Үнийн өсөлт 10 сая хүнийг ядуурал руу түлхэж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.17-нд нийтлэгдсэн

Үнийн өсөлт 10 сая хүнийг ядуурал руу түлхэж байна

Олон улсын валютын сангийн гишүүн орнуудын Сангийн сайд нар  хөгжиж буй орнуудын зах зээл дэх инфляцийн өсөлт өндөр хөгжилтэй орнуудад эрсдэл дагуулж байна гэж үзжээ. АНУ-ын Вашингтон хотод жилд хоёр удаа зохион байгуулдаг Олон улсын валютын сангийн энэ удаагийн ээлжит хурлаар 187 орны Сангийн сайд нар чуулж хөгжиж буй орнуудын зах зээлийн өсөлттэй зэрэгцэн бий болсон инфляцийн өсөлт бусад орны эдийн засагт нөлөөлж, инфляцийг хөөрөгдөж эхэлснийг онцолсон байна. Сангийн сайд, банкирууд уг уулзалтаар Засгийн газрын их хэмжээний өр, зээлийн хүүгийн бууралт, хөгжиж буй орнууд дахь инфляцийн хэт халалтын талаар маргалдсан ажээ.
Дэлхийн банкны захирал Роберт Зеллик хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт ядуу иргэдийг өлсгөлөнгийн ирмэг дээр авчираад буйг онцолсон байна.
Дэлхийн банкны судалгаа хүнсний бүтээгдэхүүний үнийн индекс арван хувиар нэмэгдсэн нь дахин арван сая иргэдийг ядуурал руу түлхэж болзошгүй болсныг харуулжээ. Өнгөрсөн жил өдөрт нэг ам.доллар хүрэхгүй мөнгөөр гол зогоодог туйлын ядуу тарчиг нөхцөлд амьдарч буй 44 сая хүн байгаа гэсэн судалгаа гарч байжээ.  

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж