байгааг албаны хүмүүс хэлж байна. Жил бүр улсын хэмжээгээр дөч гаруй мянган хүүхэд дунд сургуулиа төгсч, мөн төчнөөн тооны хүүхэд шинээр элсэн суралцдаг ерөнхий тооцоо байдаг аж. Харин энэ жилийн хувьд улсын хэмжээгээр сургуульд шинээр элсэн суралцах буюу зургаан настнууд 52300 байгаа гэсэн судалгааг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргасан байна. Шинээр элсэгчдийн тоо өмнөх жилүүдийнхээс арав гаруй мянгаар илүү байгаа нь “Алтан гахай” жилд олон хүүхэд мэндэлсэнтэй холбоотой байж мэднэ гэж албаны хүн хэлж байсан юм. Харин нийслэлийн хэмжээнд урьдчилсан байдлаар 22584 хүүхэд шинээр сургуульд орно гэсэн судалгаа байна. Энэ нь мөн л өнгөрөгч жилээс 3216 өссөн тоо гэнэ. Тиймээс энэ жил Нийслэлийн Боловсролын газраас сургуулийн “хамран сургах тойрог”-ийг шинэчлэн тогтоож, элсэлтийг зохион байгуулах зөвлөмжийг ЕБС-иудад зориулан гаргаж, сургуульд шинээр элсэн суралцах хүүхдүүдийг энэ сарын 1-нээс эхлэн бүртгэж энэ сарын 15-нд дуусгахаар ажиллаж байна. Сургуулиудын “хамран сургах тойрог”-ийг шинэчлэн тогтоосон учраас 2013-2014 оны хичээлийн жилд хамран сургах тойргийг хатуу мөрдөж, тухайн сургуулийн хүчин чадал хүрэлцэхгүй байсан ч харьяаллын хүүхдээ заавал авах тушаалыг гаргасан юм. Үүнээс гадна араасаа хэл ам дагуулдаг харьяаллын бус хүүхэд авах, хэн нэгэн албан тушаалтаны цохолтоор өөр харьяаны хүүхэд элсүүлдэг, төлбөр хураамж авдаг зэрэг олон асуудлыг таслан зогсоохыг бүх сургуулиудын удирдлагуудад үүрэг болгосон ажээ.

Нийслэлийн хэмжээнд Сүхбаатар дүүргийн 1, 58-р сургууль, Чингэлтэй дүүргийн 5, 23, 24-р сургууль, Баянзүрх дүүргийн 84, 33-р сургууль, Хан-Уул дүүргийн 18, 52-р сургууль, Баянгол дүүргийн 93-р сургуульд бага ангийн бүлэг дүүргэлт хэт өндөр, тогтоосон тоо хэмжээнээс хэтэрсэн буюу нэг ангид дээд тал нь 50 хүүхэд хичээллэж байгаа ажээ. Гэсэн хэдий ч энэ жил анги дүүргэлт хэд байх нь хамаагүй, ямар ч байсан “хамран сургах тойрог”-ийнхоо бүх хүүхдүүдийг элсүүлэх юм. Харин танай хүүхдийг харьяаллынхаа дагуу сургуульд бүртгээгүй бол дүүргийн элсэлтийн комисст гомдол гаргаж, шийдвэрлүүлж болно.

Ийнхүү анги дүүргэлт өндөр байгаа нь нэлээд хэдэн шалтгаантай холбоотой аж. Үүнд хөдөө орон нутгаас нийслэлд шилжин ирж буй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа, тухайн сургуулийн “хамран сургах тойрог”-т олон тооны орон сууц шинээр баригдаж байгаа ч сургууль цэцэрлэгийн төлөвлөлт байхгүй, сургуульд хүүхдээ элсүүлэхийн тулд “хамран сургах тойрог”ийн хамаатан садан, ах дүүгийндээ байлгах “тавиул” хүүхдийн тоо нэмэгддэг, зохиомол шилжилт хөдөлгөөн их байдаг хэмээн БШУЯ-ны Сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулга учирлаж байлаа.

Албаны хүний тайлбарлах, учирлахыг сонссоны дараа сургуулиудад бүртгэл ямар явааг мэдэхээр Чингэлтэй дүүргийн тавдугаар сургуулийг зорилоо. Тус сургуулийн захирал Ж.Бааст “Нэг хичээлийн жилд хүүхэд аваач гэсэн зуугаад хүсэлт, цохолт, гуйлт ирдэг, үүнээс нь чадан ядан гучаадыг нь л биелүүлдэг” гэсээр биднийг угтсан юм. Ялангуяа “дээрээс” цохолттой хүүхэд ирдэг нь сургуульд элсэн суралцагчдыг бүртгэх ажилд ачаалал эрс нэмдэг гэдгийг учирлаж байсан. Тус сургууль Чингэлтэй дүүргийн IV болон VI хорооны хүүхдүүдийг элсүүлэхээр “хамран сургах тойрог” нь батлагджээ. Одоогийн байдлаар бүртгэл 50 хувьтай явж байгаа ажээ. Мөн НБГ-ын даргын “зөвхөн харьяа хүүхдүүдээ л элсүүл” гэсэн тушаал, “сургуульд суралцах эрхээ эдэлнэ” гэсэн хүмүүсийн хэл ам хоёрын дунд багш, сурган хүмүүжүүлэгчид хэцүүхэн байгаа гэдгээ ч нуугаагүй юм.

Сайдын тушаалын дагуу 30-35 хүүхдийн анги дүүргэлттэй, дөрвөн бүлгийн бололцоотой тус сургуульд суралцах харьяаллын 180-аад хүүхэд байгаа нь асуудал үүсгэж мэдэх ажээ. Тэгэхээр нэг ангид наанадаж 45 хүүхэд суралцах нь. Ер нь “асуудал” үүсэх сургууль нэгээр тогтохгүй байгаа гэдгийг “хамран сургах тойрог”-ийн хүүхдүүдийн тоо, сургуулийн багтаамж хүрэлцээ хоёр харуулж байгаа юм. Энэ жил сургуульд элсэн сурах хүүхдүүдийг бүртгэхдээ бүлэг дүүргэлтийн нормыг баримтлан, сургалтын эрүүл ахуй, сурах үйл, сэтгэл зүйн орчныг бүрдүүлж, хичээлийн ээлжийн тоог хэт ихэсгэхгүй байхаар шийдвэрлэсэн байна. Энэ мэт дэвшилттэй, эцэг эх, хүүхдүүдэд чирэгдэл багатайгаар элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа мэт боловч сургуулийн хүрэлцээ дутмаг гэсэн бодит байдалтай тулгарч буй. Энэ жил л гэхэд нийслэлийн хэмжээнд 22 мянга гаруй хүүхэд шинээр сургуульд элсэх ёстой байдаг. Гэтэл нэг сургуульд 180-200 орчим суралцана гэхээр нийслэлд буй 111 сургууль хаанаа ч хүрэхгүй. Яахав, төрийн өмчит эдгээр сургуулиас гадна хувийн хэвшлийн сургуулиуд бий боловч өндөр үнэтэй төлбөр төлөөд хүүхдээ сургах сачийтай эцэг, эх хэд билээ. Тэгэхээр улсын сургууль бараадахаас өөр сонголт үгүй.

“Ээждээ үнсүүлж, ааваа дагаад
Эрдэм сурахаар мордох”
гэж буй “Алтан гахай” жилийн бяцхан үрс маань бүгд сургуулийн босго алхах болтугай.
 

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж