Хамгийн олон түүхийн ховор нандин номтой, тэгсэн хэрнээ хэнийг ч дотогш нэвтрүүлдэггүй номын сан Улаанбаатарт бий. Сонирхож очсон бүү хэл эрдэм судалгааны ажил хийхээр зорьсон хэнийг ч нэвтрүүлдэггүй энэ газар бол Гандантэгчинлэн хийдийн номын сан юм. Хаалттай энэ номын сангаар уншигчдаа хэсэгхэн хугацаанд ч болов аялуулах завшаан тохиосон юм. Хэдэн өдрийн өмнөөс албан бичгээр хүсэлт гаргаж, сурвалжлага хийх хүсэлтээ гандан хийдийн захиргаанд хэдэнтээ уламжилсных нааштай хариу авч чадсан юм. Гэхдээ бичиг сачигхан илгээгээд асуудлаа шийдүүлчихээгүй. Чамгүй олон хүнтэй уулзаж байж хүссэн газар руугаа орох боломж олсон билээ. Бидний уулзсан эхний хүн номын санч О.Мөнх-Эрдэнэ байв. Түүнд хэрэг учраа хэлж, “Энэ асуудлыг мэддэг Да лам Бямбажав эзгүй байгаа. Та бүхэн гадаад харилцаа эрхэлсэн Мөнхбаатар гэдэг хүнтэй уулз” хэмээв. Хэлснээр нь очвол “Би тийш нь оруулахыг мэддэг хүн биш. Тиймээс та нар Олон нийттэй харилцах албаны дарга Даваапүрэвтэй уулз” гэв. Гэвч тэрбээр бидний хүсэлтийг биелүүлэх аргагүйгээ хэлж “Тус номын сан нь улсын онцгой объект учир хэн дуртайг нь оруулдаггүй юм. Судалгаа хийх гэж буй эрдэмтэд хүртэл орж чаддаггүй” гэлээ. Тэгсэн хэрнээ энэ номын санд монгол эрдэмтдийн судлаагүй, судлаж амжаагүй олон бүтээл бий хэмээн сэтгэл гижигдэж, хорхой хүргэсэн үг хэлэхээ ч мартсангүй. Түүнтэй уулзах зуур зарим зүйлийг тодруулсан юм.
-Танай номын сангийн хямрах хэр арвин бэ. Хадгалалт хамгаалалт сайн биз?
-Манай номын сан 1,2 сая номтой. Зуун зууныг дамжиж ирсэн монгол эрдэмтдийн бүтээсэн үнэт өв, бүтээлүүд энд бий. Дан торгон баринтагтай судар номууд хүртэл байгаа. Дэлхийд монголчуудаас өөр судар, номоо торгоор өлгийдсөн улс орон байдаггүй. Төвдүүд болохоор торгоор бус даалимба, даавуугаар баринтагласан байдаг. Мөн есөн эрдэнээр бүтээсэн ховор номууд ч бий. Тэр бүрийг хүнд үзүүлээд байх боломжгүй учир одоохондоо хадгалж байна. Монголчууд эртнээсээ нүүдлийн соёл иргэншилтэй учир номоо баринтаглаж ирсэн уламжлалтай. Монгол, төвд эрдэмтдийн бүтээлүүд хадгалагдаж байгаа. XIII далай лам “Монгол мэргэдийн бүтээл оргилдоо хүрсэн” гэж хэлсэн юм гэнэ билээ. Тиймээс энэ олон зууныг дамжиж ирсэн судар номууд өнөө хүртэл хэвээрээ байгаа юм. Манай номын сангийн хадгалалалт сайн. Сүүлд хувь хүмүүс бусад хүрээ хийдээс ирүүлсэн номууд хадгалалт муугаас, чийг авсан чанарт нь нөлөөлсөн байх нь бий. Түүнд л анхаарч байгаа.
