Тарагт сумын Туяа багт хөдөөг хоршоолох аяны хүрээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, Хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Малчинд мэргэжлийн үнэмлэх, энгэрийн тэмдэг“ олгох журмын дагуу 70 гаруй малчинд мэргэжлийн үнэмлэх олгоод байна. Мал маллах, эмчлэх, зүслэх, шинжих, ургамал шинжин таних, мал үржүүлэх, цаг агаарын байдал ажиглах зэрэг 13 эрдэм ухааныг эзэмшсэн малчинд уг үнэмлэх, энгэрийн тэмдэг олгож байгаа тул малчид ихээхэн урамтай байгаа юм. Мөн сумын хоршоо хариуцсан мэргэжилтэн, татварын байцаагч, нийгмийн ажилтнуудаас холбогдох ажлын чиглэлээрээ мэдээлэл хийж, малчдад өвөлжөө, хаваржааны эзэмшлийн гэрчилгээг олгох, ажилласан жилийн хугацааг тогтоож, материалыг нь бүрдүүлж өгөх зэрэг нэг цэгийн үйлчилгээг газар дээр нь үзүүлсэнд малчид талархаж байлаа.
Түүнчлэн ХХААЖДҮГазрын мэргэжилтэн З.Баярсайхан малчдын хоршоо байгуулах талаар аймгийн хэмжээнд хийж буй ажил үйлчилгээний талаар сургалт явуулав.