БНСУ-ын визний нөхцөлд өөрчлөлт оруулжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.08-нд нийтлэгдсэн

БНСУ-ын визний нөхцөлд өөрчлөлт оруулжээ

БНСУ-ын ЭСЯ-нд тус улс руу зорчих визний журам өөрчлөгдсөнтэй холбоотойгоор өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам 2012 оны аравдугаар сараас эхлэн хэрэгжүүлж буй Визний нөхцлийг хөнгөвчлөх арга хэмжээний үргэлжлэл болгон 2013 оны тавдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ЭСЯ-тай харилцах банкны тоог нэмэгдүүлэх, визний хөнгөвчилсөн нөхцөлд хамрагдах иргэдийн хүрээг тэлэх, бүрдүүлэх материал танилцуулах аргачлалыг сайжруулах зорилго бүхий “Виз олгох нөхцлийг хөнгөвчлөх” 2 дахь шатны арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.

Визний бүрдүүлэх материалын санхүүгийн чадварыг батлах бичиг баримтуудын нэг болох “Визний зориулалттай хугацаат хадгаламж”-ийг зөвхөн ХААН банкинд нээж холбогдох лавлагаа олгодог байсан бол одооноос эхлэн Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны салбарууд /тус бүр дөрвөн салбарт/ визний зориулалттай хугацаат хадгаламжийг нээх боломжтой болжээ.

Мөн ЭСЯ нь визний зориулалттай хугацаат хадгаламжийн мөнгөн дүнг 10-20 сая төгрөгөөр тогтоосон байсныг 7-14 сая төгрөг болгон, үнийн дүнг 30 хувиар бууруулсан байна. Өнгөрсөн 2012 оны аравдугаар сараас тус ЭСЯ Монгол иргэдэд “Хялбарчилсан аргаар виз олгох нөхцөл”-ийг шинээр хэрэгжүүлж эхэлсэн байгаа. Үүнд нэмэлтээр доорхи нөхцлүүдийг оруулсан бөгөөд,

-Сүүлийн нэг жилийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалингийн дундаж хэмжээ сард 1,4 сая төгрөгөөс дээш иргэн,

-ЭСЯ-аас тогтоосон банкны VIP үйлчлүүлэгч болон түүний гэр бүл /эхнэр, нөхөр, хүүхэд/,

-Эмчилгээний зорилгоор 2-оос дээш удаа зорчсон иргэн. Тухайлбал, тус улсын эмнэлэгт эмчлүүлсэн эмчилгээний төлбөр нь таван сая воноос дээш гарсан иргэд “Хялбарчилсан аргаар виз олгох нөхцөл”-д хамрагдах боломжтой юм байна.

Хоёр дахь шатны хөнгөвчилсөн нөхцөлд БНСУ-ын ЭСЯ-ны вэб хуудсанд “Visa Finder” цонхыг шинээр нэвтрүүлснээр визний материалыг илүү хялбар аргаар танилцах боломжтой болсон байна.

“Виз олгох нөхцлийг хөнгөвчлөх” 2 дахь шатны хөнгөлөлтүүд энэ сарын 13-ны өдрөөс эхлэн хэрэгжих ажээ.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж