
Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, хүүхдийн зохиолч Д.Содномдоржийг тэр бүр хүн таньдаггүй ч “Жигмид, Тогмид хоёр”, “Олуулаа”, “Норовын намтар” гээд түүний зохиолуудыг мэдэхгүй хүн гарахгүй байх. Тэгвэл алдарт зохиолчийн 1957 онд бичсэн “Норовын намтар” хэмээх хошин, бэсрэг найраглал удахгүй тайзны бүтээл болох гэж байна. Энэхүү найраглалыг хүүхдийн жүжиг болгож, найруулагчаар нь УДЭТ-ын найруулагч Ч.Түвшин ажиллаж байгаа бол Архангай аймгийн Хөгжимт драмын театрын хөгжмийн зохиолч А.Төгсбаяр хөгжмийг нь бичиж байгаа гэнэ. Бэсрэг найраглалыг драмын жүжиг болгохдоо Норовын аав, ээж, найз нөхдийн дүрийг нэмсэн бөгөөд гол дүрд нь залуу жүжигчин Н.Бадарч тоглох аж. Одоогоор жүжгийн бэлтгэл ажил явагдаж байгаа бол энэ сарын 31-нд хүүхэд багачуудын хүртээл болох юм.
Т.ДАРХАН