-Анхны цомгоо яагаад “Хүслийн бороо” дуугаараа нэрлэх болов?
-“Хүслийн бороо” дууны шүлгийг яруу найрагч М.Хүрэлсүх, аяыг нь урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн соёрхолт Ч.Сангидорж багш бичсэн юм. Бурхан болооч багшийнхаа энэ дуунд би маш их хайртай. Багш маань намайг сургууль төгсөхөд тосч авч уран бүтээлч болох чигийг маань зааж өгсөн. Манай багш чинь мундаг хүн шүү дээ. “Хүслийн бороо” нь багшийн хайртай дуу байсан. Ийм утга учиртай учраас анхны цомгоо энэ дуугаараа нэрлэсэн юм. “Хүслийн бороо” дуу нь ч өөрөө гүн утгатай. Хүн бүрийн сэтгэлд бодож явдаг зүйл нь биелээсэй гэсэн философитой юм.
-Болгар улс руу хэзээ буцах билээ?
-Маргааш (өчигдөр) өглөө үүрээр явна.
-Энд ирээд хэд хонов. Цомгийнхоо нээлтийг хийхээр зорьж ирсэн байх?
-Би Монголдоо ирээд дөрөв хонож байна. Гол нь цомгийнхоо нээлтийг хийх гэж л зорьж ирлээ. Яагаад ингэж анхаарал тавиад байна вэ гэвэл уран бүтээлч хүний хувьд цомог гэдэг үнэхээр үнэтэй. Тэр тусмаа энэ миний анхны бүтээл учраас их ач холбогдол өглөө.
-Болгарын Хөгжмийн дээд сургуульд суралцах боломж танд хэрхэн олдсон талаар сонирхуулбал?
-Би Болгарын Софи хотын Хөгжмийн академи руу бүх дуунуудаа явуулаад суралцах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Тэгэхэд миний хүсэлтийг уриалгахан хүлээж авч, гурван урилга ирүүлсэн. Болгарт олон сайхан зүйл сурч байна. Дуурийн театрт нь Баясгалан гээд монгол хүн багшилдаг.Би тэр багшаар хичээл заалгаж байгаа.
-Хэдэн жил суралцаад төгсөх вэ?
-Гурван жил сурна. Нэг жилийг нь ардаа орхиж байна даа.
-Оюутны байранд амьдардаг уу?
-Одоохондоо Элчин сайдын яамны байранд байрлаж байгаа.
-Урлагийн чиглэлээр олон орны оюутан тэнд сурч байгаа байх. Монгол оюутан юугаараа ялгаатай байх юм?
-Болгарчууд их гоё хүмүүс. Монголчуудад их хайртай. Тэд Монголын Алтайн нуруунаас нүүж очсон гэж ярих их дуртай юм билээ. “Бид нар Монголоос нүүж ирсэн, монголчуудтай цус нэг” гэдэг. Намайг монгол оюутан гэдгээр маань болгарчуудад их хүндэлж, хайрладаг. Манай монголчууд чинь мундаг шүү дээ, юмыг амархан сурдаг. Кипр, украин оюутан гээд бид ангидаа есүүлээ байдаг. Би тэднээс юмыг дор нь хүлээж авч, хурдан ойлгодгоороо ялгаатай гэж боддог. Тэд ч гэсэн “Монголчууд мундаг” гээд л байдаг юм.
-Анх очоод хэлний бэрхшээлтэй тулгарав уу?
-Эхлээд хэцүү байсан шүү. Шууд очоод хэл сурна гэдэг амаргүй байлаа. Хэл мэдэхгүй, орчинд нь очихоор хүмүүсийн ярьсан чихний хажуугаар л өнгөрөөд байдаг юм билээ. Эхлээд орос, англиар холиод л ярьж гарсан. Одоо гайгүй болсон. Ярьж, хэлж байгааг нь ойлгож эхэлж байгаа. Болгар хэл нь оростой төстэй юм шиг хэрнээ ярихад өөр.
-Цомгоо өлгийдөн авахын тулд Монголдоо нэртэй, чадварлаг хөгжмийн зохиолчидтой хамтарч ажилласан гэсэн. Гадаадад сурахын хажуугаар энэ их ажлыг яаж амжуулж байв даа?
-Явахаасаа өмнө нэлээд хэдэн уран бүтээл хийсэн байсан. Интернэт гэж сайхан юм байна. Түүгээр л дуунуудаа явуулж байлаа. Болгарт хоолой хийлгэсэн дуунууд маань ч цомогт багтсан. Сурахын хажуугаар бас олон ажил амжуулж байна. Монгол руугаа байнга ирж, очиж байгаа. Уран бүтээлээ хаяж чадахгүй байна. Залуу хүн болохоор ирээдүйгээ хүртэл төсөөлж суудаг. Одоо бүр дараагийн цомог маань ямар байх талаар төсөөлөн зогсч байна даа (инээв).
-Дараагийн уран бүтээлүүд тань ямар чиг, урсгалтай байх бол оо?
-Ерөнхийдөө энэ удаагийн цомогт орсон бүтээлээс арай өөр байх болно. Энэ удаа нийтийн дуунууд оруулсан. Хоёр дахь цомогт орох дуунууд поп, опера чиглэлийн сонгодог классик байх болов уу гэж бодож байгаа.
-Хэдийгээр дуурийн чиглэлээр сурч байгаа ч гэсэн нэг хэв загварт баригдахгүй гэж ойлгож болох нь ээ?
-Тийм ээ. Би нэг хэв, загварт баригдах дургүй.
-Анхны бие даасан тоглолтоо хэзээ хийх вэ. Төлөвлөсөн юм байгаа л байх?
-Жилийн дараа анхныхаа тоглолтыг хийчихнэ гэж бодож байгаа.
-Ирээдүйн зорилгынхоо талаар хуваалцвал?
-Төлөвлөсөн ажил их. Монголынхоо нэр, нүүрийг гаргасан чадварлаг дуучин болохыг л зорьж байна даа. Дууриа ч дуулна, монголчууддаа хайрлагдсан олон олон сайхан дуу ч төрүүлэх болно.
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин