Спортын бэлтгэлийн төвийн захирал Б.Наранбаатар өнөөдөр Азийн аварга болсон эдгээр залуу тамирчдад хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ. Тэрээр тамирчдыг хүлээн авч уулзахдаа “Ойрд олимпийн төрлийн спортоос Азийн аварга төрөөгүй байсан юм. Гэтэл 2013 он талдаа ороогүй байхад дөрвөн Азийн аваргатай боллоо. Энэ бол Монголын спортод гарсан дэвшил юм. Цаашид ч гэсэн олон шилдгүүд төрнө гэдэгт итгэлтэй байна” гэв. Монголын шигшээ багийн тамирчид одоогийн байдлаар 22 тэмцээнд оролцож 84 медаль авчээ. Үүнээс 17 алт, 27 мөнгө, 34 хүрэл медаль хүртсэн гэх статистик тоог Спортын бэлтгэлийн төвийнхөн гаргасан байна. Энэ бол 2013 оны эхний хагас жилийн үр дүн. Б.Сэр-Одын хувьд Бээжинд бэлтгэлээ хийж байгаа бөгөөд энэ сарын 19-нд эх орондоо ирэх аж. Харин бусад Азийн аваргуудын сэтгэгдлийг сонслоо.
Жүдогийн азийн аварга Д.Төмөрхүлэг: Жүдо бөхийн Азийн аваргын алтан медалийг эх орондоо авчирсандаа баяртай байна. Миний хувьд өмнө нь энэхүү тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Энэ удаа амжилтаа ахиуллаа. Намайг амжилт гаргахад тусалж, зөвлөгөө өгч, дэмжиж байсан багш дасгалжуулагч болон жүдо бөхийн холбоо, Спортын бэлтгэлийн төвийнхөндөө баярласнаа хэлье. Цаашид итгэлийг тань алдахгүйг хичээнэ. Удахгүй шилдэг 16-гийн тэмцээнд оролцоно. Бэлтгэлээ сайн хийж байгаад улсынхаа нэрийг гаргах зорилготой. Миний хувьд Английн алдарт “Файтинг филм” компанийн элчээр сонгогдсон. 2016 он хүртэл гэрээ байгуулсан юм. Ингэснээр тус компани ирэх олимп хүртэл намайг кимоногоор хангана. Азийн аваргын дараа саналаа тавьсан. Миний хувьд их гэнэтийн зүйл болсон шүү. Өмнө нь манай улсаас хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар ах тус компанийн элч болж байлаа.
Чөлөөт бөхийн азийн аварга О.Насанбурмаа: Зургаан жил хүлээлгэсэн алтан медалийг эх орондоо авчирсандаа баяртай байна. Энэ амжилтыг гаргахад тусалж дэмждэг багш дасгалжуулагч болон бусад бүх хүнд баярласнаа илэрхийлье. Дараагийн зорилгодоо хүрэхийн төлөө хичээх болно.
Дугуйн азийн аварга Т.Энхжаргал: -Сэтгэгдэл маш өндөр байна. Дараагийн тэмцээн уралдаандаа амжилттай оролцохын тулд хичээх болно. Ирэх есдүгээр сард болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргах нь миний гол зорилго юм. Дэлхийн аваргад амжилт гаргахын тулд багшийнхаа гаргасан төлөвлөгөөний дагуу бэлтгэл сургуулилтаа сайн хийж байгаа. Цаашид Монгол Улсынхаа нэрийг олон улсын тавцанд байнга гаргахын тулд хичээнэ. Спортын бэлтгэлийн төвөөс бидний гаргасан амжилтыг үнэлж, хүлээж авсанд баяртай байна.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин