В.В.Самойленко: РЖД стратегийн түнш байж чадна. Тийм ч сонирхолтой байгаа. Ийм тохиолдолд нөхцөл болон оролцоо өөр байх ёстой
ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд В.В.Самойленкотой ярилцлаа.
Яг өнөөдөр
Монголын маршрут давуу гэдгийг нотлох үндэслэл хэрэгтэй байна
-Элчин сайд Таныг
дипломат ажлаа хэрхэн эхлүүлж байсан түүхээс яриагаа эхэлье?
-Би 1970 онд
Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийг олон улсын харилцааны мэргэжлээр
төгссөн. Төгсөөд л Гадаад харилцааны яамны төв аппаратад ажилд орсон юм. Жилийн
дараа Малайзын их сургуульд суралцаж, малайз хэлийг судалсан. Суралцах
хугацаандаа Малайз дахь ЗСБНХУ-ын Элчин сайдын яаманд ажилладаг байв. Гадаад
явдлын яамд ажиллаж байсан болохоор Элчин сайдын яамны ажилд туслахыг урьсан
юм. Москвад эргэж ирээд, 1974 онд хилийн чанад дахь анхны урт хугацааны
томилолтоо авсан нь Сингапур улс байлаа. Тус улсад таван жил ажилласны
дараа Филиппинд таван жил, Австралид
дөрвөн жил, Камбожид таван жил ажилласан. ОХУ-ын Бүрэн эрхт элчин сайдын хувиар
2009 оны арваннэгдүгээр сард Монгол улсад томилогдон ажиллаж байна.
-Та Элчин
сайдаар томилогдохоосоо өмнө Монголд ирж байв уу? Монголд ирсэн анхны
сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Владимир
Путин ОХУ-ын Засгийн газрын тэргүүн байхдаа 2009 оны тавдугаар сард Монгол
улсад албан ёсны айлчлал хийхэд би айлчлалын бүрэлдэхүүнд багтаж, анх удаа
Монголд ирж байсан юм. Хотжилт, барилгын архитектур нь Оросынхтой их адилхан
санагдаж байлаа. Кириллээр бичсэн хаягууд хамгийн түрүүнд нүдэнд туссан.
Оросоор бичсэн байх шиг хэрнээ уншаад юу ч ойлгохгүй байсан минь их сонин
санагдаж билээ. Харин орос хэлийг маш сайн эзэмшсэн хүмүүс олон байдаг нь
гайхшрал төрүүлсэн.
-Та монгол хэл
сурч байна уу?
-Монгол хэл
сурахад маш хэцүү, нэлээд хугацаа шаардагдана. Би сурах гэж оролдоогүй. Гэхдээ
өөрийгөө тодорхой хэмжээнд ойлгуулах шаардлагаар 300 гаруй үг цээжилсэн. Миний
хамгийн анх сурсан гадаад хэл бол индонези, малай хэл.
-Эрхэм Элчин
сайд Таныг Монгол улсад ажиллах өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцаанд улс
төр, эдийн засгийн томоохон өөрчлөлтүүд гарсан. Тэр өөрчлөлтүүд Орос-Монголын
өнөөгийн харилцаанд хэрхэн нөлөөлсөн гэж үздэг вэ?
-Гурван жил
гэдэг тийм ч бага хугацаа биш. 2009 онд намайг анх томилогдон ирэх үед дэлхийн
санхүүгийн хямрал Монголын эдийн засагт хүндхэн цохилт үзүүлж, Оросын эдийн
засгийг ч хөндөөд байлаа. Харин 2010-2011 онд дэлхий нийтийн сонирхол Монголын
эдийн засгийн өсөлтөд чиглэсэн. Энэ нь эрдэс баялгийн олборлолт, нүүрсний
экспортын төмөр зам, дэд бүтцийн бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг
зарласантай холбоотой. Энэ бүхэн Монголын эдийн засгийг хурдацтай хөгжиж
эхлэхэд нөлөөлсөн гэж би боддог. Мөнгө санхүү, хөрөнгө оруулалтын урсгал ч
нэмэгдсэн. Цаашид ч их ирээдүй харагдаж байна. Энэхүү шинэ нөхцөл байдалд хоёр
улсын харилцааг шинэ түвшинд хүргэх
шаардлагатай. Өөрөөр хэлбэл, “найрамдал нөхөрлөл”, харилцан туслах” гэсэн
хуучны уламжлалт харилцаагаа өөрчлөн, зах зээлийн харилцааг шинээр хөгжүүлэх
хэрэгтэй юм.
-Монгол улсын
Шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг Та хэрхэн үнэлдэг вэ?
-Элчин сайдын
хувьд ийм асуултад хариулах үргэлж хэцүү байдаг. Дипломат ажилтны тодорхой
дүрэм журам, ёс зүй гэж бий. Аль ч орны Элчин сайд хүнд тодорхой бодол байлгүй
яахав. Гэхдээ тэр бүгдийг олон нийтэд илэрхийлээд байх нь зохимжгүй болов уу.
Харин би өөрт мэдрэгдэж байгаа зүйлээ хэлэх нь илүү зүйтэй байх. 2010-2011 онд
хоёр орны харилцааны зогсонги байдал бүгдэд мэдрэгдсэн. Харин 2012 оны
зургаадугаар сард болж өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дараа шинэ хандлага бий
болсон. Төр, засгийн удирдлагуудтай уулзахад хоёр орны өнөөгийн харилцааг
хөгжүүлэх сонирхол, эрмэлзэл, тэмүүлэл ажиглагдаж байлаа. Алдаагаа засч,
харилцаагаа шинэ түвшинд хөгжүүлэх тухай нээлттэй илэрхийлж байсан нь надад
таатай санагдаж байсан. Монгол улс дахь ажил маань ч үүнд чиглэгдэж байгаа.
-Орос-Монголын
бизнес уулзалт 11 дэх жилдээ зохион байгуулагдлаа. Уулзалт бүр дээр хамтран
ажиллах боломжийн талаар хоёр тал нээлттэй ярилцдаг ч үр дүн төдийлөн
гардаггүй. Монгол улсад ажиллаж буй Оросын компаниудын тоо хэтэрхий цөөн. Энэ
нь манай улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчин хангалтгүй байгаатай холбоотой
юу?
-Орос-Монголын
Засгийн газар хоорондын комисс гэж бий. Комиссын Монголын талыг Монгол улсын
Шадар сайд Д.Тэрбишдагва, Оросын талыг Эрдэс баялаг, экологийн сайд С.Е.Донской
нар даргалдаг. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Монгол улсад энэхүү комисс
ээлжит уулзалтаа хийж, хоёр орны өнөөгийн улс төр болоод эдийн засаг, хөрөнгө
оруулалтын хамтын ажиллагаа, цаашдын төлөвлөгөөний талаар хэлэлцсэн. Орос
Монгол улс 2006 оноос стратегийн түнш болж, 2009 оны наймдугаар сард ОХУ-ын
Ерөнхийлөгчийн хувиар Дмитрий Медведев Монгол улсад айлчлах үеэр хоёр орны
төрийн тэргүүн нар Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тунхаглалыг үзэглэсэн
байдаг. Энэхүү баримт бичиг манай хоёр орны харилцааны гол чиглэл юм. Баримт
бичигт тодорхой төсөл хөтөлбөрүүдийг тусгасан. Монгол улсын одоогийн Засгийн
газрын үед ч энэ баримт бичгийн чиглэл өөрчлөгдөөгүй хэвээр байгаа. Оросын
компаниуд Монголд төдий л идэвхтэй бизнес хийхгүй байгаа талаар та зөв хэллээ.
Энэ нь нэг талаараа Монгол улсад өмнө нь зарласан хөрөнгө оруулалтын томоохон
төслүүд бодитоор хэрэгжээгүйтэй холбоотой. Төрийн оролцоотой, илүү бат бэх
компаниуд өөрсдийн цагийг алддаг бол хувийн, ялангуяа жижиг, дунд аж ахуйн
нэгжүүд хөрөнгө мөнгөө алдаж болзошгүй юм. Тэдний хувьд улс төр, эдийн засаг, санхүү болоод нэр
хүндийн эрсдэлээ тооцож байгаа.
Монгол улс
юуны түрүүнд уул уурхайн салбартаа хөрөнгө оруулалтыг илүүтэй татаж байгаа.
Гэхдээ энэ салбар нь уул уурхай өндөр хөгжсөн улс орнуудын хэмжээнд хүртлээ
хараахан хөгжиж чадаагүй байна. Тавантолгойг
дэлхийн хамгийн том нүүрсний орд гэж ярьдаг ч тийм биш юм. Харин дэлхийн огт
олборлогдоогүй томоохон орд юм. Оюутолгойн орд ч мөн адил. Дэлхийн бусад
орнуудад энэ хоёроос том ордууд байдаг ч тэдгээр нь олборлогдож, тодорхой ашиг
орлого өгч байгаа. Монголд ирж
байгаа Оросын компаниудын хувьд мөн л уул уурхайн салбарыг илүүтэй сонирхож
байна. Харин Монголын уул уурхайн салбарт ямар асуудал байна вэ? Гайхалтай
ирээдүйтэй хэдэн арван орд газар нь бэлэн бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах дэд
бүтэц байхгүй. Эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг дахин боловсруулж, нэмүү өртөг
шингээх үйлдвэрлэл хангалттай хөгжөөгүй. Ханган нийлүүлэлт, дэд бүтэц, дахин
боловсруулалт зэрэг салбарт Оросын компаниуд орж ирж болно. Гэхдээ томоохон
хөрөнгө оруулалтын төслүүдээ хэрэгжүүлэх хүчтэй чармайлт, идэвх байхгүй учраас
аж ахуйн нэгжүүд хүлээлтийн байдалд байна. Тэд зах зээлийг судалж,
түншүүдтэйгээ тогтоосон харилцаа холбоогоо алдахыг хүсэхгүй байгаа. Гэсэн ч
бизнесийн боломж хараахан нээгдээгүй
байгаа нь Оросын компаниуд Монголд орж ирэхгүй байгаагийн гол шалтгаан гэж
бодож байна.
-Монголд үйл
ажиллагаа явуулж буй Оросын компаниуд ямар салбарт түлхүү байна вэ? Тэдэнд ямар
хүндрэл бэрхшээл болоод боломжууд байна гэж хардаг вэ?
-Компаниуд бие
даан ажилладаг учраас тэр бүр манайд бүртгүүлээд байдаггүй. 2012 оны тавдугаар
сарын 17-нд “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж буй аж
ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хууль гарсантай
холбоотойгоор геологи хайгуул хийгээд олборлолтын ажлаа эхлүүлж байсан нэлээд
хэдэн компани үйл ажиллагаагаа зогсоосон. Голдуу банк, хууль, санхүүгийн
салбарт Оросын компаниуд ажиллаж байна.
Зочид буудал, зоогийн газрын бизнес эрхэлдэг компаниуд ч бий. Гэхдээ эдгээр нь
гол төлөв Оросын хөрөнгө оруулалттай Монголын компаниуд гэдгийг онцлон хэлэхийг
хүсч байна.
-Өнөөгийн Орос
улсад хөрөнгө оруулалтын орчин ямар байна вэ?
-Манайд
асуудал бий л дээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд ОХУ гадаадын хөрөнгө оруулалтыг татах талаар эерэг имиж бүрдүүлэхэд онцгой
анхаарч байгаа. Түүний үр дүнд гадаадын хөрөнгө оруулалт асар их хэмжээгээр орж
ирж байна. Жишээ хэлэхэд, Герман улс Оросын эдийн засагт 25 тэрбум ам.долларын
хөрөнгө оруулалт хийсэн. Үүнээс ч илүү боломжууд бий гэж боддог. Одоогийн
байдлаар зөвхөн Герман улсын 6000 гаруй компани Орост янз бүрийн салбарт үйл
ажиллагаа эрхэлж байна. Азийн орнуудын компаниудын талаар бол ярилтгүй. Барууны
болоод Азийн хамгийн том үйлдвэрлэгчид Орост салбаруудаа нээн ажиллуулж байна.
Энэ бол хөрөнгө оруулалт, мөнгө орж ирж байгаа гэсэн үг. Харин одоо
Орос улс дэд бүтэцдээ хөрөнгө оруулалт татахыг чухалчилж байгаа. 2014 онд Сочид
зохион байгуулагдах өвлийн олимпийн бэлтгэл ажлууд хийгдэж байна. 2018 онд
хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Бас л асар том хөрөнгө
оруулалт. Тиймээс нөхцөл байдал сайжирч байгаа.
-Орос улсад
ихээхэн нөөцтэй нүүрсний сав газрууд цөөнгүй бий. Тэдгээрийн зарим нь огт
хөндөгдөөгүй орд газрууд. Ийм нөхцөл байдалд Тавантолгойн орд Орос улсад
юугаараа сонирхолтой байж болох вэ?
-ОХУ-ын эрчим
хүчний хэрэглээнд газрын тос нэгдүгээрт, байгалийн хий хоёрдугаарт, нүүрс гуравдугаарт ордог. Гэсэн ч өнгөрсөн
жилийн байдлаар нийтдээ 360 сая тонн нүүрс олборлосон. Энэ нь Монголынхоос 10
дахин их юм. Үүний 117 сая тонныг экспортолсон бөгөөд ихэнхийг нь Япон, Хятад,
Европ, Солонгос руу гаргасан байна. Нүүрсний үйлдвэрлэл манай тэргүүлэх чиглэл
бөгөөд Монголын нэгэн адил экспортлох тээврийн дэд бүтэц зэрэг асуудал тулгарч
байгаа. Манайд тулгарч байгаа асуудлууд танайхтай адил төстэй гэж бодож байна.
Гэхдээ бид Монгол нөхдийг бодвол илүү хурдтай шийддэгээрээ арай өөр.
Тавантолгой
дахь Оросын сонирхол юуны өмнө төмөр зам барьж байгуулах төлөвлөгөөтэй
холбоотой. Тавантолгойгоос Сайншанд хүртэл зайлшгүй төмөр зам тавих шаардлагатай
гэдэг асуудал тавигдсан. Энэ нь нэлээд их хөрөнгө оруулалт шаардана. Энэ үед
замын ачааллыг Тавантолгойн нүүрсээр хангах санаа төрсөн юм.
Тавантолгой-Сайншандын төмөр замыг барьчихаад, нүүрсээ Тавантолгойгоос
Гашуунсухайт руу гаргах юм бол өөрийн өртөгөө хэзээ ч нөхөхгүй зам барина гэсэн
үг. Тиймээс энэ хоёр төслийг хооронд нь холбодоггүй юм гэхэд ядаж уялдуулах
шаардлагатай. Түүнээс гадна Тавантолгойн нүүрсний нэг хэсгийг ОХУ-аар дамжуулан
гуравдагч орны хэрэглэгчдэд, юун түрүүнд Япон, Өмнөд Солонгосын зах зээлд
хүргэхийг бид маш их сонирхож байгаа. Тавантолгойн нүүрсийг ОХУ-ын нутгаар
тээвэрлэх, ингэхдээ манай хамтарсан төсөл “Улаанбаатар төмөр зам”-аар тээвэрлэх
сонирхолтой байдаг.
-Тавантолгойн
орд газрыг ашиглах төсөлд оролцох РЖД-ийн нөхцөл юу вэ?
-Одоохондоо
энэ тухай ярихад түвэгтэй л дээ. 2010-2011 онд Тавантолгойн хэлэлцээр хийгдэж
байх үед РЖД Монголын Засгийн газраас гаргасан нөхцөлийн дагуу консорциум
байгуулж, оролцох хүсэлтээ гаргасан. Гэтэл нөхцөл өөрчлөгдсөн. РЖД дахин шинэ
нөхцөлд тохируулж хүсэлтээ өөрчилсөн. Дахиад л нөхцөл өөрчлөгдсөн. Тэрхүү шинэ
нөхцөлд нь бас л тааруулсан. Иймэрхүү байдал үргэлжилсээр, тодорхой шийдвэр
гаралгүй явсаар 2011 оны долдугаар сард энэ бүхэн ямар нэг үр дүнгүйгээр
тэгсхийгээд зогссон.
Цааш юу
болохыг хэн ч хэлж мэдэхгүй байна. Тодорхой зүйл хэлэхийн тулд үндсэн чиглэлийг
мэдэх хэрэгтэй. Монгол улсад Тавантолгойн орд газрыг ашиглах төлөвлөгөө байгаа
эсэх, ордыг бүхэлд нь ашиглах уу, аль эсвэл Зүүн, Баруун Цанхи гэж хуваах уу?
Ордыг ашиглахдаа гадаадын хөрөнгө оруулагчдыг татах эсэх, хэдий хэмжээний нүүрс
олборлох, түүнийгээ хаашаа, ямар маршрутаар тээвэрлэх зэрэг асуудлыг тодорхой
мэдэж байж эдийн засгийн үр ашгаа тооцоолно. Одоогийн нөхцөлд ямар ч Засгийн
газар, ямар ч компани байлаа гээд эдийн засгийн хувьд үр ашигтай байх талаас нь
энэ төсөлд хандана гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Бид ч гэсэн
Тавантолгойн төсөлд эдийн засгийн үр ашиг талаас нь хандах болно.
-РЖД-ийн
Ерөнхийлөгч В.И.Якунины Монголын Ерөнхий сайдад хаягласан захидлын талаар тодруулж
өгнө үү?
-Энэ захидалд
хоёр асуудлыг тусгасан. 2010 онд РЖД “Улаанбаатар төмөр зам”-ыг шинэчлэх талаар
нэлээд нухацтай, иж бүрэн хөтөлбөр боловсруулсан юм. Энэ хөтөлбөр “Улаанбаатар
төмөр зам”-ын нэвтрэн өнгөрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Энэ
хөтөлбөрөөр бол “Улаанбаатар төмөр зам” нь Монголын уул уурхай болон аж
үйлдвэрийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд хүргээд зогсохгүй Орос-Хятадын
хооронд дамжин өнгөрүүлэх ачаа тээврийн нөхцөлийг хангасан жинхэнэ орчин үеийн
тээвэр логистикийн коридор болж болох байсан. 2014-2015 он
гэхэд Орос-Хятадын худалдааны эргэлтийг 100 тэрбум ам.доллар болгохоор төлөвлөж
байгаа. Цаашлаад 200 тэрбум ам.долларт хүргэнэ. Өөрөөр хэлбэл, хоёр улсын
хооронд их хэмжээний бараа бүтээгдэхүүний урсгал бий болох бөгөөд цаашид улам
нэмэгдэх юм. Тиймээс тээврийн хэрэгсэл, дэд бүтцийн асуудал урган гарч ирж
байгаа. Үүнтэй холбоотойгоор “Улаанбаатар төмөр зам”-ыг шинэчлэхдээ Сингапур,
Малайз, Бирм зэрэг Зүүн Өмнөд Азийн орнуудаас Хятадыг дамжин, Хятадын өмнөд
хэсгээс Монголын газар нутгаар дайрч Орос, цаашлаад Баруун Европт хүргэх, мөн
буцаан зөөвөрлөх жинхэнэ тээвэр логистикийн судас болгон хувиргахыг хүсч, бид
онцгой анхаарал хандуулж байгаа юм. Ийм болгоход ч бэлэн байгаа. Манай
эрдэмтдийн тооцоолсноор Монголын нэг жилд тээвэрлэх дотоод ачаа тээвэрлэлтийн
хэмжээ ойрын жилүүдэд 50 сая тонн, дамжин өнгөрүүлэх ачаа тээвэр 40 сая тоннд
хүрэх боломжтойг В.И.Якунины захидалд бичсэн. Өөрөөр хэлбэл, өсөлт 90 сая тоннд хүрнэ. Одоогоор “Улаанбаатар төмөр
зам” жилд дээд тал нь 25 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байгаа. Захидалд
туссан хоёр дахь асуудал нь РЖД компанид Монгол улсын Зам тээврийн яамнаас шинэ
төмөр барьж байгуулахад оролцох талаар ирүүлсэн урилгын тухай юм. 2009 онд хоёр
орны Ерөнхийлөгчийн гарын үсэг зурсан Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай
тунхаглалд РЖД болон “Дэд бүтцийн хөгжил” компаниуд нь Монгол дахь шинэ төмөр
зам барих төслийн стратегийн түншүүд гэж тодорхой заасныг хэлэх хэрэгтэй.
Эдгээр төлөвлөгөө, хөтөлбөрүүд олон удаа солигдож, тэр хэрээр нөхцөлүүд өөрчлөгдсөөр байна.
2013 оны
хоёрдугаар сарын 14-нд Монголын Зам тээврийн яам тендер зарласан. Шинэ
нөхцөлийн дагуу шинэ төмөр зам барих ажлын 51 хувийг төрийн өмчийн “Монголын
төмөр зам” ХК-д даатгаж, үлдсэн 49 хувьд оролцох саналыг гадаад болон дотоодын
хөрөнгө оруулагчдад санал болгосон байна лээ. Энэхүү шинэ төмөр замын 49 хувьд
оролцох тендерийг зарлахдаа зөвхөн РЖД бус хүсч байгаа ямар ч компани оролцож
болохоор нөхцөл заасан. Тиймээс РЖД их л сайндаа тун бага хувийг авах нь
тодорхой. Ердөө “цүнхний хөрөнгө оруулагч” гэсэн үг. Танайх уул уурхай, эдийн
засгийн мэргэжлийн сэтгүүл учраас энэ бол зүгээр л мөнгөө оруулсан хөрөнгө
оруулагч байх болно гэдгийг ойлгож биз ээ.
Гэтэл РЖД нь
Монгол улсын нийт хүн амаас ч их, гурван сая хүн ажилладаг, тоймгүй их
хэмжээний ачаа тээвэрлэдэг, жил бүр олон зуун км төмөр зам барьдаг асар том
компани. Тийм учраас энэ компани стратегийн түнш байж чадна. Тийм ч сонирхолтой
байгаа. Ийм тохиолдолд нөхцөл болон оролцоо өөр байх ёстой шүү дээ. 2009 онд тохирсон тэр нөхцөлүүдийг л хэлж байгаа
юм. Тиймээс энэ бүхнийг бодолцож үзээд РЖД санал болгож байгаа нөхцөлөөр
оролцохгүй байхаар шийдвэрлэсэн. Энэ бол шинэ төмөр зам барихад РЖД оролцох
сонирхолгүй байна гэсэн үг биш юм. РЖД бол хөрөнгө оруулалтын компани биш.
Төмөр зам барьдаг, ашигладаг компани юм.
-Дээр дурдсан
“Улаанбаатар төмөр зам”-ыг шинэчлэх тухай РЖД-гийн боловсруулсан хөтөлбөрийн
талаар илүү дэлгэрүүлж танилцуулахгүй юу?
-Энэ бол маш
өргөн, цогц хөтөлбөр. Одоогийн төмөр зам хэрэгцээгээ нэгэнт хангаж чадахаа
болилоо. Техникийн хувьд тоноглох шаардлагатай байна. Дэр мод, замын рельс, ус
зайлуулах төхөөрөмж, шулуутгах, тэгшлэх хэсгүүд, хөдөлгөөн дохиоллын систем
гээд том, жижиг гэлтгүй бүхий л шатанд шинэчлэл хийх ёстой. Замыг шулуутгаж,
Улаанбаатарыг тойрон Богд хан уулын урдуур тавих шаардлага бий. Учир нь
Улаанбаатараар нэлээд хэмжээний ачаа дамждаг бөгөөд энэ нь байгаль орчинд
муугаар нөлөөлдөг талтай.
Үүнээс гадна
Монгол улсын хилийн дамжин өнгөрөх хэсэг гэж чухал зүйл бий. Замын Үүд-Эрээний
жилийн дамжин өнгөрүүлэх хамгийн дээд хүчин чадал нь арван сая тонн гэдгийг
мэдэх байх. “Шилэн лонхны хүзүү л” гэсэн үг. Тиймээс нөгөө талаас нь
Сүхбаатар-Наушки, Улаан-Үдээс Транссибирийн зам хүргэх талаар нухацтай бодох
хэрэгтэй. Улаан-Үд-Наушки-Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд, тэр байтугай Жининь
хүртэл байж болно шүү дээ. Дорнод болон баруун Хятадыг холбосон магистраль дээр
Жининь байдаг учраас. Бүхэлдээ бол “Улаанбаатар төмөр зам”-ыг төмөр замын дагуу
ачих буулгах логистикийн төв бүхий орчин үеийн зам болгоход чиглэсэн харилцаа
холбооны маш чухал төсөл юм. Чухамхүү ийм чиглэлээр ажиллах ёстой гэж бид үзэж
байгаа. Харин түүнийг шууд хэрэгжүүлэх боломжгүй гэдэг бол өөр асуудал. Гэхдээ
хийж эхлэх хэрэгтэй. Цоорхойг бөглөх юмуу засаад өнгөрөх биш, харин өөрчлөх
шинэчлэх тухай асуудал яригдаж байна гэдгийг л ойлгоосой. Төмөр замын салбарт
хийх хөрөнгө оруулалт урт хугацааных байдаг. Богино хугацааны хөрөнгө оруулалт
асуудлыг түр зуур л шийддэг. Төмөр замын хөрөнгө оруулалт бол нэгээс хоёр
жилийн дараа эргүүлэн авч болох мөнгө биш. 20 жилийн дараа буцаж ирэх мөнгө.
Эцэст нь
“Улаанбаатар төмөр зам”-ын өөрчлөлт шинэчлэлтэй холбоотой анхаарах бас нэг
чухал зүйлийг хэлэхийг хүсч байна. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Си Зинпин
ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэр хоёр орны хооронд худалдаа эдийн засгийн
хамтын ажилла¬гааг хөгжүүлэх талаар олон гэрээ хэлэлцээр байгуулсан. Түүний
нэг нь Оросоос Хятадад нийлүүлэх газрын тосны хэмжээг нэмэгдүүлэх тохиролцоо.
Газрын тосны тодорхой хэсгийг одоо байгаа дамжуулах хоолойгоор явуулж, Алс
Дорнод хүргээд цааш усан онгоцоор Хятадын өмнөд нутгийг зорих юм. Газрын тосыг
хүргэх өөр нэг чиглэл нь Хятадын баруун талын Шинжаан Уйгарын нутаг. Чухамхүү
энэ бүс нутагт газрын тос тээвэрлэн
хүргэх сайхан боломж шинэчлэгдсэн “Улаанбаатар төмөр зам”-д гарч ирэх юм.
Гэхдээ Казахстанаар дамжуулан тээвэрлэх хувилбар бас бий. Хэрэв “Улаанбаатар
төмөр зам”-ыг шинэчлэхгүй бол өөр хувилбарыг сонгож таарна.
-Энэ асуудал
дээр ОХУ-ын Засгийн газрын шийдвэрийг хүлээж байгаа. Ямар шийдвэр гарах бол?
-Тийм ээ.
“Монголын” гэж нэрлэсэн маршрутыг дэмжигчид ч бий, Казахстаны талыг
баримтлагчид ч бий. Шийдвэр тийм амархан гарахгүй болов уу гэж бодож байна.
Гэхдээ яг ийм үед Монголын маршрут давуу гэдгийг нотлох үндэслэл хэрэгтэй.
“Улаанбаатар төмөр зам”-ыг хүчтэй тээвэр логистикийн судас болгох шинэчлэлийн
хөтөлбөрийг Монголын төр, засгаас баталсан бол Монголын маршрутыг сонгоход
ашигтайгаар нөлөөлөх хүчтэй үндэслэл болох байсан. Одоо цаг хугацаа алдвал энэ
урсгал, чиглэлийг Монголын тал руу эргүүлэхэд хэцүү болно. Ямар нэг зүйл хийхгүй
бол энэ чиглэл мэдээж хаагдана. “Улаанбаатар төмөр зам”-ыг шинэчлэхийн төлөө
гэж миний тайлбарлах гэж оролдоод байгаа нэг шалтгаан энэ.
-“Улаанбаатар
төмөр зам”-ыг шинэчлэх хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын хэмжээ ямар байх бол?
-2008-2009 онд
анх “Улаанбаатар төмөр зам”-ын шинэчлэлийн өртөгийг тооцоход 1,7 тэрбум
ам.доллар байсан. Одоо энэ төсөл шинэчлэгдэж байгаа. Цаг хугацаа өнгөрөхийн
хэрээр эдийн засгийн тооцоо ч өөрчлөгддөг. “Улаанбаатар төмөр зам”-ыг
шинэчлэхэд Улаан-Үд-Жининь хүрэх зам, үүн дээр Богд хан уулыг тойрч өнгөрөх зам
нэмэгдэж байгаа. Тэгэхээр мэдээж илүү их зардал гарна гэсэн үг. Бид 2-2,5 орчим
тэрбум байх болов уу гэж тооцоолж байгаа.
-Нүүрсний
салбарт Орос улс Монголын өрсөлдөгч мөн үү?
-Асуултыг
ингэж тавих хэрэггүй байх. Одоо цагт компаниуд үйл ажиллагаагаа дэлхий даяар
явуулдаг болсон байна. Хятадын зах зээлд очиж байгаа Оросын нүүрс Монголын
нүүрстэй зарчмын хувьд өрсөлдөж болох юм. Гэхдээ Хятадын зах зээл хэдэн сая
тонн нүүрс хэрэглэдэг шүү дээ. Тийшээ
Австрали, Индонез болон Америкаас нүүрс очиж байна. Орос улс Хятадад нийлүүлэх
нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлэхийг хичээх нь зүйн хэрэг. Яагаад гэвэл Хятад улс
гол хэрэглэгч, хамгийн том зах зээл юм. Миний бодоход, яг одоогоор манай хоёр
орны сонирхолд шууд тулгараад байгаа зүйл алга байна. Түүнээс гадна Оросын
нүүрсний нэг хэсгийг Монголын газар нутгаар тээвэрлэх юм бол энэ нь Монголд ч
гэсэн ашигтай байх болно. Өөрөөр хэлбэл тэмцэл, өрсөлдөөнөөс илүү хоршиж
ажиллах нь өндөр үр ашигтай юм.
-Орос улс
нүүрсний салбартаа ямар бодлого, төлөвлөгөөг хэрэгжүүлж байна вэ?
-Манайд шинэ
орд газруудыг олборлох ажил ид явагдаж байна. Ойрын жилүүдэд бид нэлээд хэдэн
орд газрыг шинээр ашиглана. Тэдгээрийн дотор Монголын хилд ойрхон орд газар ч
байгаа. Оросын нийт нүүрсний 60 хувийг Кузбассаас, 12-13 хувийг Алс Дорнодын
бүс нутгаас олборлодог. Үлдсэн багахан хувийг хойд нутгаас олборлож байгаа.
Манай хойд нутаг нүүрсний нөөц ихтэй. Тийм учраас энэ бүс нутгийн нүүрсний
олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлийн ажлууд
нэлээд хийгдэж байна. Тавантолгойн орд газрын нөөцийн хагастай тэнцэх хэмжээний
орд газар Тувад бий. Мөн Якутын өмнөд хэсэг, Алс Дорнодод ихээхэн нөөцтэй орд
газар бий. Эрчим хүчний нүүрсний хэрэгцээ их байгаа болохоор эдгээр орд
газруудыг шинээр ашиглана. Оросын нүүрсний үйлдвэрлэлийг жилд 400 сая тоннд
хүргэхээр зорьж байгаа. Дахин хэлэхэд манайх гол анхаарлаа эрчим хүчний
салбарт, тэр дундаа газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд
хандуулж байгаа. Манай улсын экспортод нүүрс хоёрдугаар зэргийн үүрэг
гүйцэтгэдэг.
-Гэсэн ч
Оросоос Хятад руу гаргах нүүрсний экспорт өсч байгаа. Орос улс ямар гарцаар тус
улс руу экспортоо нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа вэ? Орос улсын далайн
боомтуудын өнөөгийн хүчин чадал ямар байна вэ?
-“Кузбасс
уголь”, “Разрезуголь, СУЭК зэрэг Оросын нүүрсний томоохон компаниуд
бүтээгдэхүүний экспортдоо Алс Дорнодын боомтуудыг ашиглаж байна. Тавантолгойн
ордын нүүрсийг Алс Дорнодын боомтуудаар экспортлох төслийг судалж байх үед
Оросын тал тээвэрлэлтийн бүх логистик хэлхээг авч үзсэн юм. Тавантолгойн орд
газраас Сайншанд хүртэл нүүрс тээвэрлэх боломжтой. Хэрэв энэ чиглэлийн зам
баригдах юм бол шүү дээ. Харамсалтай нь одоог хүртэл энэ замыг барьж эхлээгүй
байгаа. Бэлтгэл ажил хийгдэж байгаа гэж ойлгож байна. Цаашлаад энэ нүүрсийг
Транссибирийн замаар Алс Дорнодын далайн боомтуудад хүргэх юм. Алс Дорнодод
нэлээд олон боомтоор нүүрсний тээвэрлэлт хийж байгаа. Тун саяхан Орос, Хойд
Солонгос улсын хооронд Ражин боомтыг ашиглан нүүрс экспортлох тухай хэлэлцээр
хийгдсэнийг хэлэх нь зүйтэй байх. Өөрөөр хэлбэл, РЖД компани нь Ражин боомтыг
ашиглах бүрэн эрх бүхий гэрээтэй болсон гэсэн үг. Энэ бас л нэг гарц.
Транссибирийн
төмөр замын тээвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, БАМ-ыг шинэчлэх ажлууд хийгдэж
байна. РЖД компанийн Ерөнхийлөгч Владимир Якунин ОХУ-ын төмөр замын сүлжээний
шинэчлэл болоод хүчин чадлын өнөөгийн байдлын талаар Ерөнхийлөгч Владимир
Путинд илтгэсний дараагаар ойрын хугацаанд БАМ-ыг шинэчлэх ажилд 200 тэрбум
рубль төсөвлөхөөр болсон. Кузнецовын хонгилын төмөр замыг шинэчлэх ажил дуусч
байгаа. Энэ мэтчилэн төмөр замын чиглэлээр томоохон ажлууд хийгдэж байна.
Мөнгийг олж, зээлж болно. Гагцхүү тэр мөнгийг ажил болгож чаддаг байх хэрэгтэй.
Ер нь Ази-Номхон далайн төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх том хөтөлбөр бий.
Өнгөрсөн жилийн есдүгээр сард АТЭС-ийн чуулга уулзалтын үеэр РЖД компанийн
Ерөнхийлөгч В.И.Якунин энэ талаар танилцуулсан. Энэхүү хөтөлбөрт Орос, Хятад
болон Барууны олон улс, компаниуд оролцож байгаа. Одоогоор Алс Дорнодоос ихэнх
ачаа тээш Европ руу далайгаар тээвэрлэгдэж байна. Тээвэрлэлтэд маш удаан
хугацаа зарцуулдаг. Далайн дээрэм тонуулын эрсдэлтэй. Зарим тохиолдолд улс
хоорондын маргааны улмаас эдгээр усан замууд хаагдах ч үе бий. Харин төмөр
замын тээвэрлэлт ачааг хурдан бөгөөд баталгаатай хүргэдэг.
-ОХУ-ын
Ерөнхийлөгч БНХАУ-ын шинэ удирдагчийн
уулзалтын үед хоёр улсын харилцаа уул уурхай, эрчим хүчний салбарт нэлээд
эрчимтэй өрнөх нь гэсэн хүлээлт бий болсон. Энэ чиглэлийн шинэ мега төслүүдийн
талаар товч мэдээлэл өгнө үү?
-Одоо Орос улс
Алс Дорнод, Сибирийн бүс нутгийн төмөр зам болоод авто зам, эрчим хүчний дэд
бүтцийг хөгжүүлэх хөтөлбөрийг эхлүүлж байна. Маш том “амбицтай” хөтөлбөр. Энэ
хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Си Зинпины
айлчлалын хүрээнд Орос, Хятадын компаниуд хамтран ажиллахаар гэрээ
хэлэлцээр байгуулсан.
-“Роснефть”
компаниас газрын тосны бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлийн биржийн үнээр авах
боломжийн талаар манай Газрын тосны газар хэлэлцээр хийсээр л байна. Ийм боломж
бий юу?
-Орос улсын
хувьд газрын тос, нүүрсний худалдааны асуудалд Засгийн газар оролцдоггүй.
“Роснефть” нь төрийн хувь эзэмшилтэй гэсэн ганц л ялгаа байхаас бүгд хувийн
хэвшлийнхний гарт байдаг. “Роснефть” “ТНК-BP”-ыг худалдан авснаар газрын тосны
нөөцийн хэмжээ, олборлолт, боловсруулалтаар дэлхийд тэргүүлэгч компани болсон.
Үйл ажиллагаагаа улам идэвхжүүлэн, олон улсын өөр бусад зах зээлд гарч байна.
Монгол улсад нийлүүлж байгаа газрын тосны бүтээгдэхүүн бизнесийнх нь маш
багахан хувийг л эзэлдэг. Бүтээгдэхүүний үнэ болоод нийлүүлэлтийн хэмжээний
тухай экспортлогч, импортлогч компаниуд хоорондоо тохиролцох асуудал юм.
Засгийн газар стратегийн бодлого, чиглэлийг тодорхойлохоос биш үнэ
тогтоодоггүй. Монгол улс ашигтай байх тэр л газраасаа худалдан авалт бүрэн
эрхтэй. “Роснефть” нь газрын тосны бүтээгдэхүүний цорын ганц нийлүүлэгч биш.
Энэ компани монополь биш гэдгийг ойлгоорой. Монополь ч байх боломжгүй. Аливаа
үнийг тогтвортой барьж чаддаггүй урт хугацааны гэрээ гэж байдаггүй гэдгийг хэлэхийг хүсч байна. Гэхдээ ямар ч
компани мөнгө олох эрхтэй гэдгийг бас санах хэрэгтэй. Хөнгөлөлттэй үнийн тухайд
гэвэл тэдэнд ашиггүй учир буулгах сонирхолгүй байж магадгүй юм. Тиймээс аль аль
талдаа ашигтай, тодорхой хэлэлцээрт хүрэх хэрэгтэй. Энэ бол тухайн компанитай л
ярилцаж шийдэх асуудал. ОХУ-д “евро стандарт”-ын шинэ журам нэвтрүүлснээр “Роснефть” компани 2013 оны
нэгдүгээр сарын нэгнээс эхлэн А-80 шатахуун үйлдвэрлэхээ больсон.
хамтын ажиллагааны чухал салбарын нэг бол цөмийн энергийн салбар. Орос-Монголын хамтарсан “Дорнод Уран”
компанийг байгуулаад гурван жил болж байна. Энэ компанийг цаашид хөгжүүлэх
талаар Оросын талын ямар байр суурьтай байна вэ?
-Ийм компани
байхгүй гэдгийг залруулан хэлэхийг хүсч байна. Харин энэ компанийг байгуулах
тухай санамж бичиг бий. 2009 оны наймдугаар
сард санамж бичигт гарын үсэг зуралцаж байхдаа “Дорнод Уран” компанийг
байгуулах тохиролцоонд хүрсэн юм. Дараа нь 2010 оны арванхоёрдугаар сард тус
компанийг байгуулах зарчмын тухай баримт бичгийг үзэглэсэн байдаг. Уг баримт
бичигт зааснаар “Дорнод Уран” компанийн 49 хувийн эзэмшилдээ Оросын тал техник,
тоног төхөөрөмж, технологи, санхүүжилт, мэргэжилтэн гээд төслийг хэрэгжүүлэх
бүх зүйлийг хариуцах, харин Монголын тал өөрийн эзэмшлийн 51 хувьд зөвхөн
лицензийг хариуцах юм. Гэвч лиценз Канадын “Ханресурс” компани Монголын Засгийн
газрыг олон улсын шүүхэд өгснөөр маргаантай байгаа. Энэ асуудал бүрэн шийдэгдэх
хүртэл “Дорнод Уран” төслийг хэрэгжүүлэх боломж нөхцөл харагдахгүй байна.
салбараас гадна өөр бусад ямар салбарт хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн
хөгжүүлэх боломжийг Та харж байна вэ?
-Социализмын
үед манай хоёр улс бүхий л чиглэл, салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлж байлаа.
Одоо ч бүх салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэхэд ямар нэгэн саад бэрхшээлийг би
харахгүй байна. Жишээ нь, уул уурхайн тоног төхөөрөмж, техникийн нийлүүлэлт
байж болно. Монгол улсад “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийг байгуулж байх 1970-аад оны сүүлчээс өнөөг
хүртэл энэ уурхай маш сайн ажилласаар
байна. Саяхан Эрдэнэтийн уурхайд мөн л Оросын тоног төхөөрөмжөөр
техникийн шинэчлэл хийсэн. Орос улс Монголын аль ч чухал орд газар, уурхайд ийм
байгууламж барихад бэлэн. Мөн хоёр улс
эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжтой. Монгол дахь бүх эрчим хүчний эх
үүсгүүрүүд хуучнаар ЗХУ-ын
оролцоотойгоор бий болсон. Тодорхой хугацааны дараа ямар ч техник тоног төхөөрөмжийг шинэчлэх, засварлах
шаардлагатай байдаг. Монгол улсын Эрчим хүчний яамны шийдвэрийн дагуу сүүлийн
30 жилийн хугацаанд анх удаа Оросоос эрчим хүчний тоног төхөөрөмжийг ТЭЦ-4
станцад нийлүүлэх гэрээг 2012 оны намар хийсэн. 120 мегаваттын турбин нь
Монголын эрчим хүчний үйлдвэрлэлд ихээхэн нэмэртэй юм. Мөн усан хангамжийн
талаарх хэд хэдэн төслүүдийг бид санал болгож байгаа. Ер нь хэдэн арван төслүүд
бий. Тэднийг хамтран хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын талаар харилцан тохиролцох
л асуудал байна.
Үүнээс гадна
Орос улс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний томоохон экспортлогч, мөн импортлогч
орон. Орост малын тэр дундаа үхрийн махны хомсдол бий. Үхрийн махыг Монголоос
импортлох сонирхол их байгаа. Одоогоор Орос улс үхрийн махыг Латин Америк,
Ирланд, Австралиас авч байгаа юм. Газар зүйн хувьд хэр хол зам болох нь
ойлгомжтой. Мэдээж олон улсын эрүүл ахуйн тодорхой стандарт байдаг бөгөөд
тэдгээр нь тодорхой дүрэм журмыг шаарддаг. Үүнтэй холбогдуулан, Монголоос махны
экспортыг нэмэгдүүлэх зорилгоор 2010 онд Оросын Засгийн газраас “Монгол мал
сүргийг эрүүлжүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон билээ. Хөтөлбөрийн хүрээнд
өнгөрсөн жилийг дуустал Монгол улсад 37 сая тун шүлхийн эсрэг вакцин, явуулын
ариутгалын 22 төхөөрөмж нийлүүлсэн. Үүнээс гадна бид Монголын цаа бугын аж
ахуйг сэргээж үржүүлэх, хөдөө аж ахуйн техникийн нийлүүлэлт, эмийн ургамал,
онгон дагшин байгалийг хамгаалах зэрэг олон салбарт хамтран ажиллах сонирхол
бий. Энэ бүхэн эдийн засгийн хувьд ч үр ашигтай юм.
-Цаг зав
гарган ярилцсан Танд маш их баярлалаа.
Ярилцсан Э.ОДЖАРГАЛ
www.mongolianminingjournal.com
www.journalism.mn