
Мөн энэ үеэр Хархорин сумын Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хархорин суман дахь салбар, Мөнгөт хайрхан -Уул ХХК-ийн гурилын үйлдвэр, Хархорин ХК-ийн чацарганы талбай, үржүүлгийн хүлэмжийн үйл ажиллагаатай танилцан, зөвлөгөө өглөө.
Зөвлөлдөх уулзалтын үр дүнд сумын Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хархорин суман дахь салбарт дутагдалтай байгаа үрийг Хөтөлийн салбараас олгох, ҮХХААЯ-аас элит үр үржүүлэх зорилгоор 10 тонн үрийг зээлээр олгох, төв сувгийн цэвэрлэгээний асуудалд орон нутгаас дэмжлэг үзүүлэх, Алтантэрэм ХХК-д ҮХААЯ-аас үр үржүүлгийн лицензийн эрхийг олгох зэрэг асуудлыг шийдвэрлэж чадсан юм.
Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд, Засаг дарга Д.Тогтохсүрэн нар сар бүрийн эхэнд аймгийн сэтгүүлчидтэй уулзаж, өнгөрсөн сард хийсэн ажлын тухай мэдээллийг өгдөг уламжлалтай.
5 сарын 1-ний өдрийн тус уулзалтаар аймгийн Засаг даргаас төрийн үйлчилгээний шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй байгууллагуудын камержуулалт, вэб сайтны тухай болон худалдан авах ажиллагаа, хөдөө аж ахуйн салбар, дэд бүтцийн чиглэлээр хийж байгаа ажлын мэдээллийг өглөө. Мөн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 7032-1111 утсаар ирж байгаа иргэдийн санал, гомдлын шийдвэрлэлтийг мэдээлж, “Тус утсыг ажиллуулсан нь ихээхэн ач холбогдол бүхий ажил боллоо” хэмээн онцолсон юм. Худалдан авах ажиллагаа буюу сонгон шалгаруулалтаар гүйцэтгэх бүтээн байгуулалтын ажлын 80 хувийг ирэх 6 сард эхлүүлэх бөгөөд энэ зун Арвайхээр хотын инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийг бүрэн хийж дуусгах юм.
Хөдөө аж ахуйн салбарын хувьд газар тариалангийн ажил эхэлж, энэ хүрээнд үр тарианы үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх, мэргэжлийн тракторч, комбайнчдыг бэлтгэх, тариалсан үр тариа, ургацаа үер, мөндөрт цохиулахгүй байхын тулд урьдчилан сэргийлэх гэхчлэн олон асуудал тулгараад байгааг өгүүллээ. Мөн үлийн цагаан оготно хэт элбэгшсэнээс бэлчээр болон тариалалтыг сүйтгэх аюул тулгарч байгаа тул Хархорин, Хужирт, Өлзийт, Бүрд, Зүүнбаян-Улаан суманд үлийн цагаан оготнотой тэмцэх ажил эхлэх гэж байна.
Уулзалтаар ИТХ-ын дарга Г.Ганболд ИТХ-аар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл өгсөн юм. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнгөрсөн 4 сард 2 удаа хуралдаж, Алдарт эх одонгоор шагнуулах эхчүүдийн тухай, төрийн дээд шагналд уламжлах, 2013 онд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн нэрс, сургалтын зардлыг батлах, Эрсдэлээс хамгаалах сангийн ашиглалтыг сайжруулах, арга хэмжээний тухай, Арвайхээр хотын агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөр батлах, Сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, Эрүүл мэндийн хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөрийн тухай, Аймгийн 2012 оны төсвийн гүйцэтгэл, 2012 оны хөрөнгө оруулалтад аудит хийсэн дүнгийн тухай, Хаврын тариалалтын бэлтгэл ажлын тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аймгийн салбар хорооны дүрэм, төлөвлөгөөний тухай, комисст өөрчлөлт оруулах, Тээвэр авто замын газрын 2013 оны төсөв батлах, Нийгмийн даатгалын хуулийг хэрэгжүүлэх талаар зохион байгуулж байгаа болон хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох үйл ажиллагааны тухай зэрэг 12 асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэрүүдийг гаргасан байна.
Арвайхээр хотод орон нутгийн хөгжлийн хөрөнгөөр ногоон байгууламж нэмэгдүүлэх ажилд 25 сая төгрөг хуваариласан. Тус хөрөнгөөр Т.Намнансүрэнгийн нэрэмжит гудамжийг тохижуулах, 5 дугаар багийн 20 айлын орон сууцны гадна талбайд бичил ногоон зурвас байгуулах, Төв талбайн баруун талд байрлах Арвагар хээр морины хөшөө орчмыг тохижуулах, Хууль зүйн үйлчилгээний төвийн өмнө Цоодол арслангийн хөшөө орчмыг тохижуулах, Төлөөлөгчдийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн тохижуулахад зарцуулахаар төлөвлөөд байна.
Мөн Арвайхээр хотын Захирагчийн албанаас 5 дугаар сард “Өрх бүр-Нэг мод” аяныг өрнүүлж, мод бут суулгацын сургалтыг зохион байгуулж байгаа аж.