-Танай номын санд байгаа бүтээлүүдийг гаднынхны тусламжаар сэргээн засварлаж байгаа гэсэн. Энэ үнэн үү?
-Сүүлийн жилүүдэд манайхан соёлын өвийг хадгалж хамгаалахад ихээхэн анхаарал хандуулж байгаа. Үүний нэг жишээ нь Зүүн Азийн орнуудын цаасан баримтат өвийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах төсөл юм. Нидерланд улсын дэмжлэгтэйгээр “Принц клаус” сан аюулд нэрвэгдэж болзошгүй соёлын өвийг хамгаалах төслийг манай улсын Гандантэгчинлин хийдийн номын санд хэрэгжүүлэхээр ярьсан. Одоогоор энэ тухай Гарын үсэг зурж албажуулаагүй байгаа шийдэгдээгүй байга.
-Зайлшгүй засч сэлбэх шаардлагатай ном судар олон уу?
-Олон бий. Түүнээс гадна өнөөдөр манай номын сан мөрдөгдөх ёстой стандартад нийцээгүй гээд л асуудал ч нэлээнд олон байна.
Гандантэгчинлин хийд номын сангаа хоёр сүмд хуваан байрлуулдаг аж. Номын санч О.Мөнх-Эрдэнээс гуйж байж үүдээр нь дөнгөж шагайв. Өнгө өнгийн торгоор өлгийдсөн ном судрууд тавиур дүүрэн ярайх нь цаанаа л сайхан юм. О.Мөнх-Эрдэнэ лам Энэтхэгийн Саражэ хот дахь бурханы шашны ном заадаг гурван том сургуулийн нэгд найман жил гүн ухааны чиглэлээр чойрын ном үзэж ирээд хэдхэн сар болж байгаа гэнэ. Төвд, Балба, лам нартай хамт суралцаж байсан. Ганц нэг шар толгойтой хүүхдүүд байлаа гэв. Ирэх жилээс буцаж дөрвөн жил сураад парчин болж ирнэ гэлээ. Тэр нь цол нэмж байгаа хэрэг юм байна. Тэрбээр “Номын санчаар ороод удаагүй байгаа учир ямар ховор ном байгааг сайн мэдэхгүй. Миний мэдэхийн Дандар Лхарамбын гурван боть, Дамцагдоржийн 20 боть, Заваа Дамдины 14 боть бий” гэсэн. Тэрбээр төгсч ирээд энэ олон номын багахан хэсгээс ч бол судалж орчуулахыг хичээнэ гэсэн нь сайхан санагдсан. Тус номын санд хэн гээч эрдэмтдийн ямар бүтээл байгааг хэнээс тодруулж болохыг Даваапүрэв ламтнаас асуухад Гандангийн дэргэд “Эрдэм соёлын хүрээлэн” гэж байдаг. Түүний захирал Сонинбаяраас асуувал тэр сайн мэднэ гэлээ. Ийнхүү улсдаа хамгийн олон, торгоор өлгийдсөн ховор номын арвин баялаг хөмрөгтэй номын сангаар орж зах зухаас нь уншигчдадаа мэдээлэхэд энэ. Дашрамд өгүүлэхэд бидний өвөг дээдэс эрт үеэс торгоор номын баринтиг урлан номтой мэргэдэд бэлэглэж буян болдог байж. Номч мэргэн Гомбожав агсан /1960-аад онд Гандантэгчинлин хийдийн хамба байсан/ “Манай номын санд шинжлэх ухааны гайхамшгийг тольдуулах бүтээлүүд бий. Хойч үеийнхэнд таниулж өгнө биз дээ” хэмээн өгүүлж байсан юм билээ. Тэр эрхэм хүн ямар бүтээл хадгалагдаж байгааг тун сайн мэдэж байж. Гэвч өнөөдөр түүний хэлсэн энэ үг мартагдаж, энэ зүгт хэнийг ч алхуулахгүй байгаа нь гайхшрал төрүүлж байсан юм.
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